Tuesday, February 8, 2011

Шидэт шинэ жил-7

Яг тэр хоромд цаг хугацаа зогсчих шиг. Анир чимээгүй биднийг хүрээлэн, татгалзаж үл болом тэр харцанд би хүлэгдэж. Түүнийг үнсэн таалахыг, хорвоо дээр хоёулханаа мэт янаг дурлалын бал бурмыг амтлахыг тэсгэлгүй их хүслээ. Гэтэл энэ бүхэн жинхэнэ хайр дурлал мөн гэж үү? Үгүй бол үнэхээр би илбэ шид, хараал жатганд автаад ийм болчихсон юм болов уу? Хэрвээ тийм бол одоо энэ мөчид гэмгүй ариухан энэ бүсгүйг эзэмдэх нь даагдашгүй нүгэл болчих шиг санагдаад.


Жижигхэн биетэй хариугүй эмзэг турьхан түүнийг би чанга тэвэрлээ. Өөр зүйл хийчихээс айсандаа үсийг нь үнэрлэн чангаас чанга биедээ наан тэврэхэд бүсгүй аяархан мэгшин уйлж, нулимс нь мөрөн дээр минь шингэх нь хүртэл мэдрэгдэх шиг. Ахиад л бүсгүй хүний сэтгэлийн зовлонг дэндүү ойрхоноор ингэж мэдрэв.

Өөр хүүхэнтэй байсан, яалаа гэж надад ингэж хандана вэ, энэ олон жилийн амьдрал, хайр сэтгэл юу ч биш байсан гэж үү? Тэр ингэж үглэсээр эхэр татан уйлна. Уйлахад нь сэтгэлийнх нь гүнд хургасан гомдол шаналал миний биед нэвчих шиг гашуун зовлонтой.

-Би хүний хайр татахааргүй хүүхэн гэж үү? Чи хэл дээ. Надад хүн дурлахааргүй тийм хүн юм уу?
- Яалаа гэж дээ. Чи үнэхээр дэндүү сайхан бүсгүй. Чамайг хайрлахгүй байгаа хүн жинхэнэ тэнэг.
- Тэгвэл тэр надад яагаад ингэж хандаж байгаа юм бэ? Би тэр хүнд ямар гэм хийсэн гэж, юугаар дутаасан гэж? Чи надад хэлээ өгөөч.

Надаас хариу нэхэн нулимс мэлтрүүлэх зөөлөн бор нүдэнд би хариу хэлж чадсангүй. Орчлонгийн ялдам сайхан бүхнийг шингээсэн үзэсгэлэн гоо цэцэг миний нүдэн дээр үнгэгдэн гишгэгдэж гомдоллон уйлахыг үзэх шиг. Дотор бачууран халуу оргиж, тэр мулгуу тэнэг эрийг болгож тавимаар, энэ бүсгүйн өшөөг авч өгөөд ухаан нь эргэж иртэл цохимоор. Уйлж уйлж тэр гар дээр минь унтаад өглөө. Нүүр нь нулимсандаа халтартсан ч сэтгэлийг минь улам булаах, өрөөлөөс харамлан хамгаалмаар үзэсгэлэнт бяцхан дагина.

Урьд нь би эмэгтэй хүний сэтгэл, гуниг зовлон, хайр сэтгэлийн тухай даанч багыг мэддэг байж. Үнэндээ би тэр хайр сэтгэлд итгэж ч байгаагүй юм чинь. Гэтэл хайртай хүндээ сэтгэлээ шархлуулсан эмэгтэйн амьдрал харанхуй нөмөрдөгийг дахин ингэж тод мэдрэнэ чинээ санасангүй. Аавыг явсны дараа ээжийн нүд яг л ийм гунигтай. Мартаад явчихсан хувцас, эд зүйлийг нь харж чадалгүй надаар гаргаж хаяулдагсан. Тэгээд дахин хүнтэй сууна гэхэд нь би ямар их дургүйцэж муу ээжийгээ хичнээн ч их зовоолоо доо.

Гуниг нулимс хоёртоо дарагдан нойрсож буй хөөрхий бүсгүйг сэрээлгүй сэмээрхэн өрөөнөөс гарлаа. Би тэнд байлаа гээд юуг ч өөрчилж чадахгүй. Эмтэрч гэмтсэн сэтгэлийг нь бүтэн болгож чадахгүй. Миний ингэж яваа ч эцсийн дүндээ сүлд модны солиорол шүү дээ.
Цэнэг нь дуусаад унтарсан утсаа гаргаж нэг хараад эргүүлж халааслан, үүрдийн хань болсон янжуураа асаан хөл татарсан шөнийн гудамжаар ганцаар алхлаа.
Саяхан орсон цас алхах бүр чахран дуугарч, сэтгэл үймрүүлэх бодлыг бага ч гэсэн сатааруулна. Мөнгөлжин, Алтжин, Нансалмаа, уулзаж амжаагүй байгаа Амина, дахиж уулзахгүй гэсэн Номингэрэл, орхиод гарсан Сайханзаяа. Хэнийх нь ч хувьд би хайрыг нь хүлээх эр хүн байж чадахгүй юм шиг итгэл алдраад нэг л сонин. Би бусдаас хайрыг авч л явсан болохоос эргүүлж хэнийг ч үнэн сэтгэлээсээ хайрлаж үзээгүй шүү дээ. Хэзээ нэгэн цагт хүний охин үрийг Номингэрэл шиг өнчрүүлэхгүй, Сайханзаяа шиг гомдоохгүйн тулд би жинхэнэ эр хүн байх ёстой.

Он гартал ахиад нэг ч шинэ жилийн баярт очихгүй гэж хатуу шийдлээ. Толгой дээр хуримтлагдсан асуудал хангалттай байхад дахиад нэмэхийг хүссэнгүй. Гэртээ ирмэгц ядарч туйлдсанаа ойлгон дэрэн дээр толгой тавингуут нам унтжээ.

Миний амьдралдаа хэзээ ч үзээгүй асар том гацуур мод. Би хамаг байдгаараа дээш өлийвч орой нь үл харагдана. Тэгтэл хөлийн чимээ дуулдан газар нүргэлэн доргилсоор гацуурын цаанаас нөгөө сахалтай өвгөн пар пар инээсээр гараад ирэв. Өвгөн ч гэсэн модноос дутахгүй аварга том. Палбигар монгол гутлаараа юу юугүй намайг гишгэх нь.

Өчүүхэн жаахан би амь зулбан зугттал “Наашаа наашаа” гэж нэг хүн намайг дуудаж байна. Авралын дуу гарах зүгт гүйе гэтэл ердөө хурдан гүйж болдоггүй. Өвгөн ч хурдан байна гэж жигтэйхэн. Гэтэл нөгөө дуу “Хурдан хурдан. Би чиний жинхэнэ хайр шүү дээ” гэж байна шүү. Би эцсийн хүчээ шавхан гүйтэл гүн хавцал руу уначихлаа.

Татвагасхийн сэрэхэд сэрүүлэг хангинаж байлаа. Он солигдоход хоёр гуравхан өдөр үлдчихсэн байдаг. Одоо гацуурын бараа харагдвал нүдээ аниад, өнөө бүсгүйчүүлийн хэнтэй нь ч уулзахгүй юм шүү гэж өөртөө амлаад гэрээсээ өөдрөг бодол дүүрэн гарлаа.

Ажлын нэг өдөр эхэлдгээрээ эхэлж, ажил дүүрэн оволзоно. Гэвч миний сэтгэлээс дурласан бүсгүйчүүд минь салж өгдөггүй. Завсар л гарвал инээмсэглэл нь, адтай инээд нь, хөөрхөн алаг нүд нь ээлжилж харагдаад зүрхээ хаданд хавчуулчихсан юм биш бачуухан. Яадаг юм ядаж Аминатай ганцхан удаа уулзаж үзэхсэн гэж ч бодогдох шиг.

“Болороо, хүн уулзъя гэнээ”. Надтай хэн уулзах гэснийг бодож ч амжилгүй үүдэнд хүрвэл тас хар үсээ улам ч гоё янзалчихсан, хацраасаа улаа бутруулсан үзэсгэлэн бүсгүй зогсож байлаа. Бараг л таньсангүй. Юу нь ч юм өөрчлөгдөөд тэр бүр залуужчихаж. Эмчийн цагаан хувцас, цаанаа л нэг гунигтай инээмсэглэлээ таягдаж хаяад ч тэр үү гайхам өөр болчихсон Нансалмаа надруу инээмсэглэн зогсоно. Нээрээ уулзах болзоогоо мартаад таг чиг болчихсон болохоор гайхах нь хэр биз.

Би ч түүнийг хармагцаа л бат хатуу шийдсэн бодол санаа хумхийн тоос болон сарниж, гэрэл цацруулан туяарах түүнийг хүнээс санаа зоволгүй тэврээд үнсмээр санагдлаа. “Чи чинь яагаад таг алга болчихов оо? Санаа зовоод ирлээ. Завтай бол өдрийн хоол хамт идэх үү?” Яаж би түүнд татгалзах билээ.

Хоол идэж суухдаа би тавагтай хоолондоо хааяа л нэг ам хүргэж түүнийг ширтээд л байлаа. Хараад хараад ханасангүй. Тэр үнэхээр хачин гоё болчихжээ. Шулуухан хар үсээ долгио оруулан зассандаа ч биш, бариу хар даашинз, сайхан хөлийг нь тодруулсан урт түрийтэй хар гутал өмссөндөө, эсвэл тод улаанаар уруулаа будсандаа ч биш дурласан учраас ингэж гэрэлтэж байгааг нь би мэдэрлээ. Хайр дурлал л түүний зүүрмэглэж асан гоо үзэсгэлэнг дуудан сэрээж ийм аз жаргалтай танигдамгүй өөр нэгэн болгочихож.

Надад хязгааргүй итгэж байгаа нь харцнаас нь илхэн. Хэдий түүнд би хайртай ч тэр итгэлийг дааж чадах болов уу гэхээс айлаа.


Дэлгэрэнгүй...

Wednesday, January 26, 2011

Шидэт шинэ жил-6

Хайртай бүсгүйнхээ гуниг дүүрэн харцанд сэтгэлээ зүлбүүлэн тэндээс гарахад зүрхэнд минь хүндээс хүнд чулуу дүүжилчихсэн аятай жигтэйхэн аягүй. Амьдрал бол жүжиг юм гэж хаа нэгтээ сонссон үг толгойд харван ороход, үргэлж өөрийнхөө амьдралын найруулагч байсан би гэнэтхэн засагдсан сүрлэг тайзан дээр нэг булангаас нөгөө булан хүртэл эцэж цуцталаа гүйн харайх хөөрхий нэг инээдмийн жүжигчин болсон шиг санагдана. Урьд нь би олон бүсгүйг яг ингэж сэтгэлийнхээ үүднээс хэнэггүйхэн үдэж байсан ч анх удаа өрөөлийн амьдралаас хөөгдөн гарах нь энэ.


Утсанд минь дуудлага, зурвас завсаргүй ирнэ. Нансалмаа, Алтжин, Амина, Мөнгөлжин гээд хэн нь байх нь ч хамаагүй. Миний тэнэгэрч гүйцсэн сэтгэл сүлд модны дор учирсан нөгөө гурван бүсгүйгээ хачин ихээр үгүйлнэ. Гэвч би хэн дээр нь ч очиж зүрхэлсэнгүй. Нэгээс салаад нөгөө дээр нь очиж юу ч болоогүй мэт тэврэн энхрийлнэ гэхээр Номингэрэлийн нулимстай харц зэмлэн хориод байх шиг. Мөнгөний эрхшээлээр харийн нутагт нөхөр нь яваагүйсэн бол амьдын хагацалд учирч дутуу тавилангаа нөхөж ядан амьдрахгүй л байсан даа.

Сэтгэлээр унах бүртээ зорьдог нэг газраа би бушуухан чиглэлээ. Үнэндээ надад гуних гутрах үе даанч цөөхөн тохиож байсан ч хааяа нэг энд ирэхэд амьдрал өрнөн буцалж, сонин содон бүх тохиодог гэхэд хилсдэхгүй. Олны мэдэх томоохон шөнийн клубын чанга хөгжмийн нүргээн, анивалзан гялалзах гэрэлд шар айраг шимэн дуниартан ганцаар суухдаа хайр сэтгэл, амьдралын тухай дахиад л эргэцүүллээ. Сүүлийн арван хэдэн жил огт бодоогүй зүйлсээ бодож эхэлсэн би хачин их хувирчээ. Гайхаж ч амжаагүй миний нүдэнд танил ягаан өнгө, жаахан эгдүүтэй мөртлөө галбир төгс бие, сэтгэл аргадсан зөөлөн харц. Би нүдээ арчин ахин дахин харсан ч андуурсангүй, үнэхээр тэр Сайханзаяа байлаа. Өчнөөн хойноос нь хөөцөлдөөд хүрч чадаагүй тэнгэрийн од шиг хол, өнгөт солонго шиг үл баригдам тэр бүсгүй яг миний өмнө бүжгийн талбайд зогсож байх юм.

Уусан жаахан шар айрагны халуун дорхоноо сарниж, Сайханзаяагаа дахиад хараанаасаа алдчих вий гэсэн би сэжиг төрүүлэмгүй сэмхэн тагналаа. Нөхөр нь лав эргэн тойрон байх шинж алга, харин найз нь бололтой гурван бүсгүйтэй байн байн дарс тулган хөнтрөх үзэгдэх нь миний дурлаж байсан ихэмсэг төрхтэй бүсгүй гэмээргүй өөр. Шөнийн клубт цаг анзаарагдамгүй түргэн өнгөрнө, өөдөөс нь үе үе ширтэх намайг Сайханзаяа биш найзууд нь анзаарсан бололтой бие биеэ нудран жиг жуг инээлдэж, надруу байн байн харцгаана. Тэр минь харин багагүй халамцсан янзтай, гэхдээ л найзууд шигээ улайм цайм аалигүйтсэнгүй. Надруу ганцхан удаа харахдаа харц тулгарчихаад сандарсан бололтой дахиж нэг ч харсангүй.

Гарахаар шийдсэн бололтой үүд чиглэх тэдний араас холгүйхэн би ч дагаад бослоо. Нэг найз нь түүнийг минь сугадчихаж. Тэгсэн мөртлөө л хааяа тэр минь хөл алдан ялигүй гуйвлана. Тэгэх тоолонд болдогсон бол очоод түшээд авмаар санагдах ч гурван галзуу хүүхэн халдаахгүй биз гээд зүрхэлсэнгүй. Өлгүүрээс хувцсаа авах гээд зогсож байтал нэг найз нь намайг чиглээд ирлээ. Өндөр гунхалзсан биетэй, нүдээ хэтэрхий ч гэмээр тод будсан энэ хүүхнийг хаа нэгтээ харсан ч юм шиг.

- Алив залуу гал байвал өгөөч....За баярлалаа. Ингэхэд чи Сайханаагийн араас гүйгээд байгаа нөгөө залуу мөн биз дээ?
- Гүйсэн гэж ойлгосон ч яахав дээ.
- За гомдоогүй биз дээ гэснээ тас тас хөхрөхөд амнаас нь архины эхүүн үнэ сэнхийнэ.
- Чи битгий юм бодоорой. Би тэр шинэ жилийн баяр дээр Сайханаатай хамт байсан ш дээ. Тэгээд цаадах чинь өнөөдөр сэтгэл санаа нь их хэцүү байгаа. Өөрөө хэлэхээсээ санаа зовоод байх шиг байна. Үнэндээ чамтай л хамт байхыг хүсэж байгаа. Бид нар чамд найзыгаа найдаж болно биз дээ?

Итгэж ядан харах зуур минь тэр хүүхэн нэг мэдэхэд алга болчихсон, би халамцуу гэхэд багадахаар согтчихсон Сайханзаяаг таксинд аваад сууж байлаа. Хайртай хүнийхээ дэргэд байх хичнээн сайхан, итгэж ядам, хорвоо ертөнц тэр чигээрээ гэрэлтэж, хүн бүхэн сайхан санагдаж, сэтгэл зүрхэнд аз жаргалын гормон шахчихсан юм шиг хачин байдаг даа. Чамгүй согтсон хайртай түүнийгээ энгэртээ тэврээд таксигаар явж байхад нисч байгаа юм шиг жаргалтай.

Зочид буудлын орон дээр хэвтүүлээд, гутал, гадуур хувцсыг нь тайлчихаад хажууд нь жаахан гарыг нь атгаад харж суулаа. Тэр юу ч мэдэхгүй байх шиг, тэгсэн мөртлөө бүхнийг мэдээд байгаа ч юм шиг. Чимхчихсэн юм шиг жижигхэн өхөөрдөм хамар, амьсгалах бүр бумбайх хацар, намайг үнс гэх шиг эгдүүтэй уруулыг нь харавч ханашгүй. Гэвч эмэгтэй хүний өөрийгөө эзэмдэх чадваргүй энэ байдлыг нь ашиглавал арчаагүй эр хүн болох учир би явахаар шийдэн бослоо. Тэгээд гараа татаж авах гэтэл тэр тавьсангүй. Зөөлөн бор нүдээ нээн надаас аврал эрэх мэт харахад би ч орхиод явж зүрхэлсэнгүй.


Дэлгэрэнгүй...

Friday, January 7, 2011

Шидэт шинэ жил-5

Өнөөх л гайтай зул сарын яармаг худалдаа гэгч өнгийн гэрлээр халхавчилсан өөдгүй газрыг зорих зуураа өөртөө гарсан өөрчлөлтүүдийн талаар бага ч гэсэн бодож эргэцүүлэх цаг гарлаа. Өмнө нь ямагт тайван, хүйтэн байсан миний зүрх одоо гал шиг шатаж, ийш тийшээ үсчиж, цаг үргэлж хэн нэгнийг үгүйлж, уулзах мөчдөө ангам халуунд хүйтэн ундаа уух шиг таатай, сайхныг мэдрэх болсон. Юунд ч сэтгэл хөдөлдөггүй байсан надад энэ өөрчлөлт таагүй байгаа гэж итгүүлэхийг хүсэвч үнэндээ сэтгэлийнхээ гүнд таалагдаж байгааг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Гэтэл би гэдэг хүн ганц биеэ тэр олон бүсгүйчүүдэд хувааж чадахгүйгээс хойш эрт оройгүй илэрвэл шившгээ тарих энэ явдлыг үтэр түргэн зогсоох л ёстой.


Шийдвэр төгс миний бие яармаг худалдааны үүдээр хар хурдаараа гүйн ортол гялгар гөлгөр шалан дээр нь ар тагзаараа тас хийтэл саваад уначихлаа. Толгой манаран харанхуйлж гүн хар нүхэнд уначих шиг болоод арайхийн нүдээ нээвэл зурж будсан ер бусын том хоёр нүд намайг гайхан харж байх юм. Ахиулж харвал хүүхдүүдийг зугаацуулан хамт зургаа авахуулдаг оцон шувууны өвч баган хувцастай нэгэн байх аж. “Ах аа, зүгээр үү?” гэж хүүхдэрхүү нарийхан дуугаар өгүүлээд намайг татаж босгов. Дууных нь өнгөнөөс бодоход нас нь хориос лав хэтрээгүй бололтой.

Ар дагз аймшигтай янгинан өвдөж байсан ч ичсэндээ огт зүгээр мэт царайлж, харцаараа нөгөө айхавтар өвгөнийг хайсан ч тэр байсангүй.
- Энд сууж байдаг, мэргэ төлгө үздэг нэг өвгөн өнөөдөр хаачсан юм бол?
- Ямар өвгөн гэнээ?
- Яагаав дээ, картонон цаас бариад сууж байдаг, нэг тийм сахалтай өвгөн.
- Ёстой мэдэхгүй юм байнаа.
- Чи энд өдөр болгон байдаг уу?
- Өдөр болгон гардаг л даа. Гэхдээ тэр өвгөнийг харж байгаагүй юм байна.

Том памбагар өхөөрдөм оцон шувуу мөрөө хавчин толгойгоо сэгсрэхэд би урамгүйхэн үүд рүү эргэлээ. Ядаж нэрийг нь ч мэдэхгүй болохоор энэ их хотын хаанаас ч гэж хайх билээ дээ. Ядахдаа шинэ жил болтол орой бүр нэг ирж хайж үздэг ч юм билүү.

Өвгөнийг олж учрыг тайлж хужрыг тунгаах оролдлого бүтэлгүй болсон ч миний дурлалт бүсгүй Номингэрэл намайг гэртээ урьсан учир хөл газар хүрэхгүй түүнийгээ зорин очлоо. Хотын захад хоёр өрөө байранд гурван хүүхэдтэйгээ даруухан амьдрах бүсгүйн гэрээс миний амьдралд үгүйлэгддэг гэр орны халуун дулаан уур амьсгал, эмэгтэй хүний энгийн зүйлийг ч ер бусын болгох эгэлхэн ид шид шууд л мэдрэгдэнэ. Эгээ л би гэрийн эзэн шиг хойморт нь тухлан өнөөдөр эмээ өвөө дээр очиж хонож байгаа гурван хүүхдийнх нь зураг дүүрэн цомгийг сонирхох зуур Номингэрэл маань галын өрөөнөөс арааны шүлс асгаруулам амттай хоолны үнэр ханхлуулна.

Ийм амттай хоол хийдэг болохоор шаггүй жинтэй байх нь аргагүй л байх даа гэж бодонгоо хийсэн хоолыг нь амаа олохгүй идэх намайг тэр өхөөрдөн, булцгар гараараа магнайг минь илбэнэ. Ээж шиг халамжтай энхрий бүсгүй намайг байтугай дэлхийг бүхэлд нь багтаах уужуу цайлган сэтгэлтэй нэгэн бололтой. Амьдралынхаа тухай нуулгүй надад хүүрнээд, “Муу ханийгаа ингэж хуурч суудаг би ч муу хүн юм даа” гэнэ. Гэхдээ Солонгост “харлаад” бүхэл бүтэн долоон жил болж байгаа хүнийг хүлээн, бие сэтгэлийн ганцаардлаа давах амаргүй л байсан байх гэж би дотроо зөвтгөлөө.

Бүсгүй хүн гэгч цагаа тулахаар эрчүүд биднээс илүү сэтгэлийн тэнхээтэй, амьдралын ачааг даах нуруутай байдаг юмсанж. Жишээ нь би дан биеэ арчлах, амьдралын аар саар асуудал шийдэхэд жилийн гурван зуун жаран таван хоног гүйцэхгүй байхад энэ бүсгүй эр нөхрөө үгүйд гурвын гурван хүүхдээ ганцаараа өсгөж, гадаа гарч эр, гэрт орж эм болж явдаг. Муу ээж минь аавыг явснаас хойш яг л ингэж гунигаа нууж сэтгэлээ чангалж намайг өсгөсөн дөө. Ингэж бодохоор сэтгэл бүр ч уярч ямар ч үнээр хамаагүй энэ бүсгүйг жаргалтай болгомоор.
“Нөхрөө их санах юмаа. Даанч мөнгө гэдэг хүчтэй хойно”...Бүсгүй аяархан боловч дэндүү гунигтай санаа алдахад миний зүрх эмтрэх шиг л боллоо. Миний хайртай бүсгүй шанална гэдэг өөрийн минь зүрхийг зүүгээр шивэхээс долоон дор өвдөлт авчирдаг юм байна шүү дээ.

- Номингэрэлээ, чи дургүйцэхгүй бол хоёулаа сууя.

Амаа барьж амжилгүй хэлсэн бодлогогүй үгний минь хариуд тэр чин сэтгэлээсээ тачигнатал инээлээ.
- Яав аа, чи битгий намайг шоол л доо. Би хүүхдүүдэд чинь сайн аав байж чаднаа.
- Аав гэнэ шүү, өөрөө хүүхдээрээ юм байж. Ай, тэнэгхэн минь дээ. Би чинь эр нөхөртэй хүн шүү дээ. Түүнийгээ ирэхэд ар гэрээ би ингэж авч явлаа гээд нүүр бардам зогсож байх ёстой.

Хаалга хаах мэт хэлсэн эдгээр үгсийг дуулаад би хариу өгүүлэх гэвч чадсангүй. Түүний гунигтайхан боловч эрсхэн хэлсэн тэр үгэнд чин сэтгэл, харуусал, бас итгэл шингэсэн байж.
Өглөө гарахад амраг бүсгүй минь уруул дээр минь шуналтай гэгч нь нэг үнсээд, хацрыг минь өхөөрдөн чимхсэнээ, “Ахиж над дээр битгий ирээрэй. Гэхдээ чамд баярлалаа” гэж шивнээд хаалгаа хаачихлаа. Гэвч хаалга хаагдахын өмнөхөн ботгон хар нүдэнд нь нулимс дүүрсэн байсаан...


Дэлгэрэнгүй...

Wednesday, January 5, 2011

Шидэт шинэ жил-4


Дурласан хүнтэйгээ хамт байх, тэр тусмаа ухаангүй тэмүүлж байгаа хүн тань эргээд таныг сонирхож байгааг мэдрэхээс илүү жаргал юусан билээ? Ганцаардал, үл итгэл, бас итгэл найдвар нэгэн зэрэг хоргодсон Нансалмаагийн харцанд би гэх бяцхан ертөнц тэр чигээрээ живчихээд, амнаас минь өөрийн мэдэлгүй урсах хайрын үгэнд уярсан түүний зөөлөн гарыг атгаж суухад яг л зүүд шиг. Хаа нэгтээгээс хамгийн романтик гэгээн аялгуу эгшиглэж өнчин зүрх минь нөгөө хагасаа олсноо мэдрэн баясан цохилж....

Байз байз...Кино кадр шиг нүдний өмнүүр өөрийн мэдэлгүй урсаж байсан үзэгдлүүд Нансалмаагийн гэрийн гадаа гэнэтхэн зогсчихлоо. Дахин болзохыг зөвшөөрсөн тэр минь залуу жаахан бүсгүй шиг жавхаалаг хөнгөхөн дэгдсээр орцныхоо үүдээр ороод явчих нь тэр. Өмнө нь хэзээ ч анзаарч байгаагүй гэрэл түүнээс туяарсныг тэгэхэд л анзаарлаа. Хайр дурлал гэгч зүрх сэтгэлийг сэрээж аз жаргалыг ундраагч шидтэн ажгуу.

Ээлжит дурлалаасаа дөнгөж салсан надад хамгийн бага үеэл дүү буюу нагац эгчийнхээ хүүгийн цэцэрлэгийн шинэ жилийн баярт очих цаг болсныг сануулан утасны сэрүүлэг ууртай хангинав. Гурван настай өхөөрдөм жаахан дүү минь цэцэрлэгийнхээ баярт баавгайны дүрд тоглохоор баавгайны баг бүхий хувцсандаа түүртэж ядан түнтэгэнэн булангийн цаанаас цухалзах нь харагдах нь дэндүү өхөөрдөм. Цэцэрлэгийн багш настай авгай хүүхдүүдээ ээлж ээлжээр нь хөтлөн гаргаж, бяцхан жаалууд дуу дуулж, бүжиглэж, багшийнхээ царайг байн байн харан шүлгээ нам, чанга янз бүрийн дуугаар нэгнээсээ хоцорч түрүүлэн уншицгаахад эцэг эхчүүд өхөөрдөн инээлдэнэ.

Удаан хүлээсний эцэст дүү минь баавгайны алхааг л дуурайх бололтой эв хавгүйхэн баацганан удаан алхсаар гарч ирээд намайг нүдээрээ хайна. Аав ээжийгээ харсан хүүхдүүд шүлэг дуугаа уншдаггүй гэсэн шалтгаанаар бүх эцэг эхчүүд багтай ирэх даалгавар авсан учир дүү минь намайг таньсангүй. Удалгүй дараагийн дугаарт бяцхан туулайнууд гарч ирээд шүлгээ унших гэтэл хөөрхөн нэг бүжин үзэгчдийн суудалд суух аавыгаа хармагц царай нь хувиран “Аав аа, аав аа” гэж аавруугаа зүтгээд цаанаас нь татах багшдаа уурлан чангаар бархиран уйллаа. Багш авгай микрофоноо шүүрэн авч чангаар “Сайнбаярын аав аа, таныг баг зүүж ирээрэй гээд байхад баггүй ирчихээд хүүхдийнхээ мууг үзээд байх юм” хэмээн бачимдан өгүүлэхэд эцэг эхчүүд нир хийтэл инээлдэв. Яг тэр мөчид хажууд минь цангинатал инээх дуун анхаарлыг минь эрхгүй татсан юм. Угалз саатай гоёмсог багны цаанаас царай нь үл үзэгдэх ч хараажаар нас үе миний л ойролцоо байхаар бүсгүйг ажиглах завдал өгөлгүй цэцэрлэгийн шинэ жил өндөрлөлөө.

Ууттай бэлгээ задалж үзэх гэж яарах дүүгээ хөтлөн цэцэрлэгийн үүдэн зассан том сүлд модны дор аваачиж зургийг нь авах гэтэл түрүүхэн сонссон танил цовоо дуу “Би та хоёрын зургийг аваад өгөх үү?” гэлээ. Саатай багны цаана нуугдаж байсан хөөрхөн алаг нүд асуунгуй намайг ширтэнэ. Хөөтэй муу зүрх ахиад л дурлаж орхихыг би мэдсэн ч хориглох чадал байсангүй. Нас чацуу атлаа хүүхэд шиг гэнэн харцтай, дэггүй тэр бүсгүйг Амина гэнэ. Нэр нь хүртэл шүлэг дуу шиг яруухан, нээрээ л намайг гээд өдий хүртэл ганц биеэрээ явсан гэлтэй хясаанд нуугдсан сувд шиг ариухан бүсгүй. Над шиг л дүүгийнхээ баяр ирсэн түүнтэй сүлд модны дор ингэж би учирсан...

Утас, нэрээ солилцоод удахгүй уулзах болзоо тогтоод дүүгээ хүргэж өгөхөөр би хөдөллөө. Унтраачихсан байсан утсаа асаатал Номингэрэлээс хоёр, Нансалмаагаас нэг, Мөнгөлжингээс бүр таван зурвас, тус бүрээс нь нэжгээд дуудлага ирсэн харагдана. Мөнгөлжинг үл хайхран нөгөө хоёр бүсгүйн зурвасанд хариу яаран бичиж оройн хоолыг Номингэрэлийнд очиж зооглохоор, харин шөнийг Нансалмаатай өнгөрүүлэхээр тогтлоо. Харин маргааш нь шинэхэн дурлал Аминатайгаа уулзана. Ингэж бодохоос баяр хөөр гэдэг хөлийн улнаас зулай хүртэл дүүрэн хамаг бие халуу дүүгэх шиг. Дүүгийн минь шулганан ярих ч чихний хажуугаар өнгөрнө.

Миний амьдрал гэнэт хачин жигтэй, тодруулбал бусдын нүдэнд бол байж боломгүй самуунаар өөрчлөгдсөнийг дэлгүүрээс тамхи худалдан авах гэж дуу аялан орох хүртлээ би огтоос анзаараагүй байсан юм. Хэн нэгэн миний толгойг хэдэн зуун жингийн лантуугаар цохин мангууруулчихсан юм шиг өөрийн биш хүний амьдралаар амьдарч эхэлснээ ойлгох мөчид би тэр хүнсний супермаркет дотор зассан том ногоон гацуурыг анзаарлаа. Хэн нэгэнд дурлах бүрт минь яагаад ч юм гацуур мод үргэлж дэргэд байсныг тэр мод надад сануулж ухаанаа алдсан надруу ус цацан сэргээх шиг л боллоо.

“Шинэ жилийн сүлд модны дор учирсан бүсгүйдээ хайртай болно” гэсэн буурал сахалт өвгөний үг толгой руу хатгахад инээн дооглож байсан хачин үгс нь биелэлээ олсон нь орой руу минь орох шиг. Үнэхээр л ямар нэг шинэ жилийн үдэшлэг, тэр ч бүү хэл зүгээр л засчихсан байсан сүлд мод хүртэл намайг хажууд нь байж таарсан хэн нэгэн бүсгүйд дурлуулчихлаа гэж үү? Хэрвээ энэ онол үнэн бол одоо ч гэсэн энэ гацуурын дэргэд жигтэй явдал надад тохиолдож магадгүй гэсэн үг!

Итгэхийг хүсээгүй ч бас эрсдэл хүлээмээргүй санагдсан тул би тамхиа ч авалгүй тэндээс газар ширтэн яаран гарлаа. Гай болж бас нэг эмэгтэйтэй харц тулгарчихвал дурлачих ч юм билүү. Энэ удаа эмээтэй минь нас чацуу хүн байвал яана гэхээс төсөөлөхөөс ч аймаар. Машиндаа орж суугаад болж өнгөрсөн бүхнийг сайтар эргэцүүлэн бодвол нээрээ л намайг орхин гомдолтойгоор явж одсон өвгөний үгс биелчихжээ. Эсвэл хөлс мөнгө өгөөгүй гээд тэр өвгөн намайг хараачихсан юм болов уу?

Өнөөдөр 2010 оны арван хоёрдугаар сарын хорин долооны өдөр. Шинэ он гарах хүртэл ахиад бүхэл бүтэн дөрвөн өдөр дутуу байдаг. Гэтэл өнөө орой арван жилийн найзуудын шинэ жилийн нийллэг, маргааш манай байгууллагын шинэ жилийн баяр болох гэж байдаг. Ангийнхантайгаа уулзахгүй байлаа гэхэд ажлынхаа шинэ жилд иймхэн шалтгаанаар очихгүй байх гэж үү? Ядаж байхад бодох завдал өгөхгүй утас руу минь Мөнгөлжин, Номингэрэл, бүр Алтжин хүртэл залгахыг яана. Тэгсэн мөртлөө үнэхээр би Сайнзаяа, Номингэрэл, Нансалмаа, бүр Аминаг ч цаг үргэлж бодоод санаад уулзмаар санагдаад болохгүй нь галзуурмаар.

Нэг бол галзуугийн эмнэлгийг үг дуугүй зорих, үгүй бол нөгөө өвгөнийг олж энэ хэргийн ээдрээг тайлах хоёр л зам надад үлджээ.


Дэлгэрэнгүй...

Шидэт шинэ жил-3


Оны эцсээр дуусгах ёстой овоорсон их ажлын хажуугаар санаа сэтгэл минь нойр хоолгүй нөгөө л бүсгүйг санаж хүсэмжлээд болохоо байлаа. Яаж ийгээд түүнийг л гартаа оруулчихвал өдий хүртэл ганц биеэрээ явж бүсгүйчүүдийн ангууч байсны минь үр дүн ч болох юм шиг. Сүүлдээ өөрийгөө мэдрэл муутай амьтан шиг аяглаж байгаагаа ч анзаарав. Учир нь би Сайханзаяагийн утасны дугаарыг олж аваад дугаараа нууцлан залгаж танилцахаар оролдсоноор барахгүй, өөрийн мэдэлгүй хайрын үгтэй шүлгэлсэн зурвас утсанд нь илгээж, ажлын газрынх нь үүдэнд машинтайгаа зогсон отож хүртэл үзсэн гээч. Хэрэв тэгэхэд нөхөр нь гараад ирээгүйсэн бол би өмнө нь өвдөг сөгдөн гуйх байсан ч магадгүй л юм.

Удаах шинэ жилийн баяр ч удалгүй тохиож, харилцагч байгууллагынхаа шинэ жилийн баярт даргаа төлөөлөн шагнал гардуулах хүндтэй үүрэг надад тохиолоо. Олонд нэртэй том зочид буудлын танхимд зассан тайзны голд сүрдэм сайхан гацуур мод сүглийн өнгө өнгийн чимэг гоёл нь нүд гялбуулна.

- За ингээд шагналын эзэн бол....
Дугтуй шарчигнан дуугарч, цагаан цаасан дээр алтан үсгээр угалзруулан бичсэн нэр дурайтал тодорлоо.
- Номингэрэл.

Дунд зэргийн нуруутай, нэлээдгүй махлаг, инээхэд булцгар хацар нь эгдүүтэй хонхойх, гуч гаран насны бүсгүй нүүр дүүрэн инээмсэглэсээр тайзан дээр гарч ирлээ. Өмнө нь байсан бол би түүнийг нүднийхээ булангаар ч тоож хялайхгүйн зэрэгцээ “тарган, бүдүүн” гэж гоочлох байсан биз. Гэтэл би харцаа түүний хашийн цагаан шүд, сэтгэл булаам инээмсэглэлээс нь салгаж дийлсэнгүй. Миний зүрх хороо цэрэг алхах шиг түчигнэн, балмагдсандаа шагналаа гардуулахаа ч мартаж орхиж.

Нэг л мэдэхэд шагналаа ч гардуулж, бүжгийн ая эгшиглэн би уригдсан ширээндээ ундаа нэг амьсгаагаар залгилан сууж байх юм. Би харцаараа нөгөө бүсгүйг, өнөөх инээмсэглэлийг л хайна. Хачин юм, анхны харцаар хайрлана гээч нь энэ юм байх даа. Энэхэн зуур би уржигдархан учирсан Сайханзаяагаа ч ор тас мартаж ганцхан Номингэрэлийн гараас л атгамаар, сэтгэл зүрх үүлэн дээгүүр хөөрөөд өөрөө ч ойлгохгүй мэдрэмж эзэмджээ намайг.
Номингэрэл гэвч надаас Сайханзаяа шиг зугтаасангүй. Би түүнтэй хялбархан танилцаж шинэ жилийн баярын вальсын тансаг аялгуунд хөлөө эцтэл бүжиглэлээ. Энэ бүхэн яг л зүүд шиг. Түүнийг тэврэхэд бэлхүүс нь миний болздог туяхан бүсгүйчүүд шиг нарийхан биш байсан ч би тоох сөхөө байсангүй. Би жаргалтай байлаа.

Тэр надаас найман насаар эгчмэд. Мөн л нөхөртэй, гурвын гурван хүүхэдтэй. Гэвч нөхөр нь одоогоор Солонгост ажиллаж байгаа учир нөхөргүйтэй л адил гэнэ. Энэ өөрийнх нь амнаас гарсан үгс л дээ. Тэр урин тачаангуй, эвлэгхэн, гал шиг л халуун бүсгүй. Гэрт нь хүргэж өгөхөөр байрных нь гадаа ирээд суудлынх нь бүсийг тайлж өгөхөөр ойртсон намайг шуудхан л барьж аваад янаг дотноор озон озон үнсэлцлээ. Могой мэт мурилзан гулсах чадамгай хэл, дуунд гардаг шиг тийм ч гоолигхон биш атлаа надад учиргүй таалагдсан зөөлөн бие нь...Машины цонх цантан бидний ухаангүй явдлын гэрч болох сониуч оддыг харанхуйлжээ.

Гэртээ харьсан хойноо юу хийснээ ойлгох гэж хэсэг бодлоо. Хар тамхинд мансуурсан хүн шиг өөрийнхөө ухаан бодлыг ч ойлгох юм үгүй болчихож. Хамгийн хачин нь миний сэтгэл Сайханзаяад ч Номингэрэлд ч яг л адилхан тэмүүлэх юм. Урьд нь нүдээ анихад нэг л хүний төрх тодордог байсан бол одоо бүр хоёрын хоёр бүсгүй үзэгдээд салахаа байлаа. Ер нь мэдрэлийн ядаргаа энэ тэр нь, үгүй бол гомдоож уйлуулсан олон бүсгүйчүүдийн хараал туссан аль нь болохыг ойлгох ч юм алга.

Маргааш өглөө босонгуутаа даргадаа утас цохин чөлөө гуйж, зүс таних эмч бүсгүйг зорив. Шөнөжингөө нөгөө хоёр бүсгүйг ээлжлүүлж нэг, эвдрэлцүүлж нэг зүүдэлсээр амарч чадаагүй миний нүдэнд хар хүрээ татчихаж. Улсын эмнэлэгт ажиллахын зэрэгцээ хувийн эмнэлэгтээ зав гарган захирлын албан хаших миний танил эмч бүсгүйг Нансалмаа. Нансалмаа дөч насыг дөнгөж шүргэж яваа ганц бие хүчтэй эмэгтэй. Хүүхэд гаргаагүй болохоор ч тэр үү эвдрээгүй цэгцхэн биетэй, харцанд нь амьдралын ачааг ганцаар үүрч явааг илтгэх зориг тэвчээр нуугдаж байдаг, урт хар үсээ задгайлах дуртай, заримдаа муухан эр хүнээс дээр эршүүдхэн зантай тийм л бүсгүй.

Хувийн эмнэлгийнхээ өрөөнд захирал бүсгүй дэгжин хөөрхөн бяцхан гацуур засчээ. Дээр нь бас ч үгүй хүмүүс мөнгөн дэвсгэртүүдийг өнгө өнгөөр тавьчихаж. Эрүүл мэнд гэдэг орчин үед хэн хүний л санаа зовох асуудал болсныг өнгөжиж өөдөлж яваа энэ эмнэлэг, бас энэ гацуур ч илтгэх шиг. Надад кофе найруулж өгөхөөр түр гарсан байсан Нансалмаа орж ирэхэд би бодлоосоо сэрлээ.

- За кофе уу. Гараа гаргаж чаналаа шүү.
Ингэж хэлээд тэр хэзээний гал цогтой янзаараа тас тас хөхөрлөө. Шулуухан хар үс нь нарны гэрэлд гялалзан, үрчлээтээгүй гоолигхон хүзүү нь цайран ялгарч үнсээд авмаар үзэсгэлэнтэй. Бурхан минь миний юу болохоо байсныг бүү мэд. Тэрхэн мөчид Нансалмаа надад урьд хожид байгаагүй үзэсгэлэн төгөлдөр дагина болж үзэгдлээ. Гайтай муу зүрх дахиад л савлан цохилж цээжиндээ багтахаа байх нь.

- Ямар асуудал гарсан гэлээ?
Эелдэгхэн асуух дуу нь горхины урсгал мэт намуухан атлаа тайвшрам, хариу хэлэхээ мартсан намайг тэр гайхан харна.
- Надтай болзооч.

Очиж очиж ийм л үг миний амнаас гарсан гэхээр газар доогуур орчихмоор. Үгүй ядахнаа өдрийн хоол хамт идье гэж болох л байсан даа. Эмч бүсгүй гайхсандаа лавшруулан асууснаа үл итгэсэн байртай ахин хараад эвтэйхэн татгалзах гэж оролдов. Өөрийн ухаанаа алдсан би шууд л өмнө нь сөхөрчихлөө. Намайг далдаас нэг хүч удирдаад ч байгаа ч юм шиг, үгүй бол миний дотор өөр хүний сүнс орчихоод бие сэтгэлийг минь захираад ч байгаа гэмээр, нэг бол миний өөрийгөө хянах хяналтын систем ажил хаячихсан ч гэх үү.
Гайхаж мэгдсэн Нансалмаа юутай ч надтай үдийн зоог барихаар зөвшөөрлөө. Галзуу согтуу амьтан гэж айсан ч юм уу, үгүй бол үнэндээ нууцхан ганцаардсан сэтгэлдээ хөтлөгдсөн ч юм уу миний урилгыг юутай ч хүлээн авах нь авлаа.


Дэлгэрэнгүй...