Friday, December 10, 2010

Цас тэр хоёр


Хагассайн өдрийн өглөө гялсхийн өнгөрч нэг мэдэхэд үд дунд дөхжээ. Хагас ажилладаг өдөр амархан өнгөрчихдөгийн адилаар ажлын цаг хариугүй дуусах нь. Одгэрэл өрөөндөө ганцаараа тавтайхан сууж, уур савсах халуун кофегоо хоёр гартаа атган, лавсан унах цасыг цонхоор харан бодлогошрон сууна. Цас нэг хоёроороо, бөөн бөөнөөрөө будран будрахыг хараад л баймаар хачин үзэсгэлэнтэй. Яагаад ч юм амьдралын хамгийн гэрэлтэй насыг нь цас будрах ийм л бүүдгэр өдрүүд тодхон сануулах юм даа.

Жаргаж дурлаж инээж, буруу зөвийг бодох завгүй явсан насандаа түүнтэй учирсан. Оюутны ширээнээс дөнгөж салсан залуу ажилтны анхны шинэ жил. Үдэшлэг назгайран сунжирч халамцуу хүмүүс элдэв өнгөөр дуулалдан, гялбалзах гэрэлд үс гэзгээ сэгсийлгэн хамаа замбараагүй бүжиглэх хэсэг байхад суусан газраа ухаангүй уначихсан нь ч байна. Ажилд ороод удаагүй болохоор таних хүн цөөхөн залуу бүсгүй шанаагаа тулан тэднийг ажиглан сууна. Хамт явна шүү гэж тушаасан нэг өрөөний бүсгүй хундага тулгаад завгүй явах тул түүнийг хүлээлгүй явчихаж үл төвдөнө.

“Уйтгартай байна уу?” гэх дуун бодолдоо дарагдсан түүнийг цочоолоо. Намхавтар нуруутай, зөөлөн эелэг инээмсэглэлтэй тэр залуугийн нүдэнд Одгэрэлийн сэтгэлийг татах нууцхан нэг зүйл байж. Өндөр өсгийттэй бүсгүй тэр залуугаас ялигүй өндөр байхаа мэдрэх бүр инээд нь тэсгэлгүй хүрнэ. Гэрт нь дөхүүлж өгөх гэж яваа залуу бичдэг шүлгээ уншиж өгөнгөө цас чахруулан алхах учир түүний шоолж буйг яахан анзаарах. Намхан юм даа голох сэтгэл төрсөн мөртлөө сэтгэл гижигдсэн шүлгүүдийг нь өөрийн эрхгүй тоон, утгыг нь дотроо эргэцүүлэхээ өөрөө ч мэдсэнгүй.

“За сайхан амраарай. Нээрээ намайг Батзаяа гэдэг шүү. Маркетингийн хэлтсийнх.” Намхан залуугийн хоолой намуухан мөртлөө хүнийг татах хүчтэй. Анхны харцаар дурлах хүн лав биш учир Одгэрэл инээмсэглэсэн чигээрээ орондоо орлоо. Шинэ ажилтан бүсгүйд мэдэхгүй, чадахгүй, цөхрөх, гомдох үе цөөнгүй гарна. Тэгэх бүрт алба юм шиг Батзаяа л аргадаж, шинэ жүжиг кино үзвэр юу бүхэн түүнийг л урьж, цас ороход мээсэж бичнэ. Гэхдээ хэзээ ч бүсгүйд халдахыг оролдоогүй. Гараас минь хөтлөх вий, таалагддаг гэж хэлэх вий, гэрт минь хүргэж өгөхдөө үнсэх гэх вий, үгүй бол сэмхэн далимдуулаад тэврэх вий гэж Одгэрэл бодох ч залуу тэгсэнгүй. Тийм үг үйлдэл гаргаагүйд нь Одгэрэл баярлана. Тэгвэл “Үгүй” гэж хэлнэ, тэгээд тэдний хоорондох харьцаа дуусчихна гэж бодохоор яагаад ч юм гунигтай.

Дараа жилийн өвөл болоход Одгэрэлд илээр дурлал зарлагч гарч ирлээ. Гаравч оровч харуулдан дагаж, байнга л болзоо үдэшлэгт урьж, харж явдгаа нуулгүй хэлж, шалтаг гарвал бэлэг сэлтээр булна. Өөртөө итгэлтэй, өндөр, сайхан гэхгүй ч муухай гэмгүй төрхтэй тэр залууд Одгэрэл муухай зан гаргасангүй. Шуудхан л “Үгүй” гэж хэлээд холдуулдаггүйн учраа бүсгүй гадарлах бүр өөртөө эргэлзэн үгүйсгэнэ. Бадралтыг Одгэрэлд дурлалаа илчлэх гэж оролдох бүр нэг хос нүд гунигтай, үгүй бол хорссон ч юм шиг гялалзахыг харах дуртай байсанд хамаг учир оршино. “Тэнэг минь дээ, би Бадралтад сайн биш шүү дээ” гэж дотроо бодох бүр залуугийн дотроо хардан гомдохыг харах нэг л таатай, тэгэх бүр аалигүйтэн хөхөрмөөр, хор шарыг нь малтмаар санагдана. Тэгсэн мөртлөө дургүйцэн, урамгүйхэн цаашлахыг нь хараад өрөвдөн харамсах ч шиг.

Тэр өвөл цас бараг орсонгүй. Цасгүй хар өвлийг харахад нэг л хачин. Хүйтэн намар л юм шиг санагдаад болохгүй. Тэгж тэгж нэг цас орлоо. Одгэрэл санасан шигээ баярласангүй. Хэдхэн минутын дараа Бадралт гэрээс нь ирж аваад хамтдаа шинэ жилийн баярт явах гэж байгаа ч нэг л хөөрч догдолсонгүй. Гоёмсог даашинзтай охид бүсгүйчүүл гацуур модны чимэг шиг нүд гялбуулан, сонгодог хөгжмийн аяз эгшиглэн шинэ жилийн баяр цээжинд амтагдах тэр л баярт очихсон гэж удаан хүлээсэн ч өөрөөсөө өндөр Бадралттай бүжиглэнэ гэхдээ нэг л баярласангүй. Утасны хонх дуугарахад дотроо түүнийг л байгаасай гэж ямар их хүслээ, энэ шинэ жил яг үлгэр шиг төгсөж, өөрөөсөө намхан түүнтэй инээмсэглэн өхөөрдөн бүжиглэхсэн гэж яасан их хүслээ. Гэтэл Бадралт “гараад ир хонгорхон бүсгүй” гэж бичжээ.
Үлгэрийн цасан охин шиг гунхалзсан сайхан бүсгүй үүдээр гарч өөрийг нь хүлээн суух Бадралтын машинд суухдаа үлгэр өнөөдөр биелэхгүйг гуниглан мэдэрчээ. Өөр дээр нь ирээгүй түүнд гомдоод, цээжин дээр нь хүнд юмаар дарчихсан юм шиг хөндүүрлэвч бардам зангаараа тэсвэрлэн нүүрэн дээрээ илэрхийлсэнгүй. Бадралтад дурласан юм шиг түүнд тэврүүлэн бүжиглэж, асгартал урсгах үгсэнд нь живэн живсээр...Цээжин дотроо нулимс дуслуулж байсан ч хуурамчхан инээмсэглэлээр далдалжээ.

Одгэрэл түүнтэй дахиж дуугарсангүй. Ярилцъя гэвч үг нь эвлэхгүй, тэдний хооронд мөсөн хана босчихсон юм шиг нэг л эвгүй. “Чамайг хүнтэй сууж байгаа гэх юм” гэхэд нь аяархан “Үгүй” гээд толгойгоо сэгсэрсэн ч, зангирах хоолойноос нь “Чамайг л хүлээгээд” гэх дуун гарсангүй. Залуу өмнөх шигээ байхаа больчихжээ. Тэр бүсгүйгээс улам улам холдсоор, аажимхан хөндийрсөөр, нэг л өдөр ажлаасаа гарч, нэг л мэдэхэд амьдралаас нь явчихаж. Бодож төсөөлснийхөө яг эсрэгээр Одгэрэл Бадралтын гэргий гэгдэх болж гал голомтоо асаалаа.

Амьдралын эгэл өдрүүд ар араасаа залган хөвөрч, хөөрхөн охинтой, хоёр ихэр хөвгүүдтэй ч боллоо. Хайргүй хүнийхээ хатан нь болж яв гэж найзынх нь хэлсэн шиг Бадралтын хайранд эрхлэн ташуурч явсан ч дасч амьдрах хорвоогийн жамаар сэтгэлээ бага багаар өгсөөр нөхөртөө хайртай болж. Дахиж цасны тухай бодохоо байж, борооны тухай, намар шарлах навчсын тухай бодохыг хичээх болж, намба суужээ. Гэтэл гэв гэнэтхэн тэр гараад ирлээ. Гадаадын мэргэжилтний явуулсан сургалтан дээр урд талд нь суусан тэр залуугийн юу ч юм танил, яриа өдөх ёстой ч юм шиг хачин санагдсаныг түүнийг танимагцаа гайхахаа больсон.

Бараг л өөрчлөгдсөнгүй. Цасны тухай мартсан сэтгэлийг нь сэдрээх гэсэн юм шиг дуу хоолой нь, тэр инээмсэглэл нь, өөр лүү нь хардаг, бүхнийг хэлдэг харц нь хүртэл хэвээрээ байх гэж. Одгэрэлийн зүрх амь орох шиг болж юм ярихдаа жигтэйхэн сандарлаа. Ууж байсан цайгаа цалгитал гар нь чичрэн, асуух ярих зүйл үй түм байвч дуу нь гарахгүй зовооно.

“Тэр өвөл би чам дээр уг нь очсон шүү дээ. Хамаг үнэнээ хэлээд сэтгэлээ нээх гэж, хайртай гээд гарыг чинь гуйх гэж зоригоо чангалаад очтол чи өөр хүний машинд ороод сууж байсан. Чамд хязгааргүй хайртай гэж хэлэх гэж л би ухаангүй юм шиг яарч хүрсэн мөртлөө машинд суух гэж байсан чиний нэрийг дуудах зүрх хүрээгүй юм даа. Одоо санахад би даанч муу эр байж дээ.” Сэтгэл татах увидастай намуухан хоолойг нь сонсоод уйлах шахлаа. “Тэнэг минь, чамайг л хүлээсээр байхад ирсэн мөртлөө хэлэхгүй яагаав дээ. Бурхан минь та бидний учралыг яах гэж тэнд зөрүүлсэн юм бэ?” Нүдэнд нь нулимс цийлэлзэвч эргэж ирэхгүй цаг хугацааны хүрдийг буцааж дийлэхгүйгээс хойш яалтай. “Би бүр гурван хүүтэй болсон шүү дээ.” Нулимстай нүдээрээ инээмсэглэлээ. “Манай том охин наймтай, хоёр бага маань ихрүүд, гуравтай.” “Аа чи дандаа нэг охин хоёр хүүтэй болно гэж ярьдаг байсан даа...”

Хачин уулзалтаас хойш бүсгүйн сэтгэлд сэв суучих шиг хачин санагдах болжээ. Бодохгүй гэсэн мөртлөө юм л бол тэр тухай бодоод гөлөрчихнө. Нарийн ширийн зүйлсийг үл анзаарах цайлган нөхөр нь гадарласан ч үгүй. Утасны хонх дуугарахад сэтгэл нь сэрхийнэ. Уулзъя гэх вий гэхээс сэтгэл нь жигтэй үймрэнэ. Гэтэл үнэхээр л “уулзъя” гэжээ. Уулзвал биеэ барьж тэсэхгүй байх вий, нөхрийнхөө сэтгэлийг хөргөх зүйл хийчих вий гэж бүсгүй өөрөөсөө айлаа. Хэзээ ч эхнэрийн журмыг алдаж үзээгүй өөрийгөө тийм зүйл хийнэ гэж төсөөлөхөд бэрх авч зөн совин нь тэгж өгүүлээд болсонгүй.

Энэ удаа тэр алга болсонгүй. “Уулзъя” гэж шаргуу гуйсаар. Уулзаад хэрхэх санаа өвөрлөснийг мэдэхгүй, магад зүгээр л өнгөрсний тухай дурсан яриад салахыг бодсон эсэхийг хэлж мэдэхгүй ч Одгэрэл зөвшөөрч, бас татгалзаж чадсангүй. “Миний ханиа, юу бодоод суучихав?” Гүн бодлоос нь сэрээсэн энэ дуу асуултынх нь хариуг өгөх шиг санагдав. Зүгээр л угаалгын өрөөндөө ороод, цоргоор гоожих усны чимээнд чимээгүй уйллаа. Өнгөрч одсон хайрынхаа төлөө, үгүй бол аварч үлдэх ёстой амьдралынхаа төлөө, тэднээр тоглосон хувь заяанд гомдсондоо, эсвэл өөрт нь хайртай ханьдаа баярласандаа уйлсан байж мэднэ.

Бямба гаригийн үдээс өмнө өнгөрч, ажлын цаг дуусчээ. Цав цагаан хувцастай гоолигхон бүсгүй өөрийг нь хүлээж байсан хар машины хажуугаар өнгөрлөө. Дотор нь суух тэр араас нь дагуулан харахыг мэдрэвч эргэж харсангүй. Будрах цас нүүрэн дээр нь хайлавч нулимс ахин урссангүй. Хэзээ хэзээнээс илүү сэтгэл нь хөнгөрснийг л мэдэрчээ. Юуг ч бодолгүй өнгөрснийг ардаа орхиод зүгээр л урагшаа алхана. Цас ийм сайхан билүү гэж дуу алдмаар баяртай санагдана. Цас улам их орно. Цасанд ахиад дурлажээ.

11 comments:

Anonymous said...

Yamar ontsgui medremj ve.
Bi ch neeh yum uzsen hun bish l de. Yahvee uurtuu taarsan amidraliin turshlagatai, uruuld huuragdsan hairiin tuuhtei hun. Huuralt gedeg ugiig bi busdaas uuruur oilgodog.
ingeed bodohod hun amidraldaa yerduu tsor gants l udaa hairladag yum shig. Butelgui tsor gants hair -Ungursunduu haramsdag ch teriigee huleen zuvshuurduggui, uuriiguu hucheer huurch, uurtuu az jargaltai met hudlaa itguulen amidrah n uuriiguu gedgeesee iluu hajuud chini baigaa chamaig geh, chamg l anh udaa hairlaj baigaa huniig hamgiin iheer huurch baigaa yavdal gej boddog. Bi lav iim hunii hajuud tesehgui. Teseechgui. Yavandaa dasna, bolno, tsag hugatsaa buhniig uurchlunu ntr chini hairand hamaaralgui sedev shde.
Odoo bi hairiig haihgui. Haisan ch olohgui. Nad deer ch irehgui. Teneg yum shig amidarch, oirtson negniig n tulhelgui, holdson ch zuurahguigeer, zugeer l ter tsas shig chini atgahaar haildag, tsagaan hernee huiten baimaar bn.

freestyle529 said...

Их бага хэмжээгээр мэдрэмжийг чинь хөндөж чадсан гэж найдаж байна.
Чи харин ойр уншаагүй сэтгэл хөндсөн сэтгэгдэл үлдээжээ. Нэргүй гэх нэрийн цаана хүн яг л үнэнээ бичдэг юм шиг....
Амьдралд хайр ганцхан тохиодог, үгүй бол дахиад ирдэг эсэхийг би хэлж мэдэхгүй. Хайр гэдэг хариу нь томъёогоор гардаг бодлого биш болохоор хүн бүр сэтгэлдээ өөрөөр төсөөлж бодож дүгнэж явдаг байх.
Харин би чамд хайр ирээсэй л гэж хүсмээр байна. Сэтгэл зүрх чинь хатаж гандсан, хатуурч хөшсөн, хөлдөж мөстсөн гэж бодож байтал үгүй гэдгийг нь ойлгуулж, зуныг авчрах тийм л хайр ирээсэй гэж чин сэтгэлээсээ чамд хүсье.
Нэрийг нь мэдэхгүй ч сэтгэлд ойр санагдсан зочин танд.

Anonymous said...

Emegtei hun gedeg tailagdashgui onisogo yum daa. Ter yag l soronz shig. Uuriig n geed uuduus n harahaar tulheh met zevruun hernee yavlaa geed nuruugaa haruulahaar araas huchtei tatdag. Bie n hajuud baigaa met bolovch setgel n haana ch yum teer tend. Tuuniig taalj baihad nudee anisan baidag n muu utgaaraa namg bur galzuuruulah duhdug blaa. Yug tusuulj yug bodood baidagiig n olj medsen. Ungursun yavdal ch gelee dotor n hevendee baisaar baigaa ter zaluug n bas uuriig n bazaad haychmaar sanagddag bailaa. Ene doromjloliig bi udaan teseegui. Araas tatsan ch bi ochij naaldaagui. Harin ter hunees hagatsah zovlong bi tesch chadna gedgee medej bsn.
Tsag hugatsaa hunii medremjiig emchilj chaddaggui. Zugeer l ter medremjind n dasgaj orhidog yum. Uur zuil medreed ireheeree aidag, aisandaa uuriiguu buhnees tusgaarlah hana bosgood naana n ineej huurch olnoor hureeluuleh hernee tsaanaa tsor gantsaaraa nuguu l medremjteigee yariltssaar baidag. DOtor yertunts luugee bi dahij heniig ch nevtruulehgui. Medremj bid 2 bie bieneesee uidah boloogui baina.

Anonymous said...

Uurt chini bayarlalaa. Haaya neg maskaa avch salhi medreh uneheer saihan yum.

Tuk said...

Дүү сайн уу? Энд буйраа сэлгээд иржээ. Сая л мэдлээ. Ашгүй уншдаг блог нэгээр нэмэгдлээ. Хуучнаа сэргээнээ гэж...

freestyle529 said...

Нэргүй зочин, юуны өмнө энд багаа тайлсанд тань баярлалаа. Таны сэтгэгдлийг уншлаа, дахиад уншлаа, юу гэж хариулахаа үнэндээ мэдэхгүй ахиад л уншлаа. Хэн нэгний сэтгэлийн үгэнд би үнэлт дүгнэлт өгөх ч юм уу, өөрийн бодлоо нэмэрлэх нь ч хаашаа юм. Зүгээр уншиж мэдэрлээ. Чин сэтгэлийн үгс унших бүр надад сайхан байдаг. Хүн сэтгэлээсээ хандсаныг мэдрэх үнэхээр баярлууштай байдаг. Энэ блогоор минь орж гарч байгаарай.

Дук ах яван явсаар олоод иржээ. хэ хэ. Ингээд хууччуул гараад ирвэл сайхан л байна шүү.

Nini said...

Эртээ цагийнх шиг цас тийм сайхнаар орохоо больсон уу? Цасны сайхныг мэдрэхээ байсан уу? Гялтганан будрах цас орохоо больсон байна.

Мишаа said...

end tsas algooooo he he

freestyle529 said...

Нини эгч жил ирэх тусам өвөл цасгүй болоод байх шиг санагдах юм.

Миша энд хааяа цас сайхан орж байна.

Anonymous said...

Тэр бүсгүй явахдаа олон олон дурсамжуудыг миний сэтгэлд үлдээчихээд явчихаж. Одоо би цасыг харахаар, тэр дууг сонсохоор, тэр нэгэн газар очихоор зүрх ямар ихээр шаналдаг гээч. Дахиж тэгэж шаналмааргүй байна. Хойд насандаа учрах болтугай хайр минь

freestyle529 said...

someone9 сэтгэлийн чинь шарх эдгэрч хэзээ нэгэн цагт эргэн дурсаад инээмсэглэн санах дурсамж болоосой. гэхдээ бүтсэн ч бүтээгүй ч сэтгэлдээ хайрыг тээнэ гэдэг хайрыг мэдэрч үзээгүй нэгний дэргэд аз юм би гэж би санадаг.