Tuesday, December 28, 2010


Шинэ жил ирлээ ирлээ, шинэ он гарлаа гарлаа...Юу юугүй он гарах гээд гэртээ орж амжихгүй яараад гүйж байгаа хүний дуу шиг санагддийн. Гэхдээ дуртай л даа. Хамгийн сүүлд нь санаа нь амраад “Шиййййнэ ооооон гааарлааа” гэдийн, хэ хэ.

Найзынхаа фэйсбүүк дээр эх хэлээрээ алдаагүй зөв бичье, наргиан тоглоомоор хэлээ зажилж аалигүйтэхээ больё гэснийг хоёр гараа өргөн дэмжсэн мөртөө яг блог дээр бичлэг хийхдээ тэгж бичихээр нэг л хэт албархуу хүйтэн хөндий санагдаад байх юм.

Шидэт шинэ жил гээд сүрхий нэртэй бичлэг эхлүүлчихээд оноос өмнө дуусгана барина гэсэн нүсэр амлалтыг олон түмэндээ өгөөд байсан ч төлөвлөөгүй ажил ундраад яасан ч амжихаа байчихсөөн :( Гэхдээ шинэ он гарсан хойно ч бичлэгээ үргэлжлүүлээд дуусгаж л таараа.
Өнгөрсөн он сайхан он байлаа. Сэтгэл зүрхээ эдгэрүүлж ойлгож ухаарч, уучилж, тэвчиж сурсан жил байлаа. Хэн нэгнийг үзэн ядах амархан ч уучилж өршөөгөөд сайнаар бодож санаж явах ямар хэцүүг биеэрээ мэдэрч, амьдралын их сургуулиас нэг хичээлээ хааж дүнгээ гаргасан л гэж өөрийгөө дүгнэж сууна.

Хамгийн баярлууштай нь гэр бүлийн амьдралд нааштай сайхан өөрчлөлт гарч, эрх шар дүү минь хариуцлага хүлээдэг том хүн болжээ. Анхныхаа цалингаар эгчдээ баярын даашинз авч өгч, бас дээр нь зүүх ээмэг зүүлт бэлэглэж, ажил хийж завгүй гүйж байгааг нь харахаар хайр хүрэх юм. Хэзээ ухаан орно доо гэж аргаа барж цөхөрч байснаа санахад ирээдүй бидэнд үргэлж сайн сайхныг бэлдэж байдагт улам ихээр итгэх боллоо.

Дуншиж дуншиж энэ онд гурав дахь номоо төрүүллээ. Урьд урьдаас илүү их анхаарч ач холбогдол өгсөн болохоор хэвлүүлчихээд энгэртээ тэврэхэд сэтгэлд дулаахан таатай байсан гэж жигтэйхэн. Хүмүүс уншиж байгаа, бүр салбарч ноортол нь булаацалдан уншиж байгааг сонсоод дотроо хачин их баярласан. Нэг ч гэсэн хүнд хүрч, сэтгэлд нь гэгээ нэмж байгаа надаас гарсан цацраг гэж бодохоор үнэмшмээргүй сайхан.

2009 онд бөхийсөн нуруу 2010 онд тэгширч, угтах ирээдүйн төлөө урам зоригтой тэмүүлэх хүчийг хайрлалаа. Нэг өдөр, нэг сар, нэг жил бүхэн амьдралын хуудсыг баяжуулж бодох санах, хийх бүтээхийг нэмэгдүүлнэ. Амьдралын зорилго гээчийн тухай анх удаа удаан бас нухацтай бодож үзлээ. Том хүн болж байгаа нь тэр байх гэж өөрийгөө дүгнэлээ.

Нэг хүнд архи уухаа болиход нь бага ч гэсэн туслах зөвлөгөө өгсөн гэдэгтээ итгэж байгаа. Тэр бол миний хамгийн том бахархал. Нэг хүний амьдралыг гашуун уснаас аварч, сархданд живсэн түүнийг хүний амьдралд эгүүлэн ороход нь өчүүхэн боловч нэмэр болсон байх гэж санахаас цээж дүүрэн баяртай. Уухгүй байгаа, тэвчсэн гэх тохиолдол бүрийг нь дуулахдаа хүний сайн сайханд итгэх итгэл нэмэгдэж байгаа. Энэ хэвээрээ байгаасай, архинаас бүрмөсөн гараасай гэж маш ихээр найдаж итгэж байгаа. Уг нь бол миний сайн ч гэж юу байхав, уг хүнийх нь ухамсар сайн болохоор үр дүн сайн байгаа хэрэг л дээ.

Өнгөрсөн оны хүүдийг ухахад ийм байна. Ирэх жил бүр ч гайхам, улам ч сайхан байгаасай гэж хүслээ шивнэсэн. Хамгийн гол нь бүгдээрээ эрүүл энх, элэг бүтэн байгаасай л гэж хүссэн. Тэгвэл амьдралын бусад асуудлууд аажимдаа шийдэгдэж л таараа. Хүний хайрыг бага ч гэсэн үнэлж хайрлаж сурсан гэж л өөртөө итгээд байгаа юм шүү дээ :)

Дахиад нэг шинэ жилийг хамтаа үдэж байгаа хайрт уншигчиддаа баярлаж байна, бас хамгийн сайхан бүхнийг хүсэж байна. Дандаа хэлдэг ч хэлэхээсээ хэзээ ч уйдахгүй, “БАЯРЛАЛАА”. Та бүхний сэтгэлийн дулаан үгүй бол жижигбаатарын орон зай үгүй байх байсан. Надтай хамт инээж уйлж, унаж босож, урагшилж л яваа та нартаа шинэ жилийн мэндийг халуун сэтгэлийн гүнээс хүргэе! Юу санасан есөн цагаан хүсэл бүхэн биелэх болтугай!


Дэлгэрэнгүй...

Friday, December 24, 2010

Шидэт шинэ жил-2


Дээл, малгай, цагаан сахал, төрх байдал нь бага байхдаа нэг удаа харж байсан хуурч өвгөнтэй андуурам адилхан. Өвөө алгыг минь удаан ч харсангүй, цантсан сахлаа нэг имрээд шуудхан л хэллээ.

- Удахгүй хүү минь заяаныхаа ханьтай учрах нь дээ. (Инээд минь хүрсэн ч настай хүнийг гомдоохгүйн тулд тэслээ.)
- Ямархуу хүнтэй, хэзээ, хаана таарна гэж байна?
- Шинэ жилийн сүлд модны дор учирсан бүсгүйдээ хайртай болно. Гэхдээ чи сонголт хийх хэрэгтэй болох нь дээ.
- Нэгэнт заяаны хань минь юм бол би яагаад сонголт хийх хэрэгтэй болно гэж?

Ингэж асуухдаа их л итгэл үнэмшилтэй ирээдүйг минь хэлэх өвгөнийг шоолон тэсгэлгүй инээд алдчихлаа. Ид шид, мэргэ төлөг, өвлийн өвгөн ,үлгэр гэдгийг арван насандаа худал гэдгийг ухаарснаас хойш огтхон ч сонирхохоо больсныг хэлэх үү. Өвгөн гомдсон бололтой царай нь хувьсхийгээд дээлээ гөвөн, өнөө бичигтай картонон цаасаа бариад бага зэрэг бөгтийн хоёр тийшээ найгасхийн явж одлоо. Би хурдхан гүйцэж очоод, халаасандаа ил байсан мянган төгрөгийг өгөх гэсэн ч авсангүй, толгойгоо сэгсрээд улам түргэн алхлав. Нэгэнт мөнгө авахгүй гэсэн хүнд хүчээр өгөлтэй ч биш, тэгтэл дүү минь ч гүйгээд ирлээ.

Гэртээ харих замдаа өвгөний хэлснийг санаад өөрийн эрхгүй инээмсэглэлээ. Он дуусах хүртэл есхөн хоногийг хугацаанд би ганцхан байгууллагынхаа шинэ жилд оролцох нь манай байгууллагынх. Гучаадхан ажилтантай болохоор тэгэс ингэсхийгээд өнгөрүүлчихдэг манай шинэ жилээр сүлд мод ч байхгүй нь тодорхой. Одоогийн байдлаар уулздаг хоёр бүсгүй бий ч би хэнд нь сэтгэлд алдраагүй.

Бүсгүй номер нэг. Надаас зургаан насаар дүү, нэр нь Мөнгөлжин. Завтай өдрөө интернэтээр чаат хэсэж байгаад танилцсан. Нэр нь содон болохоор ярилцаж, зургийг нь хараад уулзахаар шийдсэн. Надад таалагддаг гоолиг, нуруулаг бүсгүй. Том хар нүд, цагаан царай, нарийхан бэлхүүсэнд нь дуртай ч хэтэрхий санаачлагатай, шургуу зан нь таалагддаггүй. Анхны болзоо маань Богдын музей байсан нь түүнтэй ахиж уулзах шалтгаан байсан ч байж мэднэ. Олон залуустай уулзаж дол цохисон тэр надтай бас л ижил түүх давтахгүйн тулд музей үзсэн гэж сүүлд хэлсэн юм.

Гэтэл тун удалгүй утас руу минь “Би чамд хайртай” гэсэн мэссэж илгээснээр түүнийг сонирхох сонирхол гэнэтхэн унтарчихсан нь харамсалтай. Бүсгүй хүн гэдэг, тэр тусмаа миний мөрөөдлийн бүсгүй бол хүршгүй өндөрт байх, хичээн зүтгэж гартаа оруулах тусам үнэ цэнэ нь өсөх гайхамшиг байх ёстой атал өөрөө надад тэр эрхэм үгийг хэлчихсэн нь таалагдаагүй байх л даа. Өдөр өнжөөд л уулзахыг хүсч, завсаргүй шахам халамж хайр харуулсан зурвас илгээж, гэртээ хүртэл урьж, найз нөхдүүдээр минь дамжуулан элдэв уулзалт зохиох нь сүүлдээ зугтмаар төвөгтэй санагддаг болж. Гэхдээ хоёулханаа шөнийн харанхуйд хэвтэж байхад үснээс нь үнэртдэг тэр үнэр, тэр нам гүм байдалд дуртай болохоороо хааяа уулздаг л юм.

Харин бүсгүй номер хоёр түүнээс тэс өөр хүн. Дөнгөж хорьхон настай, уулын зэрлэг согоо шиг танхил дэггүй хонгор. Нэгэн шөнийн клубт бүжиглэхийг нь хараад ширээндээ урьж суулгах гэсэн ч тэр зөвшөөрөөгүй. Татгалзана гэдэг миний хувьд заавал гартаа оруул гэсэн дохио учир би тэр клубээс гаран гартал нь хүлээж байгаад найзуудтай нь машиндаа суулгаж, бүгдийг нь гэр гэрт нь хүргэж өгөөд, эцэст нь түүнтэй хоёулханаа үлдсэн. Мэдээж тэр гэртээ орохыг хүсээгүй. Хэтэрхий орой болсон, тэр халамцуу, аав ээж уурлана...Тэгээд бидний анхны учрал...Дараагийнх нь, бас дараагийнх нь. Түүнтэй хоносон шөнө хүзүүндээ тод улаан тамгатай үлддэг ч ахиад уулзахыг хүсэх хүслийн гал цээжинд бадрана. Цээжиндээ тэврэхэд гал шиг төөнөж, хүүхдэрхүү эрх дураараа занд нь би тэгэс гээд л буугаад өгчихдөг.

Уулзсаныхаа маргаашнаас л тэр намайг “хайраа” гэж дуудах болсон нь нэг бодлын хачин, нөгөө бодлын таатай. Өдөр чив чимээгүй байж байгаад нар жаргахад дандаа дууддаг нь зөгнөлт зохиолд гардаг цус сорогч, албин шиг шөнийн амьдралтай нэгэн гэмээр. Байгаа газар нь очиж ууж идсэн төлбөр тооцоог нь төлөөд халамцуу түүнийг хөтлөн гарсан удаа цөөнгүй. Өө нээрээ, гадаад төрхийг нь дүрслэхээ мартчихаж. Тэр долгиолог ширүүвтэр тас хар үстэй, зузаан улаан уруултай, хасын цагаан царайтай, хацар нь бумбагар, хамар нь тэгшхэн өндөр, гуя хас, бие хааны тухайд ярих ч юмгүй цэвэрхэн тачаангуй амьтан даа. Нэр нь Алтжин.

Хоёр бүсгүйтэй хааяахан зөрүүлж уулздаг ч Мөнгөлжин намайг Алтжинтай уулздагийг мэднэ. Харин хартай амраг Алтжин намайг өөр хүнрүү харах л юм бол нүдийг чинь сох хатгана, надаас салбал амигүй болгоно гэж сүрдүүлсэн.

Өвгөний хэлснийг огтоос мартчихсан байтал маргааш өглөө нь ажилдаа ирмэгцээ би баахан шинэ жилийн баярын урилгад дарагдаж орхих нь тэр. Өглөөнөөс орой хүртэл завсаргүй ажиллаад, жаахан зав гарахад он дуустал би нийт албан ёсны бөгөөд албан бус зургаан шинэ жилийн баяр оролцохоос аргагүй болжээ. Хамтран ажиллагч байгууллагууд, очихоос аргагүй шинэ жил, шагнал гардуулах ёслол. Бүр нагац эгчийнхээ хүүхдийн цэцэрлэгийн шинэ жилийн баярт хүртэл надаас өөр очих хүнгүй болчихсон байх юм. Мөнгөлжин шинэ жилийн орой гэртээ намайг урьсан ч би очихгүйгээ мэдэж байлаа.

Завсар нь болсон зарим үйл явдлыг шууд алгасаад эхний шинэ жилийн тухай ярьж өгье. Энэ бүхэн эндээс л эхэлсэн юм. Хэдэн зуун зочид цугласан нүсэр том шинэ жилийн үйл ажиллагаа ид дундаа явж байлаа. Нэлээдгүй халамцан сэтгэл хөөрсөн би гоёмсог гэгчийн томоо сүлд модны дор удаан уулзаагүй багын найзтайгаа зургаа авахуулах гэж байтал хажуунаас нэг бүсгүй, бишээ гурван ч бүсгүй шахаад ороод ирлээ. Нэг зургийн кадрт багтах гэсэн тэдгээр бүсгүйчүүд багын тэрхүү найзын маань ажлын хүүхнүүд байж л дээ. Зургийн аппаратны гэрэл гялсхийгээд дуусахтай зэргэцэн би хажуу тийшээгээ хараад анх түүнтэй харц мөргөлдсөн билээ.

Тийм тунгалаг, тийм гэрэлтэй, яг л дотор нь нар гэрэлтэж байгаа юм шиг цэвэрхэн тунгалаг нүдийг би амьдралдаа үзэж байгаагүй. Анзаарагдах юмгүй, давхраагүй зөөлөн бор нүд тийм үзэсгэлэнтэй байна гэж хэн ч санахгүй биз. Надаас лав толгой намхан, хүүхэд шиг жижигхэн биетэй тэр бүсгүй даанч ичимхий гэдэг нь илхэн. Надтай харц мөргөлдөв үү үгүй юу, бушуухан өөрийнхөө ширээ рүү яваад өглөө. Гэтэл миний зүрх гэнэтхэн хагарах гэж байгаа ч юм шиг, жигтэйхэн булгилсан догдолсон, ундарсан даргилсан мэдрэмж төрөөд нэг л хачин. Хурдхан л тэр бүсгүйг гүйцэж очоод танилцмаар санагдаад болсонгүй. Дарсны халуун гэж өөрийгөө зэмлэх гээд ч дийлсэнгүй, яг л өнөөх кинон дээр гардаг дурлалын бяцхан элч зүрх рүү минь сумаа тавьсан гэмээр.

- Цэнгэлээ, андаа, сая миний хажууд зогсож байсан ягаан палаажтай хүүхэн чинь танай ажлынх уу?
- Тийм ээ, манай санхүүгийн албаных.
- Маньтайгаа танилцуулаад өгөөч.
- Нөхөртэй хүүхэн ш дээ.

Нөхөртэй гэсэн үг толгой дундуур минь татаад авах шиг л боллоо. Арван хэдэн жил гүн мөстсөн агуй шиг хөндий хоосон байсан сэтгэлийг минь амь оруулах нэгэн арай гэж гараад ирж байхад, чухам л тэр бүсгүй кино, ном, үлгэр домогт гардаг шиг сэтгэлийг минь хөдөлгөсөн байхад нөхөртэй байж таарах гэж үү? Нэг эрэгтэйд зургаан эмэгтэй ноогдож байна ч билүү судалгаа энэ тэр худлаа болох хэрэг үү?

Миний нүдний үзүүрт танил ягаан даашинзны хормой цухалзахад би үүд рүү солиотой хүн шиг яаран гүйлээ. Тэр хариугүй гадуур хувцсаа өмсөөд гарах гэж байв.

- Уучлаарай бүсгүй, тантай танилцаж болох уу?
Тэр надруу гайхсан харцаар, нөгөө л зүрх зүсэм хөөрхөн нүдээрээ харлаа. Үнэндээ би хэзээ ч эмэгтэй хүнтэй ийм эрс шуурхай, бараг зөвшөөрөх хариу авахгүй байдлаар танилцах санал тавьж үзээгүй ч яарсан миний толгойд орсон нь ганцхан энэ өгүүлбэр.
- Үгүй ээ, танилцахгүй.
- Юу...Танилцъя ч гэж дээ. Би танай ажлын Цэнгэлийн найз юм л даа. Тэгээд тантай сая зургаа авахуулсан.
- Тэгээд?
- Тэгээд зүгээр и-мэйл хаягаа өгчихвөл зургийг чинь явуулчихъя л гэж.
- Зурагчин нь манай өрөөний залуу л даа.

Намайг тэр шоолонгуй харснаа хүүе гэхийн зав өгөлгүй гараад явчихлаа. Сэтгэл зүрхэн дотор минь баярын салют хэдэн зуугаараа буудах шиг үймрэх, баярлах, догдлох, бүр гутрах ч юм уу замбараагүй олон мэдрэмж хутгалдаж өөрийгөө огтхон ч ойлгохоо байлаа. Багын найзаасаа юутай ч түүний нэрийг мэдэж авлаа. Сайханзаяа гэдэг, надтай нас яг чацуу, нөхөртэйгөөр ч үл барам хоёр хүүхэдтэй. Элдэв маяг төвөггүй, хамт олондоо нэр хүндтэй, жирийн л нэг даруухан бүсгүй. Намайг тэр бүсгүйг онцлоод байгааг найз минь ч гайхаад барсангүй. Залуус тэр болгон хөл алдаад байдаггүй байдаг л нэг хүүхэн дээ гэнэ. Харин миний ухаангүй хачин сэтгэл түүнийг цаг үргэлж бодоод, гаравч оровч, нүдээ анивч нээвч ганцхан ягаан даашинзтай Сайханзаяа л байнга харагдана.


Дэлгэрэнгүй...

Tuesday, December 21, 2010

Шидэт шинэ жил


Намайг Болор гэдэг. Хорин найман настай, нэгэн хувийн компанид эдийн засагчаар ажилладаг. Гудамжаар зөрөн алхах мянга мянган залуусын нэгэн болох надад бусдаас ялгарах гоц гойд шинж чанар үгүй ч, би “хайр дурлалд итгэдэггүй” гэж хэний ч өмнө нүүр бардам хэлж чадна. Үнэндээ миний энэ үг олон хүнийг гайхшруулж маргаан мэтгэлцээнд хүргэдэг ч өдий хүртэл хэн ч миний байр суурийг өөрчилж чадаагүй юм.

Намайг арван настай байхад аав ээж хоёр салсан. Гэрлэлтээ цуцлуулах гэдэг харь үг анх чихэнд минь дуулдахад би өрөөнийхөө хаалгыг түгжээд чимээгүй уйлсан. Хэнд ч нулимсаа үзүүлэхгүй гэж шаралхаж байсан ч хувцас хунараа бэлтгэх аавын яриа, ээжийн чанга чанга дуугарах, цурхиран уйлах дууг сонсох бүр сэтгэл шимшрэн, цаг үргэлж аав ээжтэйгээ амьдрах мөрөөдөл минь үгүй болж буйг ойлгохдоо уйлахгүй байж чадаагүй. Миний нулимс хатаагүй байхад гэрийн хаалга тасхийн хаагдаж, би аавгүй болсон юм.

Тэр цаг хүртэл миний мэдэх хайр дурлалын хамгийн тод жишээ тэр хоёр байж. Том болоод ээж шигээ эхнэр авч, аав шигээ хүүхдээ эрхлүүлэх халамжтай нэгэн болоод төгс гэр бүлтэйгээ шинэ жилийн баярыг аз жаргалтайгаар тэмдэглэх нь миний мөрөөдөл байсан. Харамсалтай нь мөрөөдөл бодит үнэн хоёр хэтэрхий хол зөрүүтэйг ойлгохдоо би ердөө хоёрдугаар ангид байсан билээ.

Анхны үерхэл минь намайг тавдугаар ангид байхад тохиосон. Би ангийнхаа хамгийн хөөрхөн, хөвгүүн бүрийн хайрыг татдаг байсан тэр охиныг анх удаа найз охиноо болгож чадсан хөвгүүн болов. Бүх юм ангийн “монита” гэх хосууд болон бие биедээ нууцхан бэлэг барих тоглоомноос эхэлж, би тэр үед хэн бүхний аваад байдаггүй байсан сникерс, зөөлөн тоглоом, сарнай гэх зүйлсийг ээжийнхээ харамгүй өгдөг байсан мөнгөөр худалдан авч түүнд илгээнэ. Миний өгдөг байсан бэлэг хамгийн шилдэг бэлгээр шалгаран, ханын цаасан дээр түүний нэрний ард алтан од нэмэхэд, тэр охины алгаа ташин хөөрөн баярлах дуулдахад, би дотроо чимээгүй инээмсэглэнэ.

Ангийн шинэ жилээр би түүнийг бүжгэнд урихад тэр охин татгалзаагүй. Учир нь би ангийнхаа сэтгэл татам хөвгүүдийн нэг байсны дээр хэн түүнд өгөөмөр бэлэг өгч байсныг ч тэр гадарласан байсан. Бүх зүйл амархан болж өнгөрлөө. Би хацар дээр нь үнсэж найз охиноо болохыг гуймагц тэр зөвшөөрч, маргаашнаас нь бид хоёр хаа сайгүй хөтлөлцөн явах болов. Завсарлагаанаар бид хоёр сургуулийн цайны газар цугтаа хооллож, халуун өдөр бие биенээ усаар цацан хөөцөлдөн гүйцгээж, орой нь сургуулийн ард сэмхэн үнсэлддэг байлаа.

Гэвч энэ бүхэн хэрхэн эхэлж яаж дуусахыг би анхнаасаа л мэдэж байсан. Яаж тэр охиныг гартаа оруулах, үерхэх, бас салах тухай ч миний төлөвлөгөөнд орсон байв. Гурван сар үерхээд бид салсан. Тэр уйлж, шаналж, гэрлүү байн байн утастаж, сэмхэн надад өнгийн балаар бичин зүрх зурсан өхөөрдөм хөөрхөн зурвас өгсөн ч би тоогоогүй. Анхнаасаа ч түүнийг зүгээр л шохоорхож байсан, зүгээр л түүнийг буулгаж авч чадах эсэхээ үзэх гэсэн зорилготой байснаа гүйцээж, тэгээд олны анхааралд өртөж чадсан нь надад хангалттай байв.

Түүнээс хойш өнгөрсөн арван гурван жилийн хугацаанд энэ үйл явдал тоймгүй олон удаа давтагдсан. Гагцхүү охид өөрчлөгддөг авч эхлэл,өрнөл, төгсгөл гээд бүх зүйл хоорондоо дэндүү адилхан. Сүүлдээ би охидыг гаргуун мэддэг мэргэжилтэн хэмээн найз нөхөддөө өргөмжлөгдөх хэмжээнд хүрсэн гээд бод доо. Үнэндээ , надад ч гэсэн охид бүсгүйчүүд царай зүс, бие хаа, ухаан мэдлэгээсээ үл хамааран бүх шатыг нь амархан давж, хамгийн өндөр оноог нь авмагц дахиж тоглох сонирхолгүй болдог компьютер тоглоом шиг санагддаг болсон байлаа. Оюука, Тамираа, Дээгий, Ану, Урнаа, Зулаа, Зулаа-1, Зулаа-2, Зулаа-3 гэхчлэн миний цуглуулга улам баяжих тусам эмэгтэй хүний бие сэтгэлийн нууцууд өмнө минь дэлгэгдэн тэд улам бүр сонирхол татахаа больжээ.

Шинэ жилийн баяр дөхөж, гудамж талбай хаа сайгүй баярын дуу эгшиглэн, дэлгүүр хоршоо байшин барилга бүхэн гэрлэн чимэглэлээ харамгүй нөмөрч, гацуур мод нүд гялбуулсан арван хоёрдугаар сарын 22-ны өдөр. Хэнз төрсөн ганц дүүгээ эрхлүүлэх гэж “Зул сарын яармаг худалдаа” гэгчийг зорилоо. Холоос тодрон харагдах гэрэл чимэглэлд нь дүүгийн минь сэтгэл хөөрч байна гэж тоймгүй. Мянган төгрөгөөр хүн тус бүр орох тасалбар худалдан аваад дотогш гүйх шахам орцгоолоо.

Эрх дүүгээ мөсөн дээр тэшиж байх зуур хийх зүйлээ олж ядан хэдэн мөсөн баримлуудын гэрлийг бараадан тамхилан зогсож байтал Таж Махалыг дүрсэлсэн баримлын ойролцоо бөөвийн суух өвгөн хараанд өртөв. Заяа төөрөг үзнэ гэж картонон цаасан дээр бичсэн бичиг өмнөө тавьжээ. Эрүүгээ давсан уртаа гэгчийн ооч цагаан сахал, хуучивтар лоовууз, үстэй дээл зэргийг нь харахад хөдөөний хүн гэмээр. Сониучирхсандаа дөхөж очоод хажууд нь зогсон тамхилтал, “За хүү минь, мэргэлүүлэхгүй бээз” гэж өнөөх өвгөн хүнгэнэсэн баргил хоолойгоор асуух нь тэр.

- За даа өвөө, дэмий биз дээ.
- Би уг нь аль түрүүн явчих байсан юм. Чамайг л хүлээгээд байж л дээ.
- Өвөө би иймэрхүү юманд итгэдэггүй юмаа. (Мөнгө салгах гэж залж байна даа гэж хар буув)
- Чи зүгээр алгаа л харуулчихад болно. Чамд хэлэх юмаа хэлчихээд өвөө нь харихгүй бол оройтчихлоо.

Чөмөг царцам хүйтэнд хэдэн цагаар ч бүү мэд,сахлаа цанттал тэнд суусан өвгөний өрөвдөх сэтгэл гэнэтхэн төрсөн учир үзүүлсэн болоод мянган төгрөг өгөөд гэрт нь хариулъя, аягүй бол эмгэн нь цайгаа халаагаад хүлээж байгаа байх гэж санан нэг их цааргалсангүй.


Дэлгэрэнгүй...

Sunday, December 19, 2010

Хар нулимс


“Эмэгтэй хүн өөртөө хайргүй хүнд дурлах ямар хэцүүг мэдэх үү? Сэтгэлээ илчилж ч чадахгүй, тэглээ гээд ямар эргээд хайрлуулж чадах ч биш. Гэхдээ сэтгэлдээ шатаж, наашаа гэх ганц харцанд нь хүртэл хайлж амьдрах ямар хэцүүг мэдэхгүй л биз дээ? Тэгсэн мөртлөө нүдний өмнүүр өөр эмэгтэй хөтлөөд өнгөрөхөд нь миний сэтгэл ямар байдгийг ядаж ойлгох юм уу?”

Нулимс мэлтгэнэсэн нүдээрээ хариулт нэхэн ширтэн ингэж хэлэхэд нь хацар дээгүүр нь нулимс бөмбөрлөө. Миний өмнө харж байгаагүй хар өнгөтэй нулимс. Нүдний будаг биш сэтгэлийнх нь хамаг гаслан гомдол шингэсэн юм шиг тэр нулимс хар зам татуулан урсахыг ч бүсгүй хайхарсангүй. Миний хачирхан харахыг үл тоон тэр мэгшин уйлж эхэллээ. Надаас болж уйлаагүй бүсгүйг хэрхэн аргадахаа мэдэхгүй эвгүйрхэн гараа сунгатал ширээ дэрлэн уйлж байсан тэр чимээгүй болчихов.

Удтал хүлээсэн миний болзоо танил зоогийн газрын бусдаас хөшгөөр тусгаарлагдсан жижигхэн тусгай өрөөнд аятайхан эхэлсэн ч ингэж л дууслаа. Болзоно гэж аль эртнээс тогтчихоод хэн хэн нь тэгтлээ чармайгаагүй тул хэзээ хойно арай гэж болсон энэ болзоог би сэтгэл догдлон хүлээгээгүй. Хэдэн зуун ажилтантай, бие биетэйгээ үг солих ч завгүй бужигналдан байдаг том компанийн бичиг баримт хувилах өрөөнд түүнтэй би дандаа тааралддаг байлаа.

Толгой дохин мэндэлцгээгээд тус тусын ажилдаа орж, хэвлэх хувилах зүйлээ хийж аваад дуугүйхэн салж одно. Тэр дунджаас арай өндөр нуруутай, хараа булаам гоолигхон биетэй, боровтор царайд нь том хар нүд нь гайхалтай зохисон, хальтхан харсан хэн ч нэртэй охидын хамтлагийн нэгэн гишүүнтэй андуурдаг сайхан бүсгүй. Би бол ажилдаа зүрх сэтгэлээ зориулан, ирээдүйнхээ төлөө итгэл төгс урагшлан амжилт гаргаж яваа залуу менежер. Гадна төрх минь онцлох юмгүй ч сэмхэн тэд намайг сайхан залуу гэж шивнэлддэгийг мэднэ.

Гэв гэнэтхэн чимээгүй болсон болзоот бүсгүйгээ нэрээр нь дуудсан ч хариу өгсөнгүй. Мөрөнд нь гараа хүргэн босгох гэтэл хөдөлсөнгүй. “Яг тасарчихаж”. Эвтэйхэн тэврээд босготол тэр биед минь улам наалдлаа. “Тасраагүй байж”. Уян энхрий гар нь тавьж явуулахгүй гэсэн шиг чагтлан тэвэрч зөөлөн долгионтой үснээс нь сарнайн анхилам үнэр ханхална. “Ганц өнөөдөр надтай байгаач...”

Итгэж ядсандаа лавлан асуух гэж амаа ангайтал хагас нээсэн булбарай уруулных нь завсраас огт өөр хүний нэр гарлаа. Тэр л хүний тухай сүүлийн цаг хагас тэр тасралтгүй ярьж, будагтай нулимсаа ч түүнд л зориулж....Харин одоо намайг түүнтэй андуурч хамт байхыг гуйж байдаг. Танихгүй мөртлөө одоо мэддэг болчихсон адил хачин санагдах тэр хүний төлөө асгаруулах халуун нулимс мөрөн дээр минь хатна. Хэн ч татгалзаж зүрхлэмгүй сайхан бүсгүй энгэрт минь наалдан хамт байхыг гуйж байхад “Үгүй” гэх хэцүү байсан ч бардам зан минь дороос хатган, хөл дээрээ тогтож ядах түүнийг түшин гаргах гэж оролдсон ч болсонгүй.

Намар оройн жихүүн боловч намуухан шөнө анх болзсон тэр бүсгүйг би үүрээд машин тэрэг огт үл үзэгдэх хотын гудамжаар алхаж явлаа. Бурхан бидэнд зориулж, хөл үймээн бүхнийг таслаад, харин бүх гэрлийг асааж шөнийг гэрэлтүүлчихсэн юм шиг гайхалтай үзэсгэлэнтэй бас тайван. Яг л ийм шөнө миний төлөө тэгтлээ мэгшин уйлах бүсгүйн гараас хөтлөн алхаагүйдээ харамсах ч шиг. “Намайг битгий орхиорой...” Байн байн тэр амандаа ийн бувтанасаар.

Зочид буудлын саруулхан өрөөний голд байх өргөн орон дээр түүнийг би хэвтүүллээ. Аньсага нь нойтон нүд нь ч юм уу, арай ч гэмээр задгай даашинзных нь цаанаас цухуйх ангир цээж нь ч юм уу, намайг үнсээч гэх шиг зөөлөн улаан уруул нь ч тэр үү намайг хойш чангаагаад болсонгүй. Өндөр өсгийтийг нь тайлаад орон дээр эвтэйхэн хэвтүүлээд, пиджакаа тайлан хажууд нь хэвтлээ. Гэрэл унтарсан ч хагас хаалттай хөшигний цаанаас хотын гэрэл гялбалзана. Бүсгүй харзны ус шиг тунгалаг хар нүдээ нээлээ. Намайг ер бусын, хайр гэрэлтсэн, бас хайр гуйсан зүрх сүлбэм харцаараа харна. Тэгэхэд тэр залууд өөрийн эрхгүй атаархан дотор шатах шиг.

Жимсний үнэртэй зөөлөн уруулаа миний уруулд шүргүүлэхэд нүдээ анилаа. Уг нь би бүсгүйчүүдийг үнсэхдээ ч, янагийн ажил үйлдэхдээ ч харах дуртай. Харах бүр хачин их таашаал амсан жаргаж, гоо сайхныг уусан шингэтэл мэдрэх шиг болдог. Гэтэл энэ удаа нүдээ анихгүй байж чадсангүй. Намайг тойрон эргэлдэх үлгэрийн юм шиг ертөнцөд би живж байна. Жаргах нарны туяанд хонхон цэцэг сэвшээ салхинд бөхийх шиг элдэв бодол сэтгэл бүхэн алсад одоод гагц тэр гайхамшигт би мансууран согтоно. Урьд хожид мэдрээгүй халуун зүрхийг төөнөж, өөрөө би галт уулын халуун лаванд алгуурхан уусан хайлах шиг. Сэтгэл минь урсаж, нэг л мэдэхэд нулимс болон санчиг норгожээ.

Тэр маргааш нь огт өөр хүн шиг байлаа. Арван хоёр цагт хулуу болон хувирсан сүйх тэрэг шиг миний амссан жаргал зүүд байсан мэт тэр аяглана. Өглөөний цай ч хамт уусангүй, урт үсээрээ нүүрээ халхлан буруулж, “Завтай бол...” гэж хэлэх гэтэл минь таксинд суугаад надаас зугтаж одлоо. Тэр миний цээжинд тэсрэх бөмбөг үлдээчихээд явах шиг санагдав. Цагийн зүү чаг чаг гэж дуугарахад дэлбэрэх мөч нь ойртох мэт түгшээх тэр зүйл намайг амар суулгахгүй нь.

Ахин би түүнтэй бичиг баримт хувилах өрөөнд тааралдсангүй. Ажилтнуудын цайны газар нүдээрээ хичнээн эрэвч, зориуд өдөр бүр цагаа өөрчилж оровч зугтаад байх шиг зүүдний минь дагина надад үзэгдсэнгүй дээ. Харин хайрыг нь булаасан тэр хүнтэй гайтай юм шиг байнга л тааралдана. Урдуур минь, хойгуур минь өнгөрөх түүнийг юугаараа надаас илүүг ойлгох гэж зовохдоо уруулаа химлэж суудгаа ч би мэдсэнгүй.

“Үнсээрэй, үнсээрэй” гэж хуримын хөлчүүхэн зочид хашгиралдахад би ухаан орлоо. Цасан ширхэг шиг цагаахан хувцастай сүйт бүсгүй ичингүйрэхэд уригдсан зочид улам ч улайран орилолдоно. Хүмүүсийн хундаганы харших чимээ, бүжгийн ая, намайг тавлах мэт хайрын дуу. Энэ миний хурим биш, бас түүнийх ч биш. Уртаас урт ширээний хоёр захад баярлан хөөрөх олны дунд тэр бид хоёр л гунигтай. Улаан дарсыг угсруулан татахад толгой эргэн эргэн тойрны чимээ шуугиан арай ч намжина. Хайртай хүнийхээ хуриманд ирсэн бүсгүйн харцанд хурсан гуниг цөхрөл, атаархал, үзэн ядалт, тэр бүхний цаана нуугдаж үл чадах эзнээ олоогүй хайрыг харах бүр уусан дарс толгойноос шууд гарчих юм.

Тэссэнгүй. Миний цээжинд тавьсан тэсрэх бөмбөг дэлбэ үсэрлээ. Нүд харанхуйлан ухаан балартаж, зангиагаа урж тастмаар санагдан, зангидсан нударгаа хаа хамаагүй буулгамаар. Угаалгын өрөөний толинд өөрийгөө харахад нүднээс минь хар нулимс урсаж байлаа. Бардам сэтгэл үлгэр болон үлдэж. Би түүний өмнө өвдөг сөхөрлөө. “Өөртөө хайргүй хүнд дурлах ямар байдгийг ойлгосоон”. Ингэж хэлэхэд зөөлөн гар нулимсыг минь арчсан.

Хожим тэр надад хэлэхдээ, “Нулимсны чинь өнгө сэтгэлийг минь уяраасан” гэсэн юм.


Дэлгэрэнгүй...

Friday, December 10, 2010

Цас тэр хоёр


Хагассайн өдрийн өглөө гялсхийн өнгөрч нэг мэдэхэд үд дунд дөхжээ. Хагас ажилладаг өдөр амархан өнгөрчихдөгийн адилаар ажлын цаг хариугүй дуусах нь. Одгэрэл өрөөндөө ганцаараа тавтайхан сууж, уур савсах халуун кофегоо хоёр гартаа атган, лавсан унах цасыг цонхоор харан бодлогошрон сууна. Цас нэг хоёроороо, бөөн бөөнөөрөө будран будрахыг хараад л баймаар хачин үзэсгэлэнтэй. Яагаад ч юм амьдралын хамгийн гэрэлтэй насыг нь цас будрах ийм л бүүдгэр өдрүүд тодхон сануулах юм даа.

Жаргаж дурлаж инээж, буруу зөвийг бодох завгүй явсан насандаа түүнтэй учирсан. Оюутны ширээнээс дөнгөж салсан залуу ажилтны анхны шинэ жил. Үдэшлэг назгайран сунжирч халамцуу хүмүүс элдэв өнгөөр дуулалдан, гялбалзах гэрэлд үс гэзгээ сэгсийлгэн хамаа замбараагүй бүжиглэх хэсэг байхад суусан газраа ухаангүй уначихсан нь ч байна. Ажилд ороод удаагүй болохоор таних хүн цөөхөн залуу бүсгүй шанаагаа тулан тэднийг ажиглан сууна. Хамт явна шүү гэж тушаасан нэг өрөөний бүсгүй хундага тулгаад завгүй явах тул түүнийг хүлээлгүй явчихаж үл төвдөнө.

“Уйтгартай байна уу?” гэх дуун бодолдоо дарагдсан түүнийг цочоолоо. Намхавтар нуруутай, зөөлөн эелэг инээмсэглэлтэй тэр залуугийн нүдэнд Одгэрэлийн сэтгэлийг татах нууцхан нэг зүйл байж. Өндөр өсгийттэй бүсгүй тэр залуугаас ялигүй өндөр байхаа мэдрэх бүр инээд нь тэсгэлгүй хүрнэ. Гэрт нь дөхүүлж өгөх гэж яваа залуу бичдэг шүлгээ уншиж өгөнгөө цас чахруулан алхах учир түүний шоолж буйг яахан анзаарах. Намхан юм даа голох сэтгэл төрсөн мөртлөө сэтгэл гижигдсэн шүлгүүдийг нь өөрийн эрхгүй тоон, утгыг нь дотроо эргэцүүлэхээ өөрөө ч мэдсэнгүй.

“За сайхан амраарай. Нээрээ намайг Батзаяа гэдэг шүү. Маркетингийн хэлтсийнх.” Намхан залуугийн хоолой намуухан мөртлөө хүнийг татах хүчтэй. Анхны харцаар дурлах хүн лав биш учир Одгэрэл инээмсэглэсэн чигээрээ орондоо орлоо. Шинэ ажилтан бүсгүйд мэдэхгүй, чадахгүй, цөхрөх, гомдох үе цөөнгүй гарна. Тэгэх бүрт алба юм шиг Батзаяа л аргадаж, шинэ жүжиг кино үзвэр юу бүхэн түүнийг л урьж, цас ороход мээсэж бичнэ. Гэхдээ хэзээ ч бүсгүйд халдахыг оролдоогүй. Гараас минь хөтлөх вий, таалагддаг гэж хэлэх вий, гэрт минь хүргэж өгөхдөө үнсэх гэх вий, үгүй бол сэмхэн далимдуулаад тэврэх вий гэж Одгэрэл бодох ч залуу тэгсэнгүй. Тийм үг үйлдэл гаргаагүйд нь Одгэрэл баярлана. Тэгвэл “Үгүй” гэж хэлнэ, тэгээд тэдний хоорондох харьцаа дуусчихна гэж бодохоор яагаад ч юм гунигтай.

Дараа жилийн өвөл болоход Одгэрэлд илээр дурлал зарлагч гарч ирлээ. Гаравч оровч харуулдан дагаж, байнга л болзоо үдэшлэгт урьж, харж явдгаа нуулгүй хэлж, шалтаг гарвал бэлэг сэлтээр булна. Өөртөө итгэлтэй, өндөр, сайхан гэхгүй ч муухай гэмгүй төрхтэй тэр залууд Одгэрэл муухай зан гаргасангүй. Шуудхан л “Үгүй” гэж хэлээд холдуулдаггүйн учраа бүсгүй гадарлах бүр өөртөө эргэлзэн үгүйсгэнэ. Бадралтыг Одгэрэлд дурлалаа илчлэх гэж оролдох бүр нэг хос нүд гунигтай, үгүй бол хорссон ч юм шиг гялалзахыг харах дуртай байсанд хамаг учир оршино. “Тэнэг минь дээ, би Бадралтад сайн биш шүү дээ” гэж дотроо бодох бүр залуугийн дотроо хардан гомдохыг харах нэг л таатай, тэгэх бүр аалигүйтэн хөхөрмөөр, хор шарыг нь малтмаар санагдана. Тэгсэн мөртлөө дургүйцэн, урамгүйхэн цаашлахыг нь хараад өрөвдөн харамсах ч шиг.

Тэр өвөл цас бараг орсонгүй. Цасгүй хар өвлийг харахад нэг л хачин. Хүйтэн намар л юм шиг санагдаад болохгүй. Тэгж тэгж нэг цас орлоо. Одгэрэл санасан шигээ баярласангүй. Хэдхэн минутын дараа Бадралт гэрээс нь ирж аваад хамтдаа шинэ жилийн баярт явах гэж байгаа ч нэг л хөөрч догдолсонгүй. Гоёмсог даашинзтай охид бүсгүйчүүл гацуур модны чимэг шиг нүд гялбуулан, сонгодог хөгжмийн аяз эгшиглэн шинэ жилийн баяр цээжинд амтагдах тэр л баярт очихсон гэж удаан хүлээсэн ч өөрөөсөө өндөр Бадралттай бүжиглэнэ гэхдээ нэг л баярласангүй. Утасны хонх дуугарахад дотроо түүнийг л байгаасай гэж ямар их хүслээ, энэ шинэ жил яг үлгэр шиг төгсөж, өөрөөсөө намхан түүнтэй инээмсэглэн өхөөрдөн бүжиглэхсэн гэж яасан их хүслээ. Гэтэл Бадралт “гараад ир хонгорхон бүсгүй” гэж бичжээ.
Үлгэрийн цасан охин шиг гунхалзсан сайхан бүсгүй үүдээр гарч өөрийг нь хүлээн суух Бадралтын машинд суухдаа үлгэр өнөөдөр биелэхгүйг гуниглан мэдэрчээ. Өөр дээр нь ирээгүй түүнд гомдоод, цээжин дээр нь хүнд юмаар дарчихсан юм шиг хөндүүрлэвч бардам зангаараа тэсвэрлэн нүүрэн дээрээ илэрхийлсэнгүй. Бадралтад дурласан юм шиг түүнд тэврүүлэн бүжиглэж, асгартал урсгах үгсэнд нь живэн живсээр...Цээжин дотроо нулимс дуслуулж байсан ч хуурамчхан инээмсэглэлээр далдалжээ.

Одгэрэл түүнтэй дахиж дуугарсангүй. Ярилцъя гэвч үг нь эвлэхгүй, тэдний хооронд мөсөн хана босчихсон юм шиг нэг л эвгүй. “Чамайг хүнтэй сууж байгаа гэх юм” гэхэд нь аяархан “Үгүй” гээд толгойгоо сэгсэрсэн ч, зангирах хоолойноос нь “Чамайг л хүлээгээд” гэх дуун гарсангүй. Залуу өмнөх шигээ байхаа больчихжээ. Тэр бүсгүйгээс улам улам холдсоор, аажимхан хөндийрсөөр, нэг л өдөр ажлаасаа гарч, нэг л мэдэхэд амьдралаас нь явчихаж. Бодож төсөөлснийхөө яг эсрэгээр Одгэрэл Бадралтын гэргий гэгдэх болж гал голомтоо асаалаа.

Амьдралын эгэл өдрүүд ар араасаа залган хөвөрч, хөөрхөн охинтой, хоёр ихэр хөвгүүдтэй ч боллоо. Хайргүй хүнийхээ хатан нь болж яв гэж найзынх нь хэлсэн шиг Бадралтын хайранд эрхлэн ташуурч явсан ч дасч амьдрах хорвоогийн жамаар сэтгэлээ бага багаар өгсөөр нөхөртөө хайртай болж. Дахиж цасны тухай бодохоо байж, борооны тухай, намар шарлах навчсын тухай бодохыг хичээх болж, намба суужээ. Гэтэл гэв гэнэтхэн тэр гараад ирлээ. Гадаадын мэргэжилтний явуулсан сургалтан дээр урд талд нь суусан тэр залуугийн юу ч юм танил, яриа өдөх ёстой ч юм шиг хачин санагдсаныг түүнийг танимагцаа гайхахаа больсон.

Бараг л өөрчлөгдсөнгүй. Цасны тухай мартсан сэтгэлийг нь сэдрээх гэсэн юм шиг дуу хоолой нь, тэр инээмсэглэл нь, өөр лүү нь хардаг, бүхнийг хэлдэг харц нь хүртэл хэвээрээ байх гэж. Одгэрэлийн зүрх амь орох шиг болж юм ярихдаа жигтэйхэн сандарлаа. Ууж байсан цайгаа цалгитал гар нь чичрэн, асуух ярих зүйл үй түм байвч дуу нь гарахгүй зовооно.

“Тэр өвөл би чам дээр уг нь очсон шүү дээ. Хамаг үнэнээ хэлээд сэтгэлээ нээх гэж, хайртай гээд гарыг чинь гуйх гэж зоригоо чангалаад очтол чи өөр хүний машинд ороод сууж байсан. Чамд хязгааргүй хайртай гэж хэлэх гэж л би ухаангүй юм шиг яарч хүрсэн мөртлөө машинд суух гэж байсан чиний нэрийг дуудах зүрх хүрээгүй юм даа. Одоо санахад би даанч муу эр байж дээ.” Сэтгэл татах увидастай намуухан хоолойг нь сонсоод уйлах шахлаа. “Тэнэг минь, чамайг л хүлээсээр байхад ирсэн мөртлөө хэлэхгүй яагаав дээ. Бурхан минь та бидний учралыг яах гэж тэнд зөрүүлсэн юм бэ?” Нүдэнд нь нулимс цийлэлзэвч эргэж ирэхгүй цаг хугацааны хүрдийг буцааж дийлэхгүйгээс хойш яалтай. “Би бүр гурван хүүтэй болсон шүү дээ.” Нулимстай нүдээрээ инээмсэглэлээ. “Манай том охин наймтай, хоёр бага маань ихрүүд, гуравтай.” “Аа чи дандаа нэг охин хоёр хүүтэй болно гэж ярьдаг байсан даа...”

Хачин уулзалтаас хойш бүсгүйн сэтгэлд сэв суучих шиг хачин санагдах болжээ. Бодохгүй гэсэн мөртлөө юм л бол тэр тухай бодоод гөлөрчихнө. Нарийн ширийн зүйлсийг үл анзаарах цайлган нөхөр нь гадарласан ч үгүй. Утасны хонх дуугарахад сэтгэл нь сэрхийнэ. Уулзъя гэх вий гэхээс сэтгэл нь жигтэй үймрэнэ. Гэтэл үнэхээр л “уулзъя” гэжээ. Уулзвал биеэ барьж тэсэхгүй байх вий, нөхрийнхөө сэтгэлийг хөргөх зүйл хийчих вий гэж бүсгүй өөрөөсөө айлаа. Хэзээ ч эхнэрийн журмыг алдаж үзээгүй өөрийгөө тийм зүйл хийнэ гэж төсөөлөхөд бэрх авч зөн совин нь тэгж өгүүлээд болсонгүй.

Энэ удаа тэр алга болсонгүй. “Уулзъя” гэж шаргуу гуйсаар. Уулзаад хэрхэх санаа өвөрлөснийг мэдэхгүй, магад зүгээр л өнгөрсний тухай дурсан яриад салахыг бодсон эсэхийг хэлж мэдэхгүй ч Одгэрэл зөвшөөрч, бас татгалзаж чадсангүй. “Миний ханиа, юу бодоод суучихав?” Гүн бодлоос нь сэрээсэн энэ дуу асуултынх нь хариуг өгөх шиг санагдав. Зүгээр л угаалгын өрөөндөө ороод, цоргоор гоожих усны чимээнд чимээгүй уйллаа. Өнгөрч одсон хайрынхаа төлөө, үгүй бол аварч үлдэх ёстой амьдралынхаа төлөө, тэднээр тоглосон хувь заяанд гомдсондоо, эсвэл өөрт нь хайртай ханьдаа баярласандаа уйлсан байж мэднэ.

Бямба гаригийн үдээс өмнө өнгөрч, ажлын цаг дуусчээ. Цав цагаан хувцастай гоолигхон бүсгүй өөрийг нь хүлээж байсан хар машины хажуугаар өнгөрлөө. Дотор нь суух тэр араас нь дагуулан харахыг мэдрэвч эргэж харсангүй. Будрах цас нүүрэн дээр нь хайлавч нулимс ахин урссангүй. Хэзээ хэзээнээс илүү сэтгэл нь хөнгөрснийг л мэдэрчээ. Юуг ч бодолгүй өнгөрснийг ардаа орхиод зүгээр л урагшаа алхана. Цас ийм сайхан билүү гэж дуу алдмаар баяртай санагдана. Цас улам их орно. Цасанд ахиад дурлажээ.


Дэлгэрэнгүй...

Sunday, December 5, 2010

Хайр


Нарны илчит алтан туяа гэрийн тооноор тусан, хөндлөнгөөс харахад нэл олон алтан утас унжуулсан мэт. Гэрийн дотор цэвэр бөгөөд цэгцтэй, амьдрал ахуй нь тэгширсэн айлын аятай үнэр ханхална. Эрүүл чийргийг илтгэх улаан хацартай, хөрслөг бор хүүхэн зуурсан гурилыг шалмагхан нухлах зуураа байн байн ханын толгойд өлгөсөн цаг руу харах нь гялалзтал гүйх цагийн зүүнээс өрсөх гэсэн мэт. Хайрсан гурилын тааламжит үнэр хуурсан мах ногооны арааны шүлс асгарам үнэрээр солигдон, тогооны таган дээгүүр үл мэдэг уур савсана.

Гэрийн эзэн хашааны үүдээр алхан орж ирэхийг зөнгөөрөө мэдэрсэн эзэгтэй гараа хормогчиндоо арчин бушуухан өндийж гар угаах ус бүлээтгэлээ. Мах ногоо алагласан цуйванг голох мэт алгуур зажлан идэх хар хүн нь баргар царайлахыг эхнэр нь түгшин ширтэнэ. Байн байн татаад байсан доод зовхи нь ямар нэг мууг ёрлоогүй гэж итгэхийг хүссэн бүсгүй харцаа буруулан аяга тавгаа хураалаа. Шөнө болж, нарны гэрэл сарны туяагаар солигдоход буруу харан чимээгүй хэвтэх хар хүнийхээ хажууд ханхай гэрт ганцаар суух мэт түшиг үгүйлэх бүсгүй санаашран, тооноор мэр сэр үзэгдэх оддыг сая л үзэх мэт ширтэн гөлөрчээ. Эр нөхрөөс нь мөс мэт хүйтэн уур савсах шиг санагдахуй нүднээс нь бүлээн нулимс сэм асгарна.

Үүдээр алхан гарах хөлийн чимээ хэзээ ч байгаагүй хүнд санагдан өр зүрхэн дээгүүр нь дэвслэх адил болоход чихэнд нь “Боловсролгүй, хормойтойгоо орооцолдохоос өөрийг чадахгүй хөдөөний бүдүүлэг хүүхэн шүү дээ чи. Миний оюун санаа чиний дэргэд бүдгэрч бүдүүлэг болж гүйцлээ” гэх хахир дуун хадна. Уг нь өөрийн биеэс илүү эрхэмлэн өдөр шөнийг ялгалгүй санаа алгасан зөвхөн түүнийгээ л хайрлаж өөрийн чадах бүхнээ хийсэн билээ. Тэр бүсгүйн чадах зүйл нь л нөхрөө чин сэтгэлээсээ “хайрлах” байсан юм.

Шинэ айлын юм бүхэн шинэхэн. Орны бүтээлэгнээс нь дасал бус үнэр ханхалж, ханын цаасан дээр нь сараачиж зурсан зураас нэг ч үгүй. Мах өөхгүй эрүүл хоол, шинэ ногооны салад, жимсний шүүс, эелдэг боловсон зочид, ихэмсэг бөгөөд хөндий яриа, хуурамчхан инээд , шилэн эдлэл, гэрэл ойход үүсэх гялбаа. Шинэ айлын шинэхэн эзэгтэйд чадахгүй юм гэж ховор. Олон хэлээр ярьж, ойгүй амжилтаараа бүхнийг гайхуулна, дуулж бүжиглэж наргиж цэнгэхдээ гаргуун ч хэр хэмжээг барьж бас чадна. Гэвч хар хүний сэтгэлээс нэгийг ухаад авчихсан мэт хөндий, юм бүхэн байвч юу нэг дутахыг гайхан мэдрэнэ. Эрэн бэдрэвч олж үл чадах зүйлээ юу гэдгийг ойлгохыг хүснэ. Гэвч эцэст нь шинэ гэргий нь бүхнийг чаддаг авч ганцхан зүйлийг чадахгүйг мэджээ. Тэр “хайрлаж” мэддэггүй байж.

Эргэж буцах гэвч нэгэнт зам үгүй болж, эгнэгт зүрхэндээ тэр нүхийг агуулж явах болсноо харуусан мэдрэнэ. Бүхнийг сурж болох ч хайрлахыг сурж болдоггүйг, тэр бол зөвхөн зүрх сэтгэлээс ундрах ховорхон чадвар болохыг хожуу ойлгосон өөрийгөө зүхнэ. Тэр гайхамшгийг мэдрүүлэгч амьд багшийн дэргэд өчнөөн олон жил байсан ч туйлын чухал тэр л зүйлийг ойлгож мэдээгүйдээ уурсана. Тэр л зүйлийг чадаж байвал бусад бүхнийг чадахгүй байсан ч “хүн” хэвээрээ үлдэж чадна. Хайрлах гэгч хамгийн дотроос гайхамшигт чанар ажээ.

Залуу буцаж явахаар шийдэв. Эргээд очиход тэр гэрийн хаалга өмнө нь өөриймсгөөр онгойх үгүй бол тасхийтэл савагдах үгүйг мэдэхгүй ч гэлээ эргэж очихыг ихээр хүсчээ. Өндөр боловсролтой, япон гангар шаазан шиг нимгэхэн эмзэгхэн эхнэр нь түүнрүү итгэж ядан гайхан ширтэнэ.

- Юугаараа надаас илүү гэж?

Өмнө нь олж ядан байсан хариулт одоо дэндүү амархан санагдана. Тэр “хайрлаж” чаддаг юм. Гайхсан хэвээр ихэмсэгхэн ширтэх бүсгүйн өмнүүр хаалга хаагдлаа.


Дэлгэрэнгүй...

Цас бид хоёр



Нэвсийтэл нэг их цас ороосой. Бүр хунгарлаад алхаж чадахгүй түүртмээр тийм их цас ороосой. Том том ширхэгтэй бөөн бөөн цас лавсаасай. Ажлаасаа гүйж гарангуутаа тэр их цасан дээр шууд дээшээ хараад хэвтэх юмсан. Хөл гараа тийчилж, хүн амьтангүй юм шиг хашгирч, тааваараа хөлбөрч цав цагаан цасан дээр мөр гаргах юмсан. Хуурай хүйтэн халцгай хар өвөл биш, жигтэйхэн бамбагар зөөлөн чийглэг цагаахан өвөл байвал сайхан даа.


Цас бид хоёр анх яаж танилцсаныг би санадаггүй ээ. Тэр үед магад хүйтэн цагаахан цасан ширхэгийг хачирхан, атгаж аваад гараа хайруулан уйлж байсан ч байж магад. Харин цасны тухай анхны дурсамж дунд ангид орсон үеэс эхэлнэ. Сургуулийн жижигхэн дөрвөлжин шар байшингийн ард талын налууг дагаад хүүхдүүд гулгаад л байна. Зарим нь цүнхээ тавиад, цаас, гялгар уут олж ирээд гулгаад л байна. Хичээл үд өнгөрч тарахад бүүдийсэн тэнгэрээс цас лавсаад л, хацар нь улайсан хүүхдүүд хашгиралдаад л, гулгаад л байна. Өвлийн гутлаа дааж алхаж чаддаггүй сульдаатай байсан би хүнд цүнхэндээ түүртээд бага зэрэг бөгтийж алхана. Гэрлүүгээ орохын хэрд харахад тоглоомын талбай дээр хүүхдүүд цасаар байлдаж л байна. Нэг л тийм бүрхэгдүү тэнгэр, зөөлөн цас, тэгээд тийм ч хүйтэн биш орой л санагдана. Одоо хүртэл хааяа сургуулиас ирж буцах тэр замыг зүүдлээд л байдаг юм.


Дараагийн дурсамж нь есдүгээр ангид ч билүү гэрийнхээ урд талын цэцэрлэгт орой зургаан цагт хүн хүлээгээд зогсож байх үед бас л нөгөө гоё цас арай жижигхэн ширхэгтэйгээ бударч байх үед тохиожээ. Ерөөсөө болзоо ч биш, зүгээр л нэг найзыгаа хүлээж байх мөртлөө цас ороход учиргүй догдлоод л, хэзээ нэг өдөр жинхэнэ хайртай хүнээ ийм цастай өдөр цэцэрлэгт хүлээнэ дээ гэж бодоод л. Хүлээсэн найз минь ирж чадаагүй ч ганцаараа хүлээх тэр агшин тийм дурсамжтай байна гэж мэдээгүй.


Тэгээд тэр жилийнхээ 2-р сард эмээдээ золгох гэж хөдөө явж байгаад цасан шуурганд хээр хөдөө хоёр хоног суусан тохиолдол. Тэгэхэд цас тийм ууртай догшин, аймаар, бас хор хөнөөлтэй байдгийг мэдэж авсан юм. Унтарчихсан машиндаа нэг хонохдоо миний дуртай байсан цас угалзран мушгирч, уурсан исгэрч, хөөрхий машиныг шавхуурдан, аашилж байсныг харж, анх удаа “үхэл”-ийн тухай тийм нухацтай бодож, магад нүүр тулсан нь тэр байх. Ингээд цас бид хоёр бараг муудалцахаа шахав.


Тэгсэн их сургуулиа төгсөх жил өвөл өнгөрөөд хавар эхэлж байхад анх удаа Тэрэлж явж үзэвээ. Өдий хүрчихээд Тэрэлж явж үзээгүй гэхээр гайхсан япон найз эгч минь монгол охинд Тэрэрүжи үзүүлнэ гээд явж билээ. Урьд шөнө нь яагаад ч билээ орой унтсан, нойр муутай байсан би, машинд нозоорон байж очоод буухад тэнгэр цэв цэлмэг, цэв цэнхэр, цас цав цагаан, зөөлхөн дулаахан байсан. Тэгэхэд анх цасан дээр дээшээ харж хэвтээд тэр амгалан тэнгэрийг харж, нарны туяа нүүрэн дээр наадаж, нүдээ анин хэсэг зуур мартагдашгүй жаргалыг мэдэрсээн. Тэр цагаахан цасан дээр хүний нэр бичиж, урагш хойшоо гүйж, хөлийнхөө мөрийг янз бүрээр хээлж үзэж, анх удаа цас харсан хүн шиг л аашилж билээ. Ингэж л цас бид хоёр эвлэрсэн.


Харин буцах замдаа модон гүүрэн дор голын тэгшхэн толигор мөсөн дээр гутлаараа гулгаваа. Эхлээд өөртөө итгэлгүй нэг хөлөө тавьж үзээл, гулгамар аядсан болж байхаар нь зориглоол гулгаал, инээгээл, их байсан чинь байхгүй бөгсөөрөө тас хийтэл саваад унасан. “Ёооё” гэж сэмхэн ёоолчоол ойр хавьд эрхлэх хүн байхгүй болохоор тэгээл босоод ирж байгаам. Япон найз эгчийн нөхөр санаа нь зовчихсон зүгээр үү гээд л, би бантсандаа “өө энэ бол юу ч биш” ухааны юм яриал, юун гулгах мөсөн дээгүүр баацагнаад машин руугаа маарш. Хамгийн гоё өвөл тэр байжээ ер нь. Одоо авахуулсан зургаа харахаар зурган дотроо орчихмоор бодогдоод болдоггүй юм.


Одоо өвлийн ойд очихыг л ихээр хүсдэг. Кинон дээр гардаг шиг хайртай хүнтэйгээ хөөцөлдөөд л, модны наана цаагуур ороод л, мангар том цас бөөрөнхийлж аваад хорлонтой гэгч нь яг дагзруу нь чанга шидээд л, өөрөө цасан бөмбөгнөөс бултаад л, хайртыгаа цасан дээр түлхэж унагаал, гэдсэн дээр нь гарч үсрээл. За сүүлийн хоёр өгүүлбэрийг хасаад умшчихаарай.


Цас бид хоёр хэзээ танилцсаныг даанч санадаггүй. Хүн хүний амьдралд цастай холбоотой түүх бий байх. Харин надад цас амар амгалан байдлыг санагдуулдаг юм. Нэвсийтэл нэг их цас ороосой.


Дэлгэрэнгүй...