Sunday, December 5, 2010

Хайр


Нарны илчит алтан туяа гэрийн тооноор тусан, хөндлөнгөөс харахад нэл олон алтан утас унжуулсан мэт. Гэрийн дотор цэвэр бөгөөд цэгцтэй, амьдрал ахуй нь тэгширсэн айлын аятай үнэр ханхална. Эрүүл чийргийг илтгэх улаан хацартай, хөрслөг бор хүүхэн зуурсан гурилыг шалмагхан нухлах зуураа байн байн ханын толгойд өлгөсөн цаг руу харах нь гялалзтал гүйх цагийн зүүнээс өрсөх гэсэн мэт. Хайрсан гурилын тааламжит үнэр хуурсан мах ногооны арааны шүлс асгарам үнэрээр солигдон, тогооны таган дээгүүр үл мэдэг уур савсана.

Гэрийн эзэн хашааны үүдээр алхан орж ирэхийг зөнгөөрөө мэдэрсэн эзэгтэй гараа хормогчиндоо арчин бушуухан өндийж гар угаах ус бүлээтгэлээ. Мах ногоо алагласан цуйванг голох мэт алгуур зажлан идэх хар хүн нь баргар царайлахыг эхнэр нь түгшин ширтэнэ. Байн байн татаад байсан доод зовхи нь ямар нэг мууг ёрлоогүй гэж итгэхийг хүссэн бүсгүй харцаа буруулан аяга тавгаа хураалаа. Шөнө болж, нарны гэрэл сарны туяагаар солигдоход буруу харан чимээгүй хэвтэх хар хүнийхээ хажууд ханхай гэрт ганцаар суух мэт түшиг үгүйлэх бүсгүй санаашран, тооноор мэр сэр үзэгдэх оддыг сая л үзэх мэт ширтэн гөлөрчээ. Эр нөхрөөс нь мөс мэт хүйтэн уур савсах шиг санагдахуй нүднээс нь бүлээн нулимс сэм асгарна.

Үүдээр алхан гарах хөлийн чимээ хэзээ ч байгаагүй хүнд санагдан өр зүрхэн дээгүүр нь дэвслэх адил болоход чихэнд нь “Боловсролгүй, хормойтойгоо орооцолдохоос өөрийг чадахгүй хөдөөний бүдүүлэг хүүхэн шүү дээ чи. Миний оюун санаа чиний дэргэд бүдгэрч бүдүүлэг болж гүйцлээ” гэх хахир дуун хадна. Уг нь өөрийн биеэс илүү эрхэмлэн өдөр шөнийг ялгалгүй санаа алгасан зөвхөн түүнийгээ л хайрлаж өөрийн чадах бүхнээ хийсэн билээ. Тэр бүсгүйн чадах зүйл нь л нөхрөө чин сэтгэлээсээ “хайрлах” байсан юм.

Шинэ айлын юм бүхэн шинэхэн. Орны бүтээлэгнээс нь дасал бус үнэр ханхалж, ханын цаасан дээр нь сараачиж зурсан зураас нэг ч үгүй. Мах өөхгүй эрүүл хоол, шинэ ногооны салад, жимсний шүүс, эелдэг боловсон зочид, ихэмсэг бөгөөд хөндий яриа, хуурамчхан инээд , шилэн эдлэл, гэрэл ойход үүсэх гялбаа. Шинэ айлын шинэхэн эзэгтэйд чадахгүй юм гэж ховор. Олон хэлээр ярьж, ойгүй амжилтаараа бүхнийг гайхуулна, дуулж бүжиглэж наргиж цэнгэхдээ гаргуун ч хэр хэмжээг барьж бас чадна. Гэвч хар хүний сэтгэлээс нэгийг ухаад авчихсан мэт хөндий, юм бүхэн байвч юу нэг дутахыг гайхан мэдрэнэ. Эрэн бэдрэвч олж үл чадах зүйлээ юу гэдгийг ойлгохыг хүснэ. Гэвч эцэст нь шинэ гэргий нь бүхнийг чаддаг авч ганцхан зүйлийг чадахгүйг мэджээ. Тэр “хайрлаж” мэддэггүй байж.

Эргэж буцах гэвч нэгэнт зам үгүй болж, эгнэгт зүрхэндээ тэр нүхийг агуулж явах болсноо харуусан мэдрэнэ. Бүхнийг сурж болох ч хайрлахыг сурж болдоггүйг, тэр бол зөвхөн зүрх сэтгэлээс ундрах ховорхон чадвар болохыг хожуу ойлгосон өөрийгөө зүхнэ. Тэр гайхамшгийг мэдрүүлэгч амьд багшийн дэргэд өчнөөн олон жил байсан ч туйлын чухал тэр л зүйлийг ойлгож мэдээгүйдээ уурсана. Тэр л зүйлийг чадаж байвал бусад бүхнийг чадахгүй байсан ч “хүн” хэвээрээ үлдэж чадна. Хайрлах гэгч хамгийн дотроос гайхамшигт чанар ажээ.

Залуу буцаж явахаар шийдэв. Эргээд очиход тэр гэрийн хаалга өмнө нь өөриймсгөөр онгойх үгүй бол тасхийтэл савагдах үгүйг мэдэхгүй ч гэлээ эргэж очихыг ихээр хүсчээ. Өндөр боловсролтой, япон гангар шаазан шиг нимгэхэн эмзэгхэн эхнэр нь түүнрүү итгэж ядан гайхан ширтэнэ.

- Юугаараа надаас илүү гэж?

Өмнө нь олж ядан байсан хариулт одоо дэндүү амархан санагдана. Тэр “хайрлаж” чаддаг юм. Гайхсан хэвээр ихэмсэгхэн ширтэх бүсгүйн өмнүүр хаалга хаагдлаа.

11 comments:

freestyle529 said...

Биччихээд өөрөө мартчихсан байсан өгүүллэгээ ёстой хайсаар байгаад олж энд нийтэллээ дээ :)

Бэмэр said...

ёстой гоё

би хайрлаж чаддаг болов уу? гсн асуулт өөртөө тавив...

freestyle529 said...

Бээмэр чиний шуурхай байдал шууд банжгийг санагдуулав ш д. хэ хэ. коомэнт нэмэгдсэнийг хараад нүдэндээ итгэхгүй нтр.
хайрлах гэдэг аманд багтах амархан ч бодоод үзэхэд хэцүү эд юмаа гэж бодогдоод. их сүрхий биччихээд нийтлэхээ мартчихсаныг бодоход банжгийг хүлээж байсан болтоймаа.

tungaa said...

хүмүүс ээ гэж

Bolorka83 said...

saihan hair ...
oo zarim humuus ch hairaas iluu ed horongiig ondort tavidag l um bnlee.. gehdee manai niigem maani bidnii setgehuid tiim neg horongolog setgehui suulgaj dongoogio bga bolohoor l bid hairiig mash oirhon mederdeg bas ih zobdog bhaa..
oor niigemd bol oor sh de hair geheese iluu hamtiin sonirholoo harj amidardag shuud l yarilstaad hehe
gehde chinii zohiol goe boljee ...
humuunii setgeld elch gerel heregtei ..

LuZa said...

Хайраа гэж...
Бардамнал бас айдас

би said...

Яагаад ч юм сүүлийн үед энэ асуулт байнга асуугдаад байх шиг, би хайрлаж чадаж байна уу гэж,,,

Бэмэр said...

банжиг ч уг нь амар л байсандаа.. энд сэтгэгдэл бичихэд хүртэл жоохон төвөгтэй л юм,

Nini said...

Нэг сайхан өгүүллэгийн санаа өгнөө боломжтой цагтаа тааралдаа хэлж өгөмз

Badman said...

Ийм сайхан цуйван хийлгэж идхиймсан гэснээс хүн гэдэг амьтан өөрт байгаа үнэт эрдэнээ харж чадалгүй өлөн нүдлээд л явдаг юм шиг ээ. Бүхнийг ойлгохын цагт оройтсон байх нь мэдээж.

freestyle529 said...

Тунгаа хүмүүс үү..

Болорка бидний сэтгэлд илч гэрэл хэрэгтэй. Мөнгөний төлөө, нэр хүндийн төлөө зай завсаргүй яарч явахад зурвасхан ч гэсэн гэрэл хэрэгтэй. Баярлалаа.

Луза олж авах гэж ядах мөртлөө өөрийнх болчихоор хайр өнгөгүй харагддаг юм болов уу зарим хүмүүст?

6сэкс6 зөв шүү. Хайр нэхэхээсээ урьт хайрлаж чадаж байгаа эсэхээ асуух хэрэгтэй өөрөөсөө. Таны үг надад юм бодогдууллаа.

Бээмэр харин тийм байгааз. нэг л өөр. яагаад ч банжгийг гүйцкү тэ?

Нини эгч тэгээрэй хө. юун сайн юм.

Бээдмэн би бичиж байхдаа тэр цуйвангийн үнэр амтыг хүртэл бодсиймаа. хэ хэ. Ханаж цаддаггүй хүслээ хорьчихвол зарим зүйл хялбар болно тийм үү?