Tuesday, December 28, 2010


Шинэ жил ирлээ ирлээ, шинэ он гарлаа гарлаа...Юу юугүй он гарах гээд гэртээ орж амжихгүй яараад гүйж байгаа хүний дуу шиг санагддийн. Гэхдээ дуртай л даа. Хамгийн сүүлд нь санаа нь амраад “Шиййййнэ ооооон гааарлааа” гэдийн, хэ хэ.

Найзынхаа фэйсбүүк дээр эх хэлээрээ алдаагүй зөв бичье, наргиан тоглоомоор хэлээ зажилж аалигүйтэхээ больё гэснийг хоёр гараа өргөн дэмжсэн мөртөө яг блог дээр бичлэг хийхдээ тэгж бичихээр нэг л хэт албархуу хүйтэн хөндий санагдаад байх юм.

Шидэт шинэ жил гээд сүрхий нэртэй бичлэг эхлүүлчихээд оноос өмнө дуусгана барина гэсэн нүсэр амлалтыг олон түмэндээ өгөөд байсан ч төлөвлөөгүй ажил ундраад яасан ч амжихаа байчихсөөн :( Гэхдээ шинэ он гарсан хойно ч бичлэгээ үргэлжлүүлээд дуусгаж л таараа.
Өнгөрсөн он сайхан он байлаа. Сэтгэл зүрхээ эдгэрүүлж ойлгож ухаарч, уучилж, тэвчиж сурсан жил байлаа. Хэн нэгнийг үзэн ядах амархан ч уучилж өршөөгөөд сайнаар бодож санаж явах ямар хэцүүг биеэрээ мэдэрч, амьдралын их сургуулиас нэг хичээлээ хааж дүнгээ гаргасан л гэж өөрийгөө дүгнэж сууна.

Хамгийн баярлууштай нь гэр бүлийн амьдралд нааштай сайхан өөрчлөлт гарч, эрх шар дүү минь хариуцлага хүлээдэг том хүн болжээ. Анхныхаа цалингаар эгчдээ баярын даашинз авч өгч, бас дээр нь зүүх ээмэг зүүлт бэлэглэж, ажил хийж завгүй гүйж байгааг нь харахаар хайр хүрэх юм. Хэзээ ухаан орно доо гэж аргаа барж цөхөрч байснаа санахад ирээдүй бидэнд үргэлж сайн сайхныг бэлдэж байдагт улам ихээр итгэх боллоо.

Дуншиж дуншиж энэ онд гурав дахь номоо төрүүллээ. Урьд урьдаас илүү их анхаарч ач холбогдол өгсөн болохоор хэвлүүлчихээд энгэртээ тэврэхэд сэтгэлд дулаахан таатай байсан гэж жигтэйхэн. Хүмүүс уншиж байгаа, бүр салбарч ноортол нь булаацалдан уншиж байгааг сонсоод дотроо хачин их баярласан. Нэг ч гэсэн хүнд хүрч, сэтгэлд нь гэгээ нэмж байгаа надаас гарсан цацраг гэж бодохоор үнэмшмээргүй сайхан.

2009 онд бөхийсөн нуруу 2010 онд тэгширч, угтах ирээдүйн төлөө урам зоригтой тэмүүлэх хүчийг хайрлалаа. Нэг өдөр, нэг сар, нэг жил бүхэн амьдралын хуудсыг баяжуулж бодох санах, хийх бүтээхийг нэмэгдүүлнэ. Амьдралын зорилго гээчийн тухай анх удаа удаан бас нухацтай бодож үзлээ. Том хүн болж байгаа нь тэр байх гэж өөрийгөө дүгнэлээ.

Нэг хүнд архи уухаа болиход нь бага ч гэсэн туслах зөвлөгөө өгсөн гэдэгтээ итгэж байгаа. Тэр бол миний хамгийн том бахархал. Нэг хүний амьдралыг гашуун уснаас аварч, сархданд живсэн түүнийг хүний амьдралд эгүүлэн ороход нь өчүүхэн боловч нэмэр болсон байх гэж санахаас цээж дүүрэн баяртай. Уухгүй байгаа, тэвчсэн гэх тохиолдол бүрийг нь дуулахдаа хүний сайн сайханд итгэх итгэл нэмэгдэж байгаа. Энэ хэвээрээ байгаасай, архинаас бүрмөсөн гараасай гэж маш ихээр найдаж итгэж байгаа. Уг нь бол миний сайн ч гэж юу байхав, уг хүнийх нь ухамсар сайн болохоор үр дүн сайн байгаа хэрэг л дээ.

Өнгөрсөн оны хүүдийг ухахад ийм байна. Ирэх жил бүр ч гайхам, улам ч сайхан байгаасай гэж хүслээ шивнэсэн. Хамгийн гол нь бүгдээрээ эрүүл энх, элэг бүтэн байгаасай л гэж хүссэн. Тэгвэл амьдралын бусад асуудлууд аажимдаа шийдэгдэж л таараа. Хүний хайрыг бага ч гэсэн үнэлж хайрлаж сурсан гэж л өөртөө итгээд байгаа юм шүү дээ :)

Дахиад нэг шинэ жилийг хамтаа үдэж байгаа хайрт уншигчиддаа баярлаж байна, бас хамгийн сайхан бүхнийг хүсэж байна. Дандаа хэлдэг ч хэлэхээсээ хэзээ ч уйдахгүй, “БАЯРЛАЛАА”. Та бүхний сэтгэлийн дулаан үгүй бол жижигбаатарын орон зай үгүй байх байсан. Надтай хамт инээж уйлж, унаж босож, урагшилж л яваа та нартаа шинэ жилийн мэндийг халуун сэтгэлийн гүнээс хүргэе! Юу санасан есөн цагаан хүсэл бүхэн биелэх болтугай!

10 comments:

Asur said...

Чамд ч бас шинэ оны мэнд

Бэмэр миний бие болбоос .. said...

шинэ оны мэнд..

Шидэт шинэ жилийг хүлээгээд байнга шахуу нэмэгдэж үү гээд л хараад байсан чинь завгүй болчихсон юм байналдаа

LuZa said...

Шинэ оны мэндэээээээээээээ

Enkhbaatar said...

Шинэ оны мэнд хүргэе.

Шинэ ондоо амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөл дэвшүүлье.

Ирэх жил чамаас багадаа нэг ном боломжтой бол 2 ном хүлээж байгаа шүү.
Ажил амьдралынхаа хажуугаар ухаарал баясал дагуулсан сайхан өгүүллэгүүдээр биднийгээ баясгадагт баярладаг шүү.

Нафанья said...

Ирэх жил дөрөв, тав, зургаадах номоо хэвлүүлээрэй.

Ирж буй шинэ жилийн мэнд хүргэе

Mishaa said...
This comment has been removed by the author.
Mishaa said...

hezee chi nadad arhinaas gar gej helsiin Kkkkkk
ingeed soliorood bhgvi yu ;-)
Shine nomoo hevluulsend bayar hurgieee,Nadad daanch chinii nomnuud bggvi ni toogvi.2 sard nzuud ilgeemj yavuulah surag sonsogdson zaaval nomiig chini zahij unshinaaa ;-)
Za ter yahav ho hol oiriin hov jiv yu bna ;-) Ingeed l bas soliorood bhgvi yu Kkke
neeree shine on garlaa.End ch 24,25nd temdgeltsen.
Za tegeed and nz chamdaa irj bui shine ondoo amjiltbuteeleer duuren bhiig husen eorooe ;-)
Bi blogoor chini shagaih bolgondoo chinii Hongorhon ineemsegleliig dandaa hardag shuu ;-)

Anonymous said...

Sain u?
Het elbeg jargal dund heseghen zovlon bas amttai gej...

Chamg zov gej bgaan bish shu. Yahav magtah olon n baihad bolgoomjluulah gants n baival zugeer yum bolov uu gej bodsoniih. Yum olon bolood ireheeree l joohon utgagui bolchdog yum shig. Yahav de humuus taniig unelj l bn. Sain l baina. Ta chadaj bn.
Gol n uurtuu l setgel hangaluun uuriihuu tavisan shalguurt tentsej, tuundee setgel hangaluun yavah l zuv yum bolov uu daa. Sain buteel jild 2-3aaraa bish bur 10-20n jild gants l turdug yum. Tiim uchiraas ta tsag hugatsaand barigdaj zahialgat nairagch aytai sandran bichih shaardlaga bhgui met. Setgel gedeg uuriin tsag hugatsaatai. Hezee huglugdunu ter ued n l bich. Tegsen tsagt muugui bichleg tanias garna gedegt bi ergelzehgui bn. Avah geeheer handana bizde.
Amjilt. Bas shine onii mend.

Tuk said...

Шинэхэн шинэ оны мэндээ.
Шинэ жилээ сайхан угтсан биз дээ?
Эртээдээс хойш сээгий бичих гээд болкуу байлаа. Өнөөдөр өөр газраас нэг юм бичив

Anonymous said...

shine jilee hurdan oruulaachee, hun ingej tamlahaa bolimoor yum