Friday, November 26, 2010

Алтанболор


Ширээн дээр алтан утсаар угалзруулан бичсэн үсэг бүхий гоёмсог дугтуй хэвтэнэ. Үзүүрт нь хүрвэл шувуу адил нисчих юм шиг санагдах дугтуйнд Билгүүн гараа ойртуулж ч зүрхэлсэнгүй. Дотно найзынхаа хуримын зарыг аваад баярлаж, өмсөх хувцас, өгөх бэлгээ бодох ёстой байтал чадсангүй. Хоолой дээр нь нэг л том зүйл тээглэчих шиг болоод, чухам юу хийх, юу бодох ёстойгоо ч ойлгосонгүй, дэмий л суусаар. Нүднийх нь өмнүүр цаг хугацааны хүрд эргэлдэх шиг болоход арван жилийн өмнөх тэр үедээ очлоо.

Тэгэхэд хаврын анхны нахиа дэлгэрч, залуу нас амьдралыг угтан мишээж байсан санагдана. Бүх юм гэгээлэг, өнгөлөг атлаа бүдэгхэн тэр цагт уйтгар гэж огт байгаагүй. Билгүүн ангийнхаа хамгийн царайлаг, охидын хараанд өртсөн, бусдыгаа тэргүүлэгч нэгэн байлаа. Ангийн төдийгүй сургуулийн охид мэр сэр сэтгэлээ илчилж, сэтгэлээ далд нууж явдаг нэг нь ч сэмхэн талтай байдийг Билгүүн сайн мэддэг байсан. Гэхдээ түүний сэтгэлд тэдний нэг нь ч нийцэж байгаагүй. Хэнд ч нүүр өгч үерхэж нөхөрлөөгүй нь охидын сэтгэлийг улам татдагийг тэр бас л мэддэг байсан.

Харин тэр үед Алтанболор ангийнх нь найз байсан. Зүгээр л найз. Заримдаа муудалцаж, дорхоноо эвлэрч, хичээл ороход урд нь суудаг байсан жирийн л найз. Тэр дундаа Алтанболорт олноос онцгойрох зүйл байсангүй. Охид өндөр өсгийт, уруул өнгөлөгч, богино банзал сонирхож эхлэхэд зүгээр л урт гэзгээ хоёр салаа сүлжчихээд эрэгтэй хүүхэд шиг хэнэггүй хувцасладаг түүнийг хэн ч анзаарч байгаагүй. Билгүүн ч анзаараагүй.

Салхи шуурч байсан хаврын нэг өдөр хамгийн сайн найз нь Билгүүнд хачин зүйл дуулгажээ. Тойруулж тогшуулж байсаар нэг охин түүнд их л сайн гэдгийг хэлээтхэв.Хачирхалтай нь тэр нь Алтанболор байж. Хэзээ ч эмэгтэй хүн гэсэн нүдээр харж байгаагүй тэр охин түүнд сайн гэсэн нь нэг л хачин. Билгүүн юу гэж хариулахаа мэдсэнгүй учир, яриаг дүйвүүлээд өнгөрөөлөө. Маргааш нь анги дээр ирэхэд Алтанболор ангийн буланд дэвтрээ шагайгаад ширээгээ дэрлэх шахам наалдчихсан сууж байлаа. Үнэндээ өөрийг нь хараад нуугдчихсан юм шиг Билгүүнд санагдсан ч тэр тоосонгүй, анзаараагүй мэт өөр ширээнд очиж суулаа. Ардаас нь хэн нэгний харц цоолох мэт төөнөхийг мэдрэвч эргэж харж зүрхэлсэнгүй, яагаад ч юм тэр охины өмнө буруутай ч юм шиг, үгүй бол түүнийг өрөвдсөндөө ямар нэг сайн зүйл хийх ёстой юм шиг санагдсан.

Юм л бол өөдөөс нь үг сөрж байдаг Алтанболор тэр өдрөөс хойш түүнтэй юм ярихаас зайлсхийдэг болчих шиг. Тэглээ гээд Билгүүн өөр дээр нь очиж шалтгааныг асууж зүрхэлсэнгүй, гэвч дотроо энэ бүхэн тэр өдрийн явдлаас болсон гэдгийг ухаарна. Хэнийг ч өөртөө халгаадаггүй байсан бардам боловч даруухан Алтанболор тэр өдрөөс хойш хачин түргэн өөрчлөгдлөө. Намирсан урт шаргал үсээ тайруулж, хөвгүүдтэй болзож, буланд зогсоод тэдэнтэй аалигүйтэн тас тас хөхөрч, мэр сэр хэн нэгнийг сугадаад түүнтэй тааралдаж...Гэнэтхэн өөрчлөгдсөн охины тухай ангийнхан нь жиг жуг хийхийг сонсоход Билгүүний чихийг халуун төмрөөр хайрах шиг болно. Сэтгэл нь амар тайван бус үймэж, тэр яриаг зогсоох гэж оролдоно.

Сургууль төгсөх хавар. Ахиад л шинэ хавар, моддын нахиа шинээр дэлгэрч, шинэ амьдрал хаа нэгтээ эхэлж...Арван жилийн сургуулиа сүүлийн удаа харах хөвгүүд охид сургуулийнхаа гадаа үймэлдэн, бага ангид тоглодог байсан тоглоомуудаа тоглон шуугилдацгаана. Зарим нь дээс, зарим нь черта, нэг хэсэг нь баавгайн чих, үлдсэн нь үг дамжуулж байхад буланд нэг охин ганцаарханаа сондгойрон зогсохыг Билгүүн анзаарлаа. Тэднийг гунигтай, эсбөгөөс атаархангуй ширтэх охины зүг Билгүүн алхлаа. Тэр мөчид цаг хугацаа зогсох шиг болж өөрийнх нь алхах чимээ л чихэнд нь дуулдана. Хөвгүүн түүний дэргэд хүрээд гараа сунгаж, өгч ядан тээнэгэлзэх гараас нь хөтлөн тоглон хөөрөх нөхөд рүүгээ зүглэлээ. Тэднийг хэн ч анзаарсангүй, гэвч хос зүрхний цохилт нэгэн хэмээр дэлдэнэ. Тэр нэг л мөчид охины гараас атгахдаа Билгүүн түүнд өгөх ёстой байснаа өгсөн ч юм шиг ахин түүний өмнө буруутан байхгүй юм шиг санагдсан...

Аравдугаар ангиа төгсөөд тэдний зам зүг зүг салан одлоо. Алтанболорын тухай ахиад Билгүүн сонсоогүй. Харин таван жилийн дараа ангийнхаа цугларалтан дээр түүнийг ахин харжээ. Нугасны муухай дэгдээхэй хун болж гэж шивэр авир хийх дуунаар ухаан орвол танихын аргагүй туяхан бүсгүй гараа сунган инээмсэглэж байлаа. Жижигхэн зөөлхөн тэр гарыг хоёр дахь удаагаа Билгүүн тэгэхэд атгажээ. Үнэхээр тэр нүд алдам сайн бүсгүй болж. Энэ мөчид Билгүүний хөлдүү зүрх амь орон гэсэх шиг болж, үе үехэн түүний тухай бодох болсон. Гэвч нэг удаа хариу өгөөгүй гомдоочихсон тэр зүрхэнд ахин халдах зориг байсангүй.
Харин энэ өдөр гэнэтхэн түүний нэрийг дарамласан хуримын урилгыг хүлээн авчээ. Зүрх нь юунд ч юм гуниглан, юу нэгийг аваад явчих шиг эзгүйрэх нь хачин. Тийм гэж тодорхойлж чадахгүй шижмээр зүрхэнд нь холбогдох тэр бүсгүйн хуримын зар юунд ингэж үймрүүлэн буйг бодоод ч ойлгосонгүй. Өөрөө ч хүлээн зөвшөөрөөгүй атлаа сэтгэлдээ түүнийг бодсоор явсан гэж үү? Энэ хуримын урилга дээр өөр хүний биш, түүний нэр ч байж болох л байсан. Харин одоо дэндүү оройтсон.

Гэвч нэг л мэдэхэд гэрлэх ёслолын ордны үүдэнд цагаан цамц, мөнгөлөг саарал хослол, гялалзсан ботинк, эрвээхэй зангиа зүүчихээд байдгаараа гоёчихсон, энэ өдрийн гол хүн сүйт хархүү юм шиг л догдлох зүрхээ аргадан зогсож байлаа. Элдэв цэцэг, шаар, хүүхэлдэйгээр гоёсон машинаас цав цагаан даашинз, гивлүүртэй бүсгүй бууж ирэхэд, ургах нарны алтан туяа түүний араас гэрэлтүүлэн тусахад, Алтанболор яг л алтан нарны цацраг өөрөө юм шиг өгүүлэшгүй үзэсгэлэн төгөлдөр. Өөрийг нь чиглэн алхах бүсгүйг бахдан ширтэхэд ам нь хатан, хоолой нь аргаж, алга нь хөлрөн, цээжинд нь бөмбөр дэлдэх мэт түчигнэнэ. Яг л энэ мөчийн төлөө өдий хүртэл гон бие гозон толгой явсан мэт санагдахуй зүрх сэтгэлийнх нь гүнд нуугдаж асан хайр ухаан сэхээ ортол нь цээж дүүрэн амтагдах шиг. Дагина мэт өгөөмөр инээмсэглэх бүсгүй гараа даллан мэндлээд өөр нэгнийг сугадан гэрлэх ёслолын ордон руу орчихлоо.

Билгүүн баяр хүргэе гэж сулхан дуугарахад өөрөө ч сонсомгүй дууг нь олж сонссон ганц хүн болох Алтанболор эргэж харлаа. “Баярлалаа” гэж инээмсэглэхдээ харцаараа нэгийг өгүүлэх шиг. Сүйт бүсгүйн баяр хөөр дүүрэн харцанд гунигийн хун буугаад нисэх шиг.
Ирээдүйн амьдралаа аз жаргал, ерөөл баяраар дүүрэн угтах хос залуусыг харахад “Энд би зогсож болох байсан. Алтанболорын гараас би атгаад зогсох байсан” гэж бодох бүр залуугийн зүрхээр хатгуулах шиг өвдөнө. Инээх гэж өөрийгөө хүчлэвч чадсангүй. Харин дурсгалын зураг татуулж зогсоо Алтанболор өөрийг нь сэмхэн нэг харахыг анзаарчээ. Билгүүн хэнд ч юу ч хэлсэнгүй тэндээс гарлаа. Хэтэрхий их догдлол, харуусал, бас бүсгүйн өмнөөс баярлах холилдон, өдий хүртэл өөрийгөө хэтэрхий их хайрласан зүрх нь энэ их сэтгэл хөдлөлийг дааж чадах эсэхэд нь эргэлзсэндээ тэгсэн ч байж мэднэ.

Гадаа гарахад нар урьдын адил тэр бүсгүйн үзэсгэлэн адил өгөөмөр мишээж байлаа. Ирсэн хэргээ бүтээсэн хүн шиг нуруугаа цэхлэн, хараа дээгүүр машинруугаа алхлаа. Ердөө Алтанболорын ганцхан харцны төлөө энд ирсэн юм шиг, нэг л амгалан, нэг л сэтгэл хангалуун. Эсвэл яагаад ч юм түүний өмнө өртэй мэт санадаг байснаа одоо төлчихсөн ч юм шиг. Энэ бүхний эцэст хэзээд Алтанболорын анхны хайр хэвээр үлдэхээ ухаарсан болохоор ч тэр байж магадгүй. Ямартай ч сэтгэлдээ тээж явсан бүхнээ тэнд үлдээчихээд гарах шиг санагджээ. Зүрх сэтгэлд хайр хэзээ ч өтлөшгүй билээ.


Дэлгэрэнгүй...

Wednesday, November 17, 2010

Татар ажиллагаа үзсэн тухай


Бас л гэрэл унтарчихсан хойно кино театрын танхимд урдах замаа харахгүй тонголзон бүдчин явж орлоо. Кино хэзээний эхэлчихсэн, үзэгчид өмнөх дэлгэцэндээ анхаарлаа хандуулсан, бүхний харц тэр нэг цэгт. Эгнээ суудлаа олох гэж хэдэн секунд лав алдлаа, арайхийж олоод очиход өөр хүмүүс суучихаж. Бас л хэл ам болох вий гэж эмээж байтал санасанаас хөөрхөн ааштай, тэр дундаа хүн болгон шахам ууртай, яхир хахир зантай болсон өнөө цагт ховордсон эелдэгхэн охид бидний суудлыг олж өгөхөд, чөлөөлөхөд тусалснаар нэг юм суудлаа эзэлж, гадуур хувцсаа нимгэлж санаагаа амраав.

Киноны нэр “Татар ажиллагаа”. Сурталчилгаа нь цацагдаад удсан ч үзэж амжаагүй, үнэндээ тэгтлээ үзэхийг шамдаагүй ч нэг оройг аятайхан өнгөрүүлье гэж сонгож үзсэн нь энэ. Танхим битүү үзэгчидэй байлаа. Энэ нь магадгүй тасалбарын үнэ 50% хөнгөлөгддөг Лхагва гаригтай холбоотой байж мэдэх.

Үзэхийг завдаж буй хүмүүсээс хүлцэл өчин үргэлжлүүлэхэд, киноны үйл явдал банк дээрэмдэхийг зорьж буй дөрвөн залуугийн тухай. Бидний мэдэх дуучин Амархүү, охин нь хүнд өвчтэй, мөнгөний хэрэгцээ их байгаа ч ажлаасаа халагдчихсан банкны ажилтан асан залуу Тайванаа. Жүжигчин Эби бол Тайванаагийн “хар” багын найз, боксчин байсан ширүүн төрхтэй, адал явдалд дурлагч (кинон дээрх дүрийн нэрийг даанч мартчихаж). Охиныхоо хагалгааны мөнгийг олж чадахгүй шаналж, эхнэртээ ажлаасаа халагдсанаа хэлж зүрхлээгүй Тайванаа багын найз дээрээ шил юмтай ирснээр, архины халуунд Тайванаагийн ажилладаг байсан банкинд буй эзэн нь тодорхойгүй 1200 долларыг дээрэмдэх “Татар ажиллагаа” төлөвлөгдөнө.

Хоёулханаа дийлэхгүй том төлөвлөгөө учир орос цустай, машин техникийг гарын арван хуруунаасаа илүү мэднэ гэгдэх Коля, банкны сейфний кодыг тайлах компьютерын мэргэжилтэн болох Гялбаа нарыг элсүүлснээр дөрвүүл болж авна. Гялбаа нь бидний мэдэх Номинталстын Батсүх. Цаг минутаа нарийн төлөвлөж сэдсэн дээрмийн ажиллагаагаа толгойдоо бүгд өөр өөрийнхөөрөө сүржнээр ургуулан бодож, ам тангаргаасаа няцахгүй хэмээх зуураа Татар ажиллагааныхаа хавтаст хэргийг шатаах гэж байгаад Колягийн гараашийг шатаасан ч тэр дөрөв шантрахгүй. Төлөвлөгөө энгийн.

Банк хааж, ажилтнууд таран хоёр хамгаалагч, нарийн бичгийн дарга бүсгүй (загвар өмсөгч Одгэрэл), бас нягтлан ч билүү нэг авгай үлдэх цагт дээрэм эхлэнэ. Үүний өмнө Тайванаа, Эбигийн хамт зэвсгээ худалдаж аваад, Коля машин хулгайлж тэднийг аван, компьютер сэлтээ бэлдээд хүлээж буй Гялбааг нэгтгэн банк руу очих ёстой. Банк руу эхлээд Гялбаа орлоо, хамгаалагчийг саатууллаа. Араас нь Эби орно. Тэгээд Тайванаа. Гурвуул хамгаалагч нарыг аюулгүй болгож, мөнгийг аваад салхивчаар шидэхэд Коля гадаа тосон авч, машиндаа аваачина. Коля тэднийг таван минут л хүлээх ёстой.

Гэтэл бүх зүйл инээдэмтэйгээр буюу тэдний сүржин төлөвлөгөөнөөс даанч даржин байдал руу эргэнэ. Энэ хэсэгт би нэг юм инээсэн. Үүнээс өмнөх хэсгүүдэд хүмүүс инээлдэн, арын суудалд суусан эрчүүд чанга чанга дуугаар ярилцан хөгжиж байсан ч надад тийм сэтгэгдэл төрөөгүй болохоор өөрийгөө мэдрэх чадвараа алдчихаж гэж бага зэрэг эмээж суув. Дээрмийн хэсэг бол үнэхээр инээдэмтэй санагдсан, бас таалагдсан. Гэм нь дэндүү богинохон өрнөх шиг санагдсан. Банк дээрэмдэж чадаагүй ч буруу гарын мөнгөтэй цүнхийг банкны ажилтан цонхоор шидсэнийг Коля төлөвлөгөө ёсоор салхивчаар унасан цүнх гэж эндүүрэн авч явснаар залуус мөнгөтэй болдог. Мэдээж банк дээрэмдэх гэж орсон гурав маань хамгаалагч нартай хөзөрдөж байсан цагдаа нарт зодуулаад, зодолдох гэж оролдоод өнгөрнө. Баривчлагдаад гарсан гурвыг цүнх дүүрэн мөнгөтэй Коля хүлээж байна. Амар сайхандаа жаргав. Үзэгчдийн хагас нь тэр үед бас алгаа ташсаныг хэлэхгүй өнгөрч болохгүй.

Миний хувьд кинонд “дажгүй” гэсэн үнэлгээ өгнө. Ер нь сүүлийн үед үнэхээр ам ангайлгасан гайхалтай монгол кино үзээгүй гэдгээ ч шударгаар хэлнэ. Дандаа нэгнийхээ хийсэн юмыг муучилдаг монголчууд гэж ярьдаг ч бас болсон болоогүй зүйлийг нүдээ анин өнгөрүүлж, сохор балайгаар гоё сайхан гэж алгаа таших нь сайн зүйл биш байх. Ололттойг нь сайшааж, тааруу болсон бол үнэн шүүмж өгөх нь муучлахад тооцогдохгүй байх. Олон кино хийгдэж байгаа нь сайн хэрэг. Гэвч өрсөлдөөн дундаас чанар нь сайжирч, яван чангарах болтугай гэж ерөөе.


Дэлгэрэнгүй...

Tuesday, November 16, 2010

Нүцгэлэх гэж үзлээ сэтгэлээ


Блог дээрээ хувийн амьдралаа бичихгүй гэж нэг айхтар явдлын дараа их хаширч билээ. Дандаа сэтгэл сайнтай хүмүүс байх юм шиг хөөрч байсан тэр үедээ дотроо юу бодогдож байна бүгдийг л уудлаад хамаагүй биччихдэг байж. Номоо гаргаагүй, нэр усаа зарлаагүй байсан болохоор freestyle гэсэн ай-ди-ны ард нуугдаад эрх чөлөөтэй хашгирдаг байжээ. Одоо бол гэр бүлийнхэн, ах дүү хамаатан, найз нөхөд, ажлынхан гээд уншихгүй хүнгүй болохоор юу хамаагүй бичих хэцүү, бичихгүй болохоор хэл загатнаад байх нь хэцүү.

Особу гээд залуугийн бичлэгүүдэд би нэг сэтгэл алдарч байсан юм. Нэг бичлэг уншаад л шууд амтанд нь ороод, салж чадахгүй, ажил дээрээ сэмхэн бүх архивыг нь ухаж байлаа. Уншаад л, заримдаа инээгээд, зарим хэсэгт нь сэтгэл шимшрээд уйлж хүртэл байсаан, нуух юун. Яагаад ч юм өөрийнхөө бичлэгүүдийг тэндээс уншаад байх шиг сонин санагддаг, одоо ч хэвээрээ.

Өчигдөр мань хүн хайрын захиа гэсэн бичлэг нийтэлчихэж. Уншаад бас л дотор тайван аажуу байсан бүхэн үймчихлээ. Нэг л сонин догдлол, нэг цагт намайг эзэлж байгаад мартагдсан догдлол бүхэн эргээд ирэх шиг. Цонхоор нь нүцгэн ч хамаагүй модод харагддаг кафед суугаад цай уунгаа сэтгэлээ намайг өөр шиг минь ойлгодог хүнд уудалмаар. Зүгээр л дэвэн дэлхийн юу хамаагүй хамж шимж ярьж, инээлдэж хөхөрч, ямар ч илүү дутууг бодолгүй суумаар санагдсан. Өөрөө ч мэдэлгүй сэтгэлдээ нүүр тулаад инээж суух, тэгэхдээ намайг над шиг ойлгох найзаар дутсан ч юм билүү.

Хүнд сэтгэлээ нээхдээ маруухан хүн дээ би. Өрөөлийг ойлгож дэмжиж урамшуулах дуртай мөртлөө өөрийнхөө сул талыг хүнд харуулчих вий, хэн нэгний мөрийг дэрлээд уйлчихаасаа айгаад байдаг юм. Тэгж нээлээ гэхэд нөгөө хүн маань ойлгохгүй байх вий гэдэг л хамгийн том айдас. Сэтгэлийн нандин бүхнээ дэлгээд өгүүлж байхад эсрэг этгээдийн нүд хоосон, хайхрамжгүй, зүгээр л өрөвдсөн ойлгосон дүр үзүүлэхийг яарч байхыг харах гунигтай. Яг л миний дотроос цойлон гарсан шувуухай чулуун хана мөргөчихөж байгаа юм шиг. Тийм ч болохоор өөртэйгөө л ярилцаж, өөрийгөө л сонсож, өөртөө зориг нэмж суух нь цөөнгүй.

Гэвч мохох цагт ирлэдэг, гуйвах цагт түшдэг цөөн хэдэн хүнийг сэтгэлдээ хайрладаг, нандигнадаг, миний сэтгэлийн хамгийн нандин гэх бүхнээ хадгалдаг хэсэгтээ ангилаад оруулчихсан. Тэр хүмүүсийн төлөө бол би бүтэшгүйг ч бүтээж, өөрийгөө зориулна. Нэг итгэж хайрласан хүнийхээ төлөө үхэн хатан зүтгэж чадах ч нэг л удаа итгэл алдчихвал эргээд уучилж чаддаггүй миний сул тал...

Зарим нөхөд минь надаас ямх ямхаар холдсоор байгааг мэдрэхээр хөнгөхөн гуниглах юм. Марташгүй үеийг хамт туулчихаад, одоо нэг л хөндий, нэг л өөр байгааг үзэхээр гомдоод болохгүй юм. Үнэхээр орон зай, цаг хугацаанд ялагдчих тийм л нөхөрлөл байсан юм боловуу гэж өөрөөсөө асууж сууна. Санаанд байдаг цонхных нь цаана нүцгэн ч хамаагүй модод үзэгддэг кафед ярьж суухыг хүссэн хүмүүс аажимхан холдохыг мэдрэхээр сэтгэл жиндээд байна.

Арай гэж хүлээн зөвшөөрөн оруулсан “найз”-ын эгнээнээсээ хасчихаж гэвч зүрхлэхгүй өнгөрснийг толгойдоо эвлүүлж, үлдээсэн зурагнуудыг нь эргэцүүлж сууна. Цаг хугацаа хүнийг өөрчилдөг гэдгийг хүлээж авахыг хүсэхгүй нь. Намайг ч гэсэн өөрчилсөн байх, би өөрөө анзаарч мэдээгүй байх гэвч бодовч бие холдоход сэтгэл нь алсалчихсан найзууддаа далдхан гомдоод байна.

Уг нь би өчигдөр хайрын захианы тухай уншсан юм. Sex & City гээд дөрвөн гал хүүхний амьдрал, нөхөрлөл, адал явдлын тухай цуврал киноны хэсгээс ишилснийг харсан юм. Хөнгөн хөөргөн үйл явдлууд, хүний амьдралд тохиодог тэр л баяр гуниг бүхнийг тэр киноноос мэдэрч суухдаа юу юунаас илүү дөрвөн бүсгүйн эвдрэшгүй бат нөхөрлөлл сэмхэн атаархаад санаа алддаг. Хайр дурлал ирж буцаж, өвчин зовлон тусаж эдгэж, он цаг нүүрэнд нь үрчлээс нэмсэн ч тэд хамтдаа. Шууд л миний найзууд..гэсэн бодол буумаар тийм атаархам. Керри шиг түшигтэй, нулимс нь инээдээрээ хатдаг сэтгэлийн тэнхээтэй, Миранда шиг шулуун шудрага, үл ялиг эршүүд, Саманта шиг гунигт дарагддаггүй цовоо, эрч хүчтэй, Шарлотт шиг уян энхрий, өхөөрдөм бүсгүйлэг найзууд нийлсэн нь хичнээн сайхан гэж бодит амьдрал бус зохиол гэдгийг нь мэддэг мөртлөө хүсэмжлээд болдоггүй юм.

Гэрээс гармагц хүйтэн жавар алгадах хүйтэн намарт жиндээгүй ч намайг юу юугүй орхих гээд байх шиг нөхөддөө харамсаад зүрх даарчихлаа. Нуугаад удсан сэтгэлийнхээ бүтээлгийг хуулахад нүцгэн зүрх ичингүйрч бас эрх чөлөөг мэдэрлээ.


Дэлгэрэнгүй...

Tuesday, November 9, 2010

Хямд үнээр зурагтын нэвтрүүлгийн сурталчилгаа хийлгэхийг хүсвэл

Банжиг блог ажиллахгүй байгаа ч гэсэн энүүгээр хүмүүс шагайж байгаа гэж итгээд зарын чанартай зүйл нийтлэхээр шийдлээ хүмүүсээ.

Миний блогийг аль 2008 оноос уншсан хүмүүс бол миний дүүгийн тухай бараг надаас илүү мэддэг болсон байхаа. Газар дээр ганцхан болохоор нь эрх нь дэндчих вий гэж зэмлэж загнадаг ч дотроо хайрладаг шар хүүхэн миний дүү юм л даа.

Сургууль төгсөөд ажилгүй нэг хэсэг явсны эцэст SCH гээд инээдмийн сувагт ажиллаж эхлээд байгаа. Дөнгөж эхэлж байгаа болохоор эрвийх дэрвийхээрээ гүйж байнгын ажилтан болох гээд хичээж л яваа. Тэгсэн “TV SHOP 8888” гэдэг нэвтрүүлэг хөтлүүлэх болсон гэнэ. Гэхдээ нэвтрүүлэгт орж сурталчлуулах байгууллагаа өөрөө олох ёстой. Та бүхэн энэ төрлийн нэвтрүүлгийг төрөл бүрийн сувгаар ханатлаа үзэж байгаа болохоор хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Хөтлөгч зураглаачтайгаа танай байгууллага дээр очоод сурталчилгаагаа бэлтгэнэ. Танай байгууллагын сурталчилгаа нийт 3 минут үргэлжилнэ.

Хэрэв та энэ нэвтрүүлгээр сурталчилгаа хийлгэхийг хүсвэл нэвтрүүлгийн эх бэлтгэлд нэг удаа 20 000 төгрөг төлөөд нэг өдрийн цацалтанд 8800 төгрөг төлөхөд хангалттай. Одоогоор шинэ сувгийн үйл ажиллагаа эхлээд удаагүй учир нэг өдөр хангалттай олон давтана. Сурталчлуулах байгууллага ч төдий олон биш байгаа нь мэдээж танайд ашигтай.
Сонирхож байгаа хүмүүс 9169 0732, 91162793 гэсэн дугааруудаар холбоо бариарай. Эхнээсээ сурталчлуулсан газрууд их сэтгэл ханамжтай байгаа шүү.


Дэлгэрэнгүй...

Monday, November 8, 2010

Аз жаргал


“Хүүе энэ чинь Саран мөн үү?” гэх дуун лангуун доогуурх бараагаа цэгцэлж суусан махлагдуу авгайг цочоолоо.
Толгойгоо өргөн харвал булган дээл нөмөрч, гарынхаа арван хуруунд бүдүүн алтан бөгжнүүд гялалзуулсан өөрийнх нь үе тэнгийн бололтой авч будаг шунх, үнэтэй хувцасны ачаар ч тэрүү дүүмэд харагдах авгай пааландуулсан цагаан шүдээ гайхуулах гэсэн мэт амаа том ангайн инээмсэглэх үзэгдэв.

-Сайн байна уу? Та чинь...
- Чи намайг нэг танихгүй л байгаад байнаа даа? Яагаав, би Ариунаа байна. Хоёулаа найм төгстөлөө нэг ангид байсан шүү дээ.
- Өө тийм байна. Ямар сонин хүн бэ.

Үе тэнгийн хоёр авгай дуу алдан хөөрөлдөж, ойр зуурын сонин хачин, удаан жил уулзаагүй сураг чимээ бүхнээ солилцлоо. “Том хүү Америкт доктор хамгаалаад, намайг зун урьсан шүү дээ. Энэ өвөл хүйтрэнэ гэсэн, тэгэхээр Америк, эсвэл Герман явж өвөлжинө дөө. Чи мэдээгүй билүү, охин маань бас Германы иргэн болсоон. Манай өвгөн яамандаа л.” Ариунаагийн амьсгаа авахгүй шахам үргэлжлүүлэн урсгахыг Саран чимээгүй сонсож суулаа. Ар өврөөр нь сонин, сэтгүүл авах гэсэн хүмүүс зүтгэхийг ч үл хайхран, өнгөтэй өөдтэй амьдарч буйгаа гайхуулах гэсэн шиг зогсоо зайгүй ярин, хээлэн будсан урт хумстай гараа савчих нь тэртээ гучин жилийн өмнөх Ариунаа төдий л өөрчлөгдөөгүйг харуулах шиг.

“Ингэхэд танай хүүхдүүд юу хийж байна? Чи ямар хүнтэй суулаа байз?” Өөрийнхөө тухай арай гэж ярьж дууссан бололтой Ариунаа гөлийлгөөд татчихсан юм шиг үрчлээгүй шахам нүүрээ улам ойртуулан, нүдээ гялалзуулан асуулаа. Хэргээр ингэж асуусныг нь мэдсэн ч тоосонгүй, Саран “Хүүхдүүд маань ажлаа хийцгээгээд л. Надад нэг ийм лангуу түрээсэлж өгсөн юм. Зүгээр суух эвгүй болохоор энд ингэж суух дажгүй байдаг юмаа” гэж намуухан өчлөө. Ариунаа ахиж олон зүйл шалгаасан ч Саран олигтой хариулсангүйд урам нь хугарсан бололтой, “За за найз нь явлаа. Гоо сайханд цаг авчихсан чинь бараг өнгөрчихөж. Тэгж байгаад манайхаар очоорой. Хууч хөөрцгөөе” гэсээр шагай шүргэсэн урт булган дээлээ намируулсаар гарч одов.

“Би сая нөгөө Сарантай тааралдаад. Юу ямар гэж. Манай ангид байсан. Хөөрхий ядарч яваа юм шиг байнаа. Нэг муу сонин зардаг лангуу шүү юман дээр сууж байх юм. Үгүй хэн мэдэхэв дээ. Нөхөр нь архи уудаг ч билүү”...Хаалгаар гараагүй шахам байж утсаараа хэн хүн сонстол чангаар ярихыг нь дуулсан Сарангийн нүдийг юм бүрхээд авах шиг боллоо. Магад өөрт нь л дуулгах гэж ингэснийг нь гадарлавч ингэтлээ муу санах шалтгааныг бодоод бодоод олсонгүй. Хэдэн хүүхэд нь бүгд ажил төрлөө хийцгээж, бүтэнсайн өдөр бүр хоёр өрөө байранд нь багтаж ядан цуглаж гарынх нь цайг уун шуугилдахад Сарангийн бүх ядаргаа арилах шиг санагддаг. Тэтгэвэрт гарсан ч гэлээ гараа хумхиж суухын оронд том хүүгийнхээ түрээсэлж өгсөн энэ лангуунд хүмүүст хэрэгтэй сонин, сэтгүүлийг нь хүргэж, олонтойгоо мэндтэй устай явах сайхан санагддаг. Ингэлээ гээд хэн нэгэнд хөөрхийлөгдөх ёстой гэж үү? Заавал Америк, Герман явж үнэтэй цайтай эд хэрэглэлээ гээд аз жаргалтай, олонд гайхагдсан хүн болох хэрэг үү? Хүний аз жаргалыг иймхэн л хэмжүүрээр хэмжиж болох билүү?

Бодох бүр дотор бачууруулан байсан хөвөрсөн бодлыг нь “Эмээ, эмээ, би хоол авчирлаа” гэх цангинасан дуу таслав. Ач охиныхоо эмээдээ таалагдаасай гэж гараа гаргаж хийсэн банштай шөлийг амтархан идэх зуур, охиныхоо шулганан ярих олон үгийг сонсон хариулах гэсээр сэтгэлд нь хоромхон зуур буусан хар сүүдэр ор мөргүй арилжээ. Үрчлээ суусан магнайд нь дааварлах хөлсний дуслууд өөр юутай ч үл зүйрлэх амьдралын амтыг илтгэнэ.

Биеэ гайхуулан, өөрийг нь доош хийгээд байхад тэнэг юм шиг дүлий дүмбэ царайлсаар өөрийг нь явуулсанд Ариунаагийн хор шар хөдлөн, үнэтэй засуулсан хумсаа алгандаа шигдтэл атгаж суув. Харваас ядуу зүдүү амьдарч байгаа хэрнээ юу ч болоогүй мэт тайван байсан нүднийх нь харцанд өөрийн эрхгүй атаа нь хөдлөнө. Сүүлийн гучин жил эд хөрөнгө, эрх мэдлийн төлөө амарч үзээгүй цохилсон зүрх нь хэзээ ч тийм амар амгаланг мэдрээгүй шүү дээ. Хүү нь ч, охин нь ч ядахнаа утсаар мэндийг нь мэдээгүй бараг сар илүү болж байна. Ажил ажил гэсээр гэрийн бараа үл харах нөхөртөө энэ бүхнийг хэллээ ч тоохгүй нь мэдээж. Сураг тасарсан ангийнханаасаа хөөцөлдөн байж Сарангийн байгаа газрыг мэдэж, атаархлыг нь төрүүлэн гонсгойлгох гэж зорьж ирсэн нь ийнхүү бүтэлгүй болжээ. Гялгар цагаан машин ардаа тас хар утаа татуулсаар давхиж одлоо.


Дэлгэрэнгүй...

Wednesday, November 3, 2010

Нулимс


Гар утас нь шатах шахам хангинан дуугарахад авах байхаа эргэлзэн хэсэг сууснаа тэсэлгүй ногоон товчийг дарлаа. Өдийд ямар хэргээр Саруул өөрлүү нь залгаж буйг гадарлахын дээдээр гадарлаж байсан тул энэ удаа утсаа авч чадахгүй түдгэлзсэн нь учиртай. Санасанаас зөрсөнгүй, Саруулын уйлах дуу хүүхдийн час хийтэл уйлахтай зэргэцэн чихэн дээр нь шуугина. “Бушуухан хүрээд ирээч. Намайг алах нь...”

Өлзий санаа алдан суудлаасаа өндийлөө. Мэдээ орох цагаасаа тоглож өссөн багын ганцхан найз бүсгүй нь ингэж дуудсан нь хэд дэх удаа болсныг мартаж орхиж. Хичнээн оролцовч шийдэж үл болох ганц зүйл гэр бүлийн маргаан гэдэгт итгэдэг ч уйлан дуудах найзыгаа хөсөр хаяж чадалгүй ундууцан байж очино. Очих бүр адилхан. Нөхөр нь согтуудаа хэрүүл өдөн, зодож нүдэж, гарынхаа чилээг гарган зүй бус авирлана. Хөх няц болсон нүдэндээ мэлмэрэх нулимсыг арчин, энэ удаа заавал сална гэж амлах авч маргааш нь л Саруул нөхөртөө буцаад очино.

Өлзийг хаалгаар ороход нүд халтирам дүр зураг угтлаа. Саруул, Өлзий хоёр хоорондоо огтхон ч адилгүй. Саруул бол жижигхэн уяхан биетэй, нүдээрээ инээмсэглэсэн зөөлөн зантай бүсгүй атал Өлзий бүсгүй хүн гэмээргүй эршүүд, булчинлаг бахимхан биетэй, алхаа гишгээ нь ч эмэгтэй хүн гэхээргүй билээ. Тийм ч болохоор Саруулыг хамгаалах нь өөрийнх нь үүрэг мэт санасаар ирсэн. Гэтэл Өлзийгийн атаархдаг урт хар үсийг нь нөхөр нь гартаа ороогоод газраар эхнэрээ чирнэ. Тэгэх мөртлөө зүгээр байхгүй өшиглөнө дэвсэлнэ. Тоймгүй олон удаагийн хар дарсан зүүд мэт аймшигт зураглал ахин амилжээ.

Өлзийгийн зүрх савлан түчигнэж, хэрүүл зодооноос болж хагарч гэмтсэн бүхнийг салгалсан гараараа түүн цэвэрлэлээ. Харин Саруул буйдан дээр суугаад мэгшин уйлна. Уйлах чимээнээс нь сэтгэл зүрхнийх нь шарх зовиур бүхнийг мэдэрч болмоор тийм харуусалтай, гомдол дүүрэн уйлна. Сэтгэл зүрх нь урагдах шиг санагдсан Өлзий найзынхаа дэргэд очиж суугаад, үсийг нь илбэн тайтгаруулахыг хичээлээ. Гэвч араатан адил авирлах нөхөрт нь уурлах уур нь гарсангүй.

- Саруулаа, чи уйлахаа болиод миний нүд рүү хар даа. Чи ингэж амьдрах хүн биш шүү дээ.
- Миний л заяа муугийнх байх. Харин найзыгаа уучлаарай, чамаас өөр дуудах хүн байсангүй.
- Тэр яахав ээ. Чи өөрийгөө бод, хүүхдүүдээ бод. Ингэж байхаар наад аймшигтай амьтнаасаа салаач дээ. Би чамд хэдэн зуу, мянган удаа л хэллээ. Чи яагаад салдаггүй юм бэ?
Нулимс дүүрэн нүдээрээ Саруул өөдөөс нь гунигтайхан харахад харцанд нь хариулт нь тодхон. Салахгүйг нь ойлгосон найз нь шүүрс алдав.
- Саруулаа, чи яагаад салдаггүй юм бэ? Энэ хүнд тийм их хайртай юм уу?
- Салчихвал, хүү минь...

Үгээ таслан дуугаа хураахад нь Өлзий ахиж юу ч асуусангүй. Гэрээс нь гарахдаа хаалгыг нь чимээ гаргахгүйг хичээн аяархан хаалаа.
Цас саяхан орсон шөнийн тунгалаг агаар сая үзэж өнгөрүүлсэн муухай бүхнийг арилгаасай гэсэндээ Өлзий гүнзгий амьсгаа авав. Гэртээ харихаар алхах зуураа өнгөрснийг эргэцүүллээ. Арван таван жилийн өмнө яг л ийм дүн өвлийн шөнөөр Саруул, Өлзий хоёр хөтлөлцөн, даарсандаа эрүүгээ дагжуулан алхаж байсан. Ямагт согтуу явах Өлзийгийн ааваас залхсан ээж нь салж, гэртээ ч үзэгдэхээ байсан. Тэгээд хааяа нэг ирэх ээжийнх нь найз Өлзийг зоддог байлаа. Өлзийгийн дандаа магтдаг шингэн боловч урт хар үснээс нь туг тугаар нь зулгаасныг хараад найзыгаа өрөвдсөндөө уйлж, гэрлүүгээ хөтлөөд явж байсан тэр шөнийг мартаж үл чадна. Жаахан зүрх нь айсандаа түгшин цохиловч найзыгаа хамгаалах ёстойгоо санан хурдан хурдан алхахад цас чахран дуугарч байсан. “Уудаг ч болов аав минь байсан бол...” гээд Саруул чимээгүй урсах нулимсаа арчин нусаа шор шор татаж байсан нь саяхан юм шиг.

Саруулын намуухан дуу сонсдох шиг болов. Эцэггүйн зовлонг хүүдээ амсуулахгүй гэсэндээ үрийнхээ төлөө зовлон бүхнийг тэсч яваа найзынхаа сэтгэлийг ойлгосон Өлзийгийн хамар шархиран нүдэнд нь нулимс дүүрлээ. Хэрэв тэр үед аав ээж хоёр нь салаагүй бол, салалт гэх аймшгийг сэтгэлд нь үүрд тамгалаагүй бол Саруул ингэж амьдрахгүй байсан ч юм билүү. Тэсгэлгүй бөмбөрөх нулимсыг нь өвлийн жавар тэрхэн зуур мөс болгон хөлдөөх шиг.
Саруул тэр цагаас хойш хачин их өөрчлөгдсөн ч ганцхан долгиолсон урт хар үс нь хэвээрээ үлдсэн юм. Туг тугаар нь зулгаасан ч ахиад л ургаж, амьдралын шуургыг сөрөх бяцхан бүсгүйн зоригийг илэрхийлэх адил хэвээр үлдэж.

- Чиний үс ямар хурдан ургадаг юм бэ?
- Нулимсаараа услахаар ингэдэг юмаа.


Дэлгэрэнгүй...