Sunday, December 19, 2010

Хар нулимс


“Эмэгтэй хүн өөртөө хайргүй хүнд дурлах ямар хэцүүг мэдэх үү? Сэтгэлээ илчилж ч чадахгүй, тэглээ гээд ямар эргээд хайрлуулж чадах ч биш. Гэхдээ сэтгэлдээ шатаж, наашаа гэх ганц харцанд нь хүртэл хайлж амьдрах ямар хэцүүг мэдэхгүй л биз дээ? Тэгсэн мөртлөө нүдний өмнүүр өөр эмэгтэй хөтлөөд өнгөрөхөд нь миний сэтгэл ямар байдгийг ядаж ойлгох юм уу?”

Нулимс мэлтгэнэсэн нүдээрээ хариулт нэхэн ширтэн ингэж хэлэхэд нь хацар дээгүүр нь нулимс бөмбөрлөө. Миний өмнө харж байгаагүй хар өнгөтэй нулимс. Нүдний будаг биш сэтгэлийнх нь хамаг гаслан гомдол шингэсэн юм шиг тэр нулимс хар зам татуулан урсахыг ч бүсгүй хайхарсангүй. Миний хачирхан харахыг үл тоон тэр мэгшин уйлж эхэллээ. Надаас болж уйлаагүй бүсгүйг хэрхэн аргадахаа мэдэхгүй эвгүйрхэн гараа сунгатал ширээ дэрлэн уйлж байсан тэр чимээгүй болчихов.

Удтал хүлээсэн миний болзоо танил зоогийн газрын бусдаас хөшгөөр тусгаарлагдсан жижигхэн тусгай өрөөнд аятайхан эхэлсэн ч ингэж л дууслаа. Болзоно гэж аль эртнээс тогтчихоод хэн хэн нь тэгтлээ чармайгаагүй тул хэзээ хойно арай гэж болсон энэ болзоог би сэтгэл догдлон хүлээгээгүй. Хэдэн зуун ажилтантай, бие биетэйгээ үг солих ч завгүй бужигналдан байдаг том компанийн бичиг баримт хувилах өрөөнд түүнтэй би дандаа тааралддаг байлаа.

Толгой дохин мэндэлцгээгээд тус тусын ажилдаа орж, хэвлэх хувилах зүйлээ хийж аваад дуугүйхэн салж одно. Тэр дунджаас арай өндөр нуруутай, хараа булаам гоолигхон биетэй, боровтор царайд нь том хар нүд нь гайхалтай зохисон, хальтхан харсан хэн ч нэртэй охидын хамтлагийн нэгэн гишүүнтэй андуурдаг сайхан бүсгүй. Би бол ажилдаа зүрх сэтгэлээ зориулан, ирээдүйнхээ төлөө итгэл төгс урагшлан амжилт гаргаж яваа залуу менежер. Гадна төрх минь онцлох юмгүй ч сэмхэн тэд намайг сайхан залуу гэж шивнэлддэгийг мэднэ.

Гэв гэнэтхэн чимээгүй болсон болзоот бүсгүйгээ нэрээр нь дуудсан ч хариу өгсөнгүй. Мөрөнд нь гараа хүргэн босгох гэтэл хөдөлсөнгүй. “Яг тасарчихаж”. Эвтэйхэн тэврээд босготол тэр биед минь улам наалдлаа. “Тасраагүй байж”. Уян энхрий гар нь тавьж явуулахгүй гэсэн шиг чагтлан тэвэрч зөөлөн долгионтой үснээс нь сарнайн анхилам үнэр ханхална. “Ганц өнөөдөр надтай байгаач...”

Итгэж ядсандаа лавлан асуух гэж амаа ангайтал хагас нээсэн булбарай уруулных нь завсраас огт өөр хүний нэр гарлаа. Тэр л хүний тухай сүүлийн цаг хагас тэр тасралтгүй ярьж, будагтай нулимсаа ч түүнд л зориулж....Харин одоо намайг түүнтэй андуурч хамт байхыг гуйж байдаг. Танихгүй мөртлөө одоо мэддэг болчихсон адил хачин санагдах тэр хүний төлөө асгаруулах халуун нулимс мөрөн дээр минь хатна. Хэн ч татгалзаж зүрхлэмгүй сайхан бүсгүй энгэрт минь наалдан хамт байхыг гуйж байхад “Үгүй” гэх хэцүү байсан ч бардам зан минь дороос хатган, хөл дээрээ тогтож ядах түүнийг түшин гаргах гэж оролдсон ч болсонгүй.

Намар оройн жихүүн боловч намуухан шөнө анх болзсон тэр бүсгүйг би үүрээд машин тэрэг огт үл үзэгдэх хотын гудамжаар алхаж явлаа. Бурхан бидэнд зориулж, хөл үймээн бүхнийг таслаад, харин бүх гэрлийг асааж шөнийг гэрэлтүүлчихсэн юм шиг гайхалтай үзэсгэлэнтэй бас тайван. Яг л ийм шөнө миний төлөө тэгтлээ мэгшин уйлах бүсгүйн гараас хөтлөн алхаагүйдээ харамсах ч шиг. “Намайг битгий орхиорой...” Байн байн тэр амандаа ийн бувтанасаар.

Зочид буудлын саруулхан өрөөний голд байх өргөн орон дээр түүнийг би хэвтүүллээ. Аньсага нь нойтон нүд нь ч юм уу, арай ч гэмээр задгай даашинзных нь цаанаас цухуйх ангир цээж нь ч юм уу, намайг үнсээч гэх шиг зөөлөн улаан уруул нь ч тэр үү намайг хойш чангаагаад болсонгүй. Өндөр өсгийтийг нь тайлаад орон дээр эвтэйхэн хэвтүүлээд, пиджакаа тайлан хажууд нь хэвтлээ. Гэрэл унтарсан ч хагас хаалттай хөшигний цаанаас хотын гэрэл гялбалзана. Бүсгүй харзны ус шиг тунгалаг хар нүдээ нээлээ. Намайг ер бусын, хайр гэрэлтсэн, бас хайр гуйсан зүрх сүлбэм харцаараа харна. Тэгэхэд тэр залууд өөрийн эрхгүй атаархан дотор шатах шиг.

Жимсний үнэртэй зөөлөн уруулаа миний уруулд шүргүүлэхэд нүдээ анилаа. Уг нь би бүсгүйчүүдийг үнсэхдээ ч, янагийн ажил үйлдэхдээ ч харах дуртай. Харах бүр хачин их таашаал амсан жаргаж, гоо сайхныг уусан шингэтэл мэдрэх шиг болдог. Гэтэл энэ удаа нүдээ анихгүй байж чадсангүй. Намайг тойрон эргэлдэх үлгэрийн юм шиг ертөнцөд би живж байна. Жаргах нарны туяанд хонхон цэцэг сэвшээ салхинд бөхийх шиг элдэв бодол сэтгэл бүхэн алсад одоод гагц тэр гайхамшигт би мансууран согтоно. Урьд хожид мэдрээгүй халуун зүрхийг төөнөж, өөрөө би галт уулын халуун лаванд алгуурхан уусан хайлах шиг. Сэтгэл минь урсаж, нэг л мэдэхэд нулимс болон санчиг норгожээ.

Тэр маргааш нь огт өөр хүн шиг байлаа. Арван хоёр цагт хулуу болон хувирсан сүйх тэрэг шиг миний амссан жаргал зүүд байсан мэт тэр аяглана. Өглөөний цай ч хамт уусангүй, урт үсээрээ нүүрээ халхлан буруулж, “Завтай бол...” гэж хэлэх гэтэл минь таксинд суугаад надаас зугтаж одлоо. Тэр миний цээжинд тэсрэх бөмбөг үлдээчихээд явах шиг санагдав. Цагийн зүү чаг чаг гэж дуугарахад дэлбэрэх мөч нь ойртох мэт түгшээх тэр зүйл намайг амар суулгахгүй нь.

Ахин би түүнтэй бичиг баримт хувилах өрөөнд тааралдсангүй. Ажилтнуудын цайны газар нүдээрээ хичнээн эрэвч, зориуд өдөр бүр цагаа өөрчилж оровч зугтаад байх шиг зүүдний минь дагина надад үзэгдсэнгүй дээ. Харин хайрыг нь булаасан тэр хүнтэй гайтай юм шиг байнга л тааралдана. Урдуур минь, хойгуур минь өнгөрөх түүнийг юугаараа надаас илүүг ойлгох гэж зовохдоо уруулаа химлэж суудгаа ч би мэдсэнгүй.

“Үнсээрэй, үнсээрэй” гэж хуримын хөлчүүхэн зочид хашгиралдахад би ухаан орлоо. Цасан ширхэг шиг цагаахан хувцастай сүйт бүсгүй ичингүйрэхэд уригдсан зочид улам ч улайран орилолдоно. Хүмүүсийн хундаганы харших чимээ, бүжгийн ая, намайг тавлах мэт хайрын дуу. Энэ миний хурим биш, бас түүнийх ч биш. Уртаас урт ширээний хоёр захад баярлан хөөрөх олны дунд тэр бид хоёр л гунигтай. Улаан дарсыг угсруулан татахад толгой эргэн эргэн тойрны чимээ шуугиан арай ч намжина. Хайртай хүнийхээ хуриманд ирсэн бүсгүйн харцанд хурсан гуниг цөхрөл, атаархал, үзэн ядалт, тэр бүхний цаана нуугдаж үл чадах эзнээ олоогүй хайрыг харах бүр уусан дарс толгойноос шууд гарчих юм.

Тэссэнгүй. Миний цээжинд тавьсан тэсрэх бөмбөг дэлбэ үсэрлээ. Нүд харанхуйлан ухаан балартаж, зангиагаа урж тастмаар санагдан, зангидсан нударгаа хаа хамаагүй буулгамаар. Угаалгын өрөөний толинд өөрийгөө харахад нүднээс минь хар нулимс урсаж байлаа. Бардам сэтгэл үлгэр болон үлдэж. Би түүний өмнө өвдөг сөхөрлөө. “Өөртөө хайргүй хүнд дурлах ямар байдгийг ойлгосоон”. Ингэж хэлэхэд зөөлөн гар нулимсыг минь арчсан.

Хожим тэр надад хэлэхдээ, “Нулимсны чинь өнгө сэтгэлийг минь уяраасан” гэсэн юм.

13 comments:

Enkhbaatar said...

WOW. Үнэхээр сайхан
Чиний өгүүллэгүүдийг унших үнэхээр сайхан шүү. Хайрын тухайн үлгэрийг чинь өнгөрсөн амралтаар эргүүлж уншсан. Сэтгэл сэргээд ихийг ойлгуулдаг болхоор би салж чаддаггүй юм.

Удахгүй гарах шинэ оны мэнд хүргэе.

PS:Шинэ жилийн гоё өгүүллэгээр биднийгээ дайлна гэдэгт найднам.

freestyle529 said...

Энхбаатарт, уншигч цөөн, сэтгэгдэл бүр цөөн блогт минь ганцаардуулдаггүйд тань баярлалаа. Бараг хэн ч уншаагүй биз дээ гээд түгшин шагайхад чин сэтгэлийн үгээ үлдээсэн байсан тань миний хувьд шинэ жилийн бэлэг байлаа.
Тун удахгүй ирэх болор мөнгөн шинэ жилийн мэндийг бас хүргэе.
Үл урвах хайрын гэрэл үргэлж таныг гэрэлтүүлэх болтугай.

Anonymous said...

oortoo hairtaig ni meddeg baigaad ch ooroo hairgui bol yah geed ch yaj ch chadahgui baihaa, te, eregteinh ni huvid. Orovdood suulaa, hani ijil bolloo gehed hir udaan tiimerhuu baidaltai yavah bol? Hairgui hunteigee suusan yum chini huurahgui-geer amidarch chadna gehed hetsuu, te. Tiim bolohoor gai bolohguigeer zugeer l medsen ch medeegui durtei orhison ni deer baihaa, tiimuu?

Нафанья said...

Huue bi dandaa unshdag shuu sedhegdel uldeedguu l bolohoosish,sedhegdel uldeehees aigaad bdii,ene goyo oguulleg bn,zaluugiin umnuus gol harlaal yavchlaa

someone9 said...

Гомдмоор, цөхөрмөөр ийм дурлалыг амсаж үзсээн би. Хайргүй хүндээ дурлах ямар зовлонтойг, тэр зовлонгоосоо яаж салахаа ч мэдэхгүй байна. Зүрхэнд минь түүнд л гээд зориулчихсан орон зайг эзлэх өөр хэн нэгэн хурдан гарч ирээсэй. Тэгвэл би...

freestyle529 said...

Нэргүй зочинд, хайргүй хүнээ өрөвдөөд ч юм уу, дасах байх гэж найдаад суухыг би ч бас нэг их дэмждэггүй ээ. дараа нь урвадаг хөрвөдөг сэтгэлийн эх тэр байх гэж боддог юм. тэгэхээр сэтгэлийн шарх нь аних болтугай гээд түс тас зайгаа барьсан нь л дээр байх даа.

Нафанья хэ хэ. сэтгэгдэл үлдээхээс юундаа айдийн? тийм гараа хийвэл хапп гээд хазчих мангасын ам байгаа биш. би харин блогийг чинь нэг ч алгасахгүй уншдаг мөртлөө сэтгэгдэл үлдээдгүүмөө. соорри.

someone9 блогийг чинь хальт уншиж байсан болохоор гадарлаж байнаа. Зүрх сэтгэлд чинь энэ их хайрыг эргээд зориулах нэгэн удахгүй гарч ирнэ гэдэгт бас итгэж байна. харин түүндээ зориулж зүрхээ чөлөөлөхөө мартуузай.

Enkhbaatar said...

Үл урвах хайрын гэрэл үргэлж таныг гэрэлтүүлэх болтугай.

Баярлалаа.Чиний гэрэл улам тодрон ертөнцийг гийгүүлэх болтугай.

6sex6 said...

Hey, dandaa udur bvr shagaij shine um bga boluu geseer xvleeseer l suudag shvde, xarin banjigt baisanaa bodwol ix udaan bichleg oruulaad bga um shig sanagdaad bga shv, gexdeek bichleg bwal bayarlaad l unshaad yawchdiim shde. Ushuu zunduu zunduuniig

Anonymous said...

Hi Free min.Banjig alga bolood chamaig haij haij olson shuu.humuus unshij bgaa blogiig chin.zarim ni olohgui bga baih.Bas bi comment yaj uldeehee medehgui baisiin....kkkk
Amjilt free min....kkkk

Nini said...

Хүнд бодоогүйг бодогдуулахаар сайхан өгүүллэг байна

freestyle529 said...

Энхбаатар танд баярлалаа :)

6сэкс6, хэ хэ, харин тиймээ. Банжиг байхгүй болсноос хойш нэлээн залхуу болсон. Гэхдээ одооноос өөрийгөө гуядаад л байгаа. Чадвал ойр ойрхон бичиж байнаа. Дандаа орж ирдэгт баярлалаа.

Нэргүй зочинд, сэтгэгдэл үлдээхийг сураад сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа. Нээрээ л хүмүүс мэдэхгүй, олохгүй, олсон ч энэ блогспотод сэтгэгдэл үлдээх нэг л залхуутай төвөгтэй санагддиймдөө.

Нини эгч баярлалаа :)

Anonymous said...

Oguulleguudiig chin bainga unshdag shuu. Daanch setgegdel uldeelgui garchihdag yumoo. Sorry

Oyu said...
This comment has been removed by the author.