Өлзий санаа алдан суудлаасаа өндийлөө. Мэдээ орох цагаасаа тоглож өссөн багын ганцхан найз бүсгүй нь ингэж дуудсан нь хэд дэх удаа болсныг мартаж орхиж. Хичнээн оролцовч шийдэж үл болох ганц зүйл гэр бүлийн маргаан гэдэгт итгэдэг ч уйлан дуудах найзыгаа хөсөр хаяж чадалгүй ундууцан байж очино. Очих бүр адилхан. Нөхөр нь согтуудаа хэрүүл өдөн, зодож нүдэж, гарынхаа чилээг гарган зүй бус авирлана. Хөх няц болсон нүдэндээ мэлмэрэх нулимсыг арчин, энэ удаа заавал сална гэж амлах авч маргааш нь л Саруул нөхөртөө буцаад очино.
Өлзийг хаалгаар ороход нүд халтирам дүр зураг угтлаа. Саруул, Өлзий хоёр хоорондоо огтхон ч адилгүй. Саруул бол жижигхэн уяхан биетэй, нүдээрээ инээмсэглэсэн зөөлөн зантай бүсгүй атал Өлзий бүсгүй хүн гэмээргүй эршүүд, булчинлаг бахимхан биетэй, алхаа гишгээ нь ч эмэгтэй хүн гэхээргүй билээ. Тийм ч болохоор Саруулыг хамгаалах нь өөрийнх нь үүрэг мэт санасаар ирсэн. Гэтэл Өлзийгийн атаархдаг урт хар үсийг нь нөхөр нь гартаа ороогоод газраар эхнэрээ чирнэ. Тэгэх мөртлөө зүгээр байхгүй өшиглөнө дэвсэлнэ. Тоймгүй олон удаагийн хар дарсан зүүд мэт аймшигт зураглал ахин амилжээ.
Өлзийгийн зүрх савлан түчигнэж, хэрүүл зодооноос болж хагарч гэмтсэн бүхнийг салгалсан гараараа түүн цэвэрлэлээ. Харин Саруул буйдан дээр суугаад мэгшин уйлна. Уйлах чимээнээс нь сэтгэл зүрхнийх нь шарх зовиур бүхнийг мэдэрч болмоор тийм харуусалтай, гомдол дүүрэн уйлна. Сэтгэл зүрх нь урагдах шиг санагдсан Өлзий найзынхаа дэргэд очиж суугаад, үсийг нь илбэн тайтгаруулахыг хичээлээ. Гэвч араатан адил авирлах нөхөрт нь уурлах уур нь гарсангүй.
- Саруулаа, чи уйлахаа болиод миний нүд рүү хар даа. Чи ингэж амьдрах хүн биш шүү дээ.
- Миний л заяа муугийнх байх. Харин найзыгаа уучлаарай, чамаас өөр дуудах хүн байсангүй.
- Тэр яахав ээ. Чи өөрийгөө бод, хүүхдүүдээ бод. Ингэж байхаар наад аймшигтай амьтнаасаа салаач дээ. Би чамд хэдэн зуу, мянган удаа л хэллээ. Чи яагаад салдаггүй юм бэ?
Нулимс дүүрэн нүдээрээ Саруул өөдөөс нь гунигтайхан харахад харцанд нь хариулт нь тодхон. Салахгүйг нь ойлгосон найз нь шүүрс алдав.
- Саруулаа, чи яагаад салдаггүй юм бэ? Энэ хүнд тийм их хайртай юм уу?
- Салчихвал, хүү минь...
Үгээ таслан дуугаа хураахад нь Өлзий ахиж юу ч асуусангүй. Гэрээс нь гарахдаа хаалгыг нь чимээ гаргахгүйг хичээн аяархан хаалаа.
Цас саяхан орсон шөнийн тунгалаг агаар сая үзэж өнгөрүүлсэн муухай бүхнийг арилгаасай гэсэндээ Өлзий гүнзгий амьсгаа авав. Гэртээ харихаар алхах зуураа өнгөрснийг эргэцүүллээ. Арван таван жилийн өмнө яг л ийм дүн өвлийн шөнөөр Саруул, Өлзий хоёр хөтлөлцөн, даарсандаа эрүүгээ дагжуулан алхаж байсан. Ямагт согтуу явах Өлзийгийн ааваас залхсан ээж нь салж, гэртээ ч үзэгдэхээ байсан. Тэгээд хааяа нэг ирэх ээжийнх нь найз Өлзийг зоддог байлаа. Өлзийгийн дандаа магтдаг шингэн боловч урт хар үснээс нь туг тугаар нь зулгаасныг хараад найзыгаа өрөвдсөндөө уйлж, гэрлүүгээ хөтлөөд явж байсан тэр шөнийг мартаж үл чадна. Жаахан зүрх нь айсандаа түгшин цохиловч найзыгаа хамгаалах ёстойгоо санан хурдан хурдан алхахад цас чахран дуугарч байсан. “Уудаг ч болов аав минь байсан бол...” гээд Саруул чимээгүй урсах нулимсаа арчин нусаа шор шор татаж байсан нь саяхан юм шиг.
Саруулын намуухан дуу сонсдох шиг болов. Эцэггүйн зовлонг хүүдээ амсуулахгүй гэсэндээ үрийнхээ төлөө зовлон бүхнийг тэсч яваа найзынхаа сэтгэлийг ойлгосон Өлзийгийн хамар шархиран нүдэнд нь нулимс дүүрлээ. Хэрэв тэр үед аав ээж хоёр нь салаагүй бол, салалт гэх аймшгийг сэтгэлд нь үүрд тамгалаагүй бол Саруул ингэж амьдрахгүй байсан ч юм билүү. Тэсгэлгүй бөмбөрөх нулимсыг нь өвлийн жавар тэрхэн зуур мөс болгон хөлдөөх шиг.
Саруул тэр цагаас хойш хачин их өөрчлөгдсөн ч ганцхан долгиолсон урт хар үс нь хэвээрээ үлдсэн юм. Туг тугаар нь зулгаасан ч ахиад л ургаж, амьдралын шуургыг сөрөх бяцхан бүсгүйн зоригийг илэрхийлэх адил хэвээр үлдэж.
- Чиний үс ямар хурдан ургадаг юм бэ?
- Нулимсаараа услахаар ингэдэг юмаа.
Дэлгэрэнгүй...

