Friday, October 22, 2010

Итгэл


Үүдээр багтахгүй шахам дэнхэр том биетэй хөвгүүд анги нураах шахан хөөцөлдөн, жаахан хүүхдүүд шиг ноцолдон тоглож, хэсэг охид буланд суугаад өчигдөр оройн үдэшлэг дээр болсон явдлуудыг жиг жуг ярин инээлдэнэ. Ганц хоёр нь дараагийн цаг дээр авах шалгалтандаа бэлтгэн ном дэвтрээ эргүүлж, чихэвчний хөгжим зүүсэн хөвгүүд охид орж гарна. Завсарлагааны жирийн өнгө төрхийг үргээн ангийн багш эмэгтэй өндөр өсгийт гутлаар шалан дээр тас няс дуугарган алхалсаар орж ирлээ. Залуувтар боловч ширүүн төрхтэй багшаасаа бүгд эмээх учир төдөлгүй суудал суудалдаа сууцгаан, нам гүм болцгоов.

Ангийн хурал болох цаг бүрт заримдаа хэтэрхий ч гэмээр хэнхэг зан гаргах, гаднах төрх шигээ хатуу зан ааштай багшийнхаа ёжтой, гашуун үгийг дуулахаас хэн хүнгүй эмээнэ. Тэр дундаа буруу ташаа зүйл хийсэн нэгэн бол хүний араар нуугдах гэсэн мэт байх суух газраа олж ядах нь андашгүй. Харин сургууль төгсөөд төдий л удаагүй залуу багш төмөр өсгийт гутал, өргөн хүрээт нүдний шил, урт заагуур модныхоо ард өөдөөс нь харан суух олон сурагчиддаа элэг бариулахгүй гэсэн далд айдсаа нуудгийг тэд мэдэхгүй. Бие биенээсээ далдуурхан эмээх авч хэн хэн нь айдсаа ил гаргахыг үл хүсэх нүдэнд үзэгдэх нэгэн шилэн хаалт тэднийг зааглах мэт жихүүн уур амьсгал ангид ноёлно.

Ховорхон инээмсэглэдэг ч өнөөдөр харваас ууртай байх багш нь ам нээвэл хэний тухай ярих бол гэдгийг нууцхан хүлээх хүүхдүүд огт чимээ гаргалгүй сууцгаав. Дунд сургуулийн долдугаар ангийн сурагчид нь багш бүсгүйд насанд хүрсэн хүмүүс мэт санагддаг. Өөрөөс нь ч илүүг мэдэж сэтгэж мэдэх айхтар сурагчдынх нь дийлэнх нь чинээлэг айлын эрх танхил хүүхдүүд учир багаасаа тийм хүүхдүүдэд дургүй байсан бүсгүй дотроо халдаж харьцахаас жийрхэнэ. Ийм ч учраас хатуу чанга зангаараа дотоод сэтгэлээ нууцалдаг аж.

Өнөөдрийн хурлыг Өлзий багш цаг хором тоолон тэсэн ядан хүлээсэн юм. Өөрт нь худал хэлэн хүүхэд шиг хуурсан тэр хүү дотроо өөрийг нь тэнэг гэж шоолон инээж байсан нь нүдэнд харагдах шиг болно. Тэртээ тэргүй хэзээ мөдгүй нурчих гээд байх эмзэгхэн шилэн байшин шиг ангийн энэ уур амьсгалд хэн нэгэн тэрслүү этгээд энэ мэтийн санаатай үйлдлээр халдан довтлох нь байж боломгүй учир багшийн гар уурлаж догдолсондоо үл мэдэг чичирхийлж байлаа. Гэвч тэр энэ тухай хурлын төгсгөлд хамгийн сүүлд ярихаар нөөцлөн үлдээж ангийн цэвэрлэгээ, хичээлүүдийн явц, шалгалт зэрэг аар саар зүйлсээр хурлаа эхлүүллээ.

Өнөөдрийн хурал дээр хэнийг ч онцолж зэмлэн загнасангүйд гайхширсан хүүхдүүд хурал дуусахад баярлалдан гарч явахаар яарцгаана. “Алив сууцгаа, Хурал дууссан гэж хэн хэлээв”. Багш бүсгүй тасхийтэл хашгиран заагуур модоороо ширээгээ цохиход хүүхдүүд дуртай дургүй суудалдаа сууцгаан, хоорондоо шивэр авир хийн дургүйцэх нь сонсдоно.
- Баярбат бос.
Ангийн хойно суун найзтайгаа хөгжим сонсож байсан дунд зэргийн нуруутай шар хүү дэрсхийн босч, өөрийг нь онцолсныг гайхан, онигордуу нүдээрээ ширтэхэд багш нь яаралгүй алхсаар дэргэд нь ирлээ.
- Би танай ангийн багш болоод удаагүй байгаа. Гэхдээ анхнаасаа худал хуурмаг явдлыг тэвчихгүй гэдгээ хэлсэн байхаа. Ямар ч тохиолдолд та нар багшдаа үнэнээ хэлдэг байх ёстой.
Өлзий үгээ энд таслаад чимээгүй болж, Баярбатыг юу бодож байгааг мэдэх гэсэн мэт удаан ажиглалаа. Багшийнхаа харцанд эвгүйрхсэн хүү харцаа буруулан ширээ ширтэнэ.
- Худлаа хэллээ хэллээ гэхэд байж боломгүй зүйлээр даажигнана гэдэг арай хэтэрч байгаа юм бишүү? Баярбатаа, чи өнгөрсөн долоо хоногт “Миний аав нас барчихлаа. Би ажил явдалд нь оролцоно” гэж уйлан дуугараад чөлөө авсан байхаа?
Энэ үг нь алгадаад авах шиг болсон хүү багшруугаа цочсон мэт бүлтийн харж “Тийм” гэж сулхан өгүүллээ.
- Тэгвэл аав чинь дөнгөж цагийн өмнө надтай уулзаад явлаа. Чи төрсөн эцгийгээ “үхсэн” гэж худал хэлэхээсээ ичихгүй байна уу?

Багшийнхаа хашгирах шахам хэлсэн сүүлийн өгүүлбэрээс “үхсэн” гэдэг үгийг сонсоход толгой руу нь хүнд алхаар дэлсэх шиг болж, хүүхдүүдийн шивэр авир хийх, багшийнх нь үргэлжлүүлэн загнах ч дуулдахаа болон чих нь шуугилаа. Нэг л мэдэхэд Баярбат цүнхээ үүрэн сургуулийн гадаа гүйж явлаа. Дуулгаваргүй урсах нулимсаа арчин урагшаа гүйсээр. Жигтэйхэн хүнд гомдол цээжнээс нь бул хар чулуу шиг дүүжлэгдээд, хоолой дээр нь нэг юм горойх шиг санагдан нулимсаа хүчлэн барих гэж шазуураа зууна. “Эр хүн барагтайд уйлдаггүй юм шүү” гэж бие нь ядруухан байхдаа аав нь нэг удаа хэлсэн билээ. Нулимсандаа халтартсан нүүрээ чанга үрээд хүү нусаа шорхийтэл татан гэрийн зүг алхлаа.

“Хөөш, чи зогсооч! Хэрэг тарьчихаад одоо бүр зугтаана гэнээ. За чи гайгүй дээ”. Залуу багшийн заагуур модоо чивчиртэл атгасан гар нь чичрэн, уур хорсолдооо хоолой нь зангирч, болдогсон бол хүүг одоохон гүйцэж очоод хичээлийн эрхлэгчийн өрөөнд чирж оруулмаар байлаа. Баярбатын савж гарсан ангийн хаалга ёолох мэт чахран санжигнан, хэн ч юу ч дуугарч зүрхлэлгүй чив чимээгүй болцгоожээ. Ангид тогтсон жигтэй нам гүмийг эвдэн ангийн дарга бослоо.

- Багшаа, Баярбатын аав нь жинхнээсээ нас барчихсан шүү дээ. Өчигдөр тантай уулзсан хүн бол хойд аав нь байгаа юмаа.
Ангийн дарга ингэж хэлээд суудалдаа суухад харцнаас нь өөрийг нь нэвт сүлбэх мэт зэмлэлийг Өлзий олж харлаа. Түрүүхэн Баярбатын нүдэнд тодорсонтой эгээ адилхан тэр гомдол, хүүгийн нүдэнд, ангийнх нь охид хөвгүүдийн нүдэнд үзэгдэж, хийсэн алдааг нь улам тодруулан чихрүү нь чангаар хашгирах шиг санагдана. Залуу багш суудал дээрээ ягхийтэл суулаа. Буруутныг нь илчилж ичгүүр болгон дахиж хэнийг ч өөрийхөө өөдөөс эсэргүүцэхгүй болтол нь нам дарна гэсэн бодол нь харуусал, дааж давшгүй ичгүүрээр солигдон, нүүр нь зузаан будагны цаанаас минчийн улайхыг мэдрэн дэмий л гөлрөн сууна.

Ангийн хурал таржээ. Цагийн өмнө шуугилдан тоглож байсан хүүхдүүд нэг ч үг дуугаралгүй ангиас чимээгүй цувран гарцгаана. Өлзий ангид ганцаараа үлджээ. Олонд гайхагдсан нэр хүндтэй сайн багш болох хүслэн, ангийнхаа айхтар хүүхдүүдэд элэг бариулахгүй гэсэн хатуу бодол, анхнаасаа чанга гараар барих хэрэгтэй шүү гэсэн ахимаг багшийн захиас бүхэн одоо хий хоосон зүйл болж агаарт дэгдэн одож, оронд нь Баярбатын нүдэнд шатаж байсан тэр гомдол, зэмлэл л хаа сайгүй дүүрчээ. Хүүгийн нүдэндээ нулимстай тэр харц бодлоос нь арилж өгсөнгүй.

Өдийг хүртэл айхтар санаатай гэж чичлэн битүүхэн тэмцэлдэж байсан тэр бяцхан хүмүүс үнэндээ хүүхдүүд л юм гэдгийг Өлзий сая л ухаарчээ. Тэдэнтэй арсалдах биш, багшийн хайраар, ахмад хүний ухаанаар энэрэх ёстой байснаа сая нэг ойлгожээ. Баярбатыг олны өмнө загнаж зандрахын оронд өрөөндөө дуудаад хоёулханаа уулзсан бол ийм үл ойлголцол, эвгүй явдал гарахгүй л байсан. Үргэлж харц дээгүүр, гартаа заагуур модоо сүрдүүлэх маягтай атган, хэн бүхэн сүрдэм чанд хатуу байдал үзүүлэхийг хүсч явдаг залуу багшийн дотроо зөвхөн хүндлэл, хайрыг хүлээхийг хүссэн сэтгэлийн баг энд хууран уналаа. Өөрлүү нь өр зүсэм гомдолтой харсан тэр л хүүгийн өмнө сэтгэлдээ дааж давшгүй өртэй болчих шиг санагдсандаа бүсгүй цөхрөн зовуурилан гиншив. Хэн нэгэн өөрт нь яг ингэж хандсан бол ямар их гомдох байсныг бодох бүр хийсэн алдаандаа улам их гэмшинэ.

Долоо хоногийн дараа сургуулийн захирлын үүдэнд Өлзий, нэг эмэгтэйтэй тааралджээ. Хэн хэн нь гартаа барьсан өргөдлөө нуух мэт эвгүйрхэж, харцаа буруулцгаалаа. Захирлын өрөөнд хэн ч юм ихэд удах учир, тэд юу ч ярилгүй чимээгүй сууцгаана. Өлзий эхлэн хоолойгоо заслаа. Хүүгийнхээ бор нүдтэй яг адилхан дөлгөөхөн нүдтэй тэр эмэгтэй багшийг зэмлэсэнгүй, гэвч бас юу ч ярьсангүй дуугүй суух нь Өлзийд загнаж зэмлэхээс хүнд санагдана.
- Та захиралтай ямар хэргээр уулзаж гэж байгаа юм?
- Хүү маань шилжинэ гээд.
- Юу...Та намайг уучлал гуйж байна гээд дамжуулаад өгөөч.
- Тэгэлгүй яахав.

Баярбатын ээж захирлын өрөө рүү орохдоо залуу багш руу эргэн харж, “Та өөрийгөө хэтэрхий их зэмлээд яахав дээ. Бид бүгд л алддаг шүү дээ” хэмээн өгүүлэв. Ажлаас халагдах тухай өргөдлөө өгөх гэж байсан Өлзий тэнд сууж төвдсөнгүй барьж байсан цаасаа үрчийтэл хумхин базсаар өрөөрүүгээ түргэн түргэн алхлаа. Тэр эмэгтэйн зөв, үнэхээр л бүгд л алдаа хийдэг. Гэхдээ алдаагаа ухааран засахаас биш шантран буцаж болохгүй шүү дээ. Тийм болохоор одоо жинхэнэ багш болохын тулд, айлган дарамталж хүндлэл хүлээхийг оролдогч бус, үнэхээр хүүхдүүдийнхээ төлөө сэтгэлтэй багш байхын төлөө хичээх хэрэгтэй гэж санагдлаа. Их том нээлт өөртөө хийчихсэн шиг санагдан сэтгэл нь догдолно.

Алдаа. Өөрийнх нь хайхрамжгүй зангаас үүдсэн алдаа, эцэг эхийнх нь хамтдаа байж чадалгүй амьдралдаа хийсэн алдаа бүгд нийлээд гэмгүй хүүд хичнээн хүнд туссан байж болохыг бүсгүй зовуурилан бодлогоширлоо. Томчууд алдаж харин буруутан болохдоо амархан, өөрийгөө өмгөөлөх чадвар муухан тэд хялбархан үр дагаврыг нь нуруундаа үүрэх юм даа.

Сарын дараа Баярбат ангидаа эргэн иржээ. Багш сурагч хоёрын дунд болсон ярианы тухай өөр хэн ч гадарласангүй. Харин хүүгийн нүдэнд тодрох итгэлийг залуухан багш анзаарна. Энэ итгэлийн гал хэзээ ч бүү бөхөөсэй гэж хүснэ. Учир нь энэ гал амьдралыг нь гэрэлтүүлэх учиртай билээ.


Дэлгэрэнгүй...

Tuesday, October 19, 2010

Миний хайртай нүднүүд

За үс зүс, нүүр царай, бие хаа, элэг бөөр, эрүү өвдөг, ам хамар, ааш аяг, ажил төрөл, ахуй амьдрал, суугаа газар, уугаа унд өөр ч энэ блогийн бяцхан чөлөөнд хувь тавилангийн нэг зангилаанд учран нийлэгч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе ээ. Хааяа нэг ингэж мэнд мэдээд, хэдэн үг солиод авах юутай таатай. Би эхлээд та нарт мэнд хүргэлээ, хариуд нь та нар “Юу байна?” гэж асууна. Энэ асуултанд “Юмгүй ээ” гэж хариулах нь амны билэгт зохимжгүй учир заавал ямар нэг юм байнаа гэж хариулах ёстой. “Юмтай” гэж хариулахаар ёс юм шиг “Тэгээд яг юу байна?” гэж асуудаг. Тэгэхээр дахиад учирлаж хариулах шаардлага гарна. Тиймээс би зүгээр л “тайван сайхаан” гэж хариулах дуртай.


Энэ удаа цаг хэмнэхийн үүднээс шууд хариулахад надад “Уур” байна. Уур нүдүүр, уур цангийн уур биш, уур уцаар, бачимдал цухалдлын уур байна. Байх байхдаа маш их байна. Бүр оволзоод л дэлбэрчих гээд л хачин хачин. Гэнэт дороос оргилж ирээд л эгээтэй л хамрын нүхээр утаа савсах нь халаг. Бяр тэнхээ хүрэхгүй ч гэсэн тааралдсан хүнээ барьж аваад тонгорч унагаад, бүр дээр нь гарч дэвсмээр санагдаад болдоггүй. Уураа дарах олон аргыг хэрэглэлээ. Бодсон төсөөлсөн, хашгирсан, уйлсан, дуулсан, идсэн, уусан. Болсонгүй ээ. Тэгээд хавьтсанаа хатгадаг өргөст зараа шиг ойр дотно хүмүүстээ яхир хахир зангаа хайр гамгүй үзүүлэв. Хоёр их бүлтгэр, нэг бага бүлтгэр гурван хос нүдэнд чаддагаараа дээрэлхэв.

Эхний хамгийн том бүлтгэр нүд дандаа тайван байна. Тэр нүдийг уурлаж хилэгнэж, мурийж хялайж байхыг би үзээгүй. Нуурын мандал шиг зөөлөн тайван нүд, хүний нүдний хор ормоор хөөрхөн нүд. Харин гомдохоороо дотор нь дүүрээд ирдэг нулимсан дуслын томыг яана. Бөмбөрүүлээд уйлахаар харж зогсоо миний дотор тэр дуслуудад нам цохигдоод, бүр хайлчих шиг хэцүү. Бага байхдаа үлгэрийг нь сонсоод өрөвддөг байсан яриг цагаан ингэний сариг цагаан ботго ээжийгээ санаад гадсаа тойрон буйлахдаа яг л ийм нүдээр алсыг ширтдэг байсан байх гэмээр. Ганцхан удаа баярлуулж уйлуулсан тэр нүд миний мэдэх хамгийн зөөлөн, хамгийн энэрэнгүй, хамгийн сайхан, хамгийн энхрий дотно нүд билээ. Тэр нүд харцаараа намайг загнаж, зэмлэж, магтаж, урамшуулж, талархаж, хайрлаж чаддаг. Ерөөсөө хорвоогийн хамаг л өнгө шингэсэн нүд. Миний хувьд тэр нүд намайг өргөж яваа бөмбөрцөг дэлхий чигээрээ юм даа.

Дараагийн нүд бүлтгэр гэхээсээ илүү “Шрек” гэдэг хүүхэлдэйн кинон дээр гардаг алдарт муурын нүдтэй ихээ төстэй. Юм гуйх болохоороо хамгийн өрөвдөм, хамгийн өхөөрдөм хардаг нүд, тэгсэн мөртлөө гуйснаа авчихсан хойноо тэс өөр болоод гялалзаад явчихна. Дуу дуулахаараа зөөлөрдөг, хааяа нулимсаар бүрхэгддэг, сормуусыг нь байдгаар нь дэрвийлгээд, зовхийг нь өнгө өнгөөр будчихдаг, зүсээ хувиргасан том нүд. Дээр хэлсэн нүд шиг тийм ч зөөлөн биш, өөдрөг, цоглог, зовхи нь өөдөө нүд. Уурлахаараа нүд дальдчим аймаар ширүүн болно. Уярахаараа байдгаараа бүлтийгээд үнсээд авмаар хөөрхөн болно. Загнаж зандарч болдоггүй, хамаагүй эрхлүүлж эвдэж болдоггүй, учрыг нь олоход хэцүү ч цаанаа уян зөөлөн нь нуугдаж байдаг адтай нүд.

Их бүлтгэр талдаа нэг нүд бас бий. Бас л их зөөлхөн. Өөдөөс нь хичнээн аашлаад, уурлаад, загнаад байхад бүлтийгээд л байна. Гурвалжилж, онийж элдэв янз ер болохгүй. “Битгий ингэ л дээ, миний байгаа нь л энэ” гэсэн шиг бүлтийгээд л байна. Тэгээд байхаар уурлаж байсан хүний уур хүртэл гарчихна. Учир зүггүй давхраа байхгүй ч жижиг биш том нүд. Урт хар сормуус нь өтгөн ч биш, дэрвэгэр ч биш. Хэн ч харсан дуу алдахаар хөөрхөн сайхан биш мөртлөө цаанаа л аятайхан, аядуу харцтай, сэтгэлд дулаахан нүд. Уур уцаарын ихэнхийг түүнд л гаргаж, хамгаас илүүтэй хэлмэгдүүлж, уурладаггүй нь мэдэх болохоор янзыг нь үзэн янз бүрээр л дээрэлхэнэ. Их л бодож өөр тийшээ харахаас биш өөр хатуу араншин бараг гаргахгүй. “Битгий ингэ л дээ” гэж учирласан харцаар өөдөөс хараад л байдаг арга тасрам аргадаж чаддаг нүд. Гомдоочихоод дараа нь харахаар буланд нь миний үлдээсэн гомдол нуугдчихаад зэмлэж байдаг.

Хичнээн ч удаа уучлал эрсэн гомдоочихоод л байдаг миний хамгийн хайртай нүднүүд. Өөрийгөө тэдэн дотор тольдож, үнэн төрхөө уншиж болдог надад хайртай нүднүүд. Миний тэр их уурыг мөс шиг хайлуулчихсан шидтэй нүднүүд. Гэтэл би гэдэг хүн баярлуулахаас илүү гомдоохдоо их юм даа тэднийгээ. Тэгээд ухаарч гэмших бүр өөрийн минь нүдэнд нулимс цийлэлзээд ирнэ.

Хүмүүс минь хором л олдвол хайрлаж явъя нэгнийгээ. Үргэлж чадахгүй гэхэд ядаж ухаарсан мөчдөө хайрлаж явъя. Жилдээ хэдхэн баяраар биш ядахнаа санасан цагтаа баярлуулж явъя. Эргэж ирэхгүй цагийн урсгал биднийг хүлээхгүй шүү дээ.


Дэлгэрэнгүй...

Блог дурлал


Зүйдэл заадсаар нь илч муутай нарны туяа нэвт гэрэлтсэн хүүхэн хүний нимгэн алчуур шиг бүүдгэр тэнгэрийн ёозгүй царай. Уйлах инээхийн завсар үрчийж ярвайсан нүүрээ толинд хараад өөрийгөө шоолон писхийтэл инээж, будаг шунх халтартуулсан нулимсаа арчлаа. Яах гэж уйлсан гэдгээ санахаар хорьж болдоггүй зөрүүд нулимс ахиад л мэлмэрээд ирнэ. “За яршиг иймхэн юмны төлөө ингэж суух нь илүү зан” гэж шийдэмгий нэг бодоод, гялгар ногоон гадартай нөүтбүүкнийхээ унтраах товчийг дарлаа.

Гудамжны өнцөгт байдаг уур савссан аяга кофены зураг чимэглэлтэй кафе өглөөнөөс үдшийн бүрий болтол хүнээр тасрахгүй. Тэгсэн мөртлөө тэнд чихэнд чийртэй, залхаж холдмоор чимээ шуугиан үгүй, харин хуучны хөнгөн хөгжмийн аяз эгшиглэж, кофе цайны сэтгэл сэргээм үнэр ханхалж байдаг. Булангийн дугуйрсан зөөлөн шаргал буйдангийн байнгын үйлчлүүлэгч гуч шүргэж яваа залуу бүсгүй орж ирмэгцээ л нөүтбүүкээ дэлгэн ямар нэг чухал зүйлийг шимтэн бичиж, уншиж, заримдаа инээд алдаж, тэгмэгцээ ичингүйрэн ийш тийш сэмхэн харж жуумалзан суудаг. Хөндлөнгийн хүн харвал энэ кафед ажлаа хийгээд байна уу даа ч гэж бодмоор. Гэхдээ өдөр бүр орж ирдэггүйгээс харахад ажил гэж хараахан нэрлэж боломгүй мэт.

Гэтэл байнга инээмсэглэж суудаг, эргэн тойрныхоо хүмүүсийг ч анзааралгүй өөрийнхөө ертөнцөд автсан байдаг бүсгүй өнөөдөр яагаад гэнэтхэн нулимс унагах болсныг түүнийг ирэх бүр ээлжтэй байж таардаг зөөгч залуу л ганцаараа сониучирхжээ. Тэр бүсгүйгээс хараажаар дор хаяж тав зургаа дүү боловч тэр бүсгүй түүнд эрх жаахан охин шиг санагдаж, эгдүү өхөөрдлийг нь дандаа төрүүлнэ. Зүгээр л аягатай кофендоо жигнэмэг дүрээд идэж байгаа нь, бүр амных нь хажууд үртэс наалдсаныг нь анзаарах сөхөөгүй өнөөх ажилдаа шимтэн байгаа нь сэтгэлд нь нэг л сонин мэдрэмж оргилуулна.

Бүсгүй гомдож уйлсан шалтгаанаа хэнд ч хэлэхийг хүссэнгүй. Тэгээд ч яагаад уйлснаа бодохоор өөрөөсөө ичиж, өдий насандаа ийм хүүхдэрхүү дорой зан гаргаснаа бүр ч мэдэгдмээргүй санагдав. “Зүгээр л нэг сэтгэгдэл шүү дээ” гэж амандаа үглэсэнээ, түрүүхэн хааж орхисон нөүтбүүкээ дэлгэн асааж, ахиад кофе захиаллаа. Магадгүй дандаа энэ кафед ирдэгийн нэг шалтгаан ч байж болох хөөрхөн ааштай зөөгч залуу уух дуртай кофег нь тун удсангүй авчирч, сэтгэлдээ гомдол тээж буйг нь мэдсэн юм шиг аргадангуй инээмсэглэнэ. Гэвч бүсгүй үүнийг зүгээр л нэг эелдэг зан гэж бодсоноос бус хэлэхийг хүсэвч үл зүрхлэх залуугийн сэтгэлийг олж харсангүй.

Будаг нь урссан нүүрээ янзлахаар угаалгын өрөө орсон хойно захиалсан зөөлөн боовыг нь авчирсан зөөгч залуу санаандгүй нөүтбүүкнийх нь дэлгэцийг хараад авлаа. Ер нь санаандгүй гэхээсээ санаатай үйлдэл байсан гэвэл ч зохих байх. Юутай ч сэтгэлдээ харж явдаг бүсгүйг нь уйлуулсан шалтгаан энэ ногоон хавтаст машинд байна гэж бодсоноос ч тэр байх. Нүд эрээлжлэм өнгө солонгорсон хуудас нээсний толгойд нь “Энэ миний сэтгэл зүрхний эрх чөлөөний талбар” гэжээ. Залуу ойлгох гэж удаж төвдсөнгүй, өөрийнх нь нээгээд удсан ч тоотой хэдхэн бичлэгтэй блог шиг нь бүсгүйн хөтөлдөг блог байж. Хаягийг нь бушуухан цээжилж аваад бүсгүйг эргэж ирэхээс урьтан эргэлээ.

Өнгөрөөсэй гэж хүлээж ядсан үдшийг арай гэж дуусгасан залуу гэртээ ирээд, гараа ч угаалгүй компьютерээ асаав. Нэг л товч дараад үг сольж үзэхсэн гэж хүсэн мөрөөдөж явсан хүнийхээ дотоод ертөнцөд нэвтрэн орно гэдэг итгэж боломгүй...Хүсэл мөрөөдөл, итгэл үнэмшил, дурсамж дурдатгал, үзэл бодол бүхэн нь ингээд л өмнө нь дэлгэгдэнэ гэдэг. Удсан ч үгүй бүсгүйг уйлуулсан эсэхийг мэдэхгүй ч гуниглуулах болсон шалтгааныг олж мэдсэн нь, хэн нэгэн блог дээр нь түүнийг өдөөн хатгасан, хатуу үгээр довтолсон, бүр доромжилсон ч гэмээр сэтгэгдэл удаа дараа үлдээжээ. Түүгээр ч барахгүй тэр этгээд өөрийнхөө блог дээр бүсгүйн талаар тун ч таагүй утга бүхий бичлэг үйлдээд ч амжиж. Бүсгүйг өмөөрөх сэтгэл нь бадран, танихгүй ч гэлээ тэр этгээдэд уурсаж, блог дээр нь ч, бүсгүйн блогт ч хэд хэдэн өмөөрч хамгаалсан сэтгэгдэл үлдээчихжээ.

Ялихгүй юманд гомдсон өөрийгөө буруутгавч сэтгэл нь нэг л гундуухан байсан бүсгүй унтахынхаа өмнө өөрийг нь өмөөрч бичсэн сэтгэгдлүүдийг үзээд сэтгэл нь нэг л аятайхан болчихов. Огт танихгүй нэгэн өөрийг нь эгээ л дотно хүн шигээ өмгөөлсөн нь сэтгэл хөдлөм. Тэгээд ч өдөр нь бодож, шөнө нь зүүдлэх шахам дотночлох блогтоо их л ач холбогдол өгдөг учир үл таних хүнд ихэд баярлажээ.

Гурван сарын дараа. Блогчдын шинэ жил гэх баярт эргэлзэн байж зүрхэлж ирсэн бүсгүйн сэтгэл догдлоно. Эргэн тойронд таньдаг авч зүс үзээгүй нөхөд нь дүүрэн. Шинэ жилийн гоёмсог гацуур, таазнаас шал хүртэл битүү чимэглэсэн танхим, элбэг баян идээ ундаа, гэвч нэг л зүйл дутуу мэт. Нүдээрээ таньдаг хүнээ эрэн буланд бишүүрхэнгүй зогсох бүсгүйг түүнийг нууцхан хайрлагч залуу чиглэн алхана. Шинэ жилийн үдэш болзон уулзах таних тэмдэг шидэт саваа гарт нь гялалзана. Зүс төрхийг нь зүрх сэтгэлтэй нь хайрлагч түүнтэй ахин олон шинэ жилийг үднэ гэдгээ мэдсэн юм шиг бүсгүй инээмсэглэн угтлаа.


Дэлгэрэнгүй...

Monday, October 18, 2010

Блоггүй болсон ба бичихийг хүсэх болсон тухай

Хааяа нэг түүх өгүүлсэн бичлэг хийж, тэдэн оны тэдэн сард тэгсэн гэж он сар өдөртэй нь тоочдог байлаа. Байлаа гэсний учир нь бараг зургаан сар огт ямар ч бичлэг хийсэнгүй. Завгүй байхдаа зав гараасай бичих юмсан гэж боддог байсан мөртлөө завтай болонгуутаа юу ч хийх хүсэлгүй болчих нь хачин юм. Өөрийгөө зэмлэлээ, шахлаа, гэвч болсонгүй. Гэсэн мөртлөө зүгээр сууж байгаад бичих хүсэл хачин их төрлөө.
Гэтэл банжиг блог гэнэтхэн үгүй болчихлоо. Байхад нь бичихгүй залхуурдаг байсан мөртлөө алга болчихоор нь бичмээр зүйл олон санагдах нь байгаа зүйлээ үнэлдэггүй, үгүй болохоор нь үгүйлэн бачуурдагтай холбоотой юм болов уу.
Блогспотод цаашдаа тууштай бичихээр шийдлээ. Гэм нь орж ирж уншдаг, сэтгэгдэл үлдээдэг нь хэд байдаг юм бол?


Дэлгэрэнгүй...