Tuesday, October 19, 2010

Миний хайртай нүднүүд

За үс зүс, нүүр царай, бие хаа, элэг бөөр, эрүү өвдөг, ам хамар, ааш аяг, ажил төрөл, ахуй амьдрал, суугаа газар, уугаа унд өөр ч энэ блогийн бяцхан чөлөөнд хувь тавилангийн нэг зангилаанд учран нийлэгч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе ээ. Хааяа нэг ингэж мэнд мэдээд, хэдэн үг солиод авах юутай таатай. Би эхлээд та нарт мэнд хүргэлээ, хариуд нь та нар “Юу байна?” гэж асууна. Энэ асуултанд “Юмгүй ээ” гэж хариулах нь амны билэгт зохимжгүй учир заавал ямар нэг юм байнаа гэж хариулах ёстой. “Юмтай” гэж хариулахаар ёс юм шиг “Тэгээд яг юу байна?” гэж асуудаг. Тэгэхээр дахиад учирлаж хариулах шаардлага гарна. Тиймээс би зүгээр л “тайван сайхаан” гэж хариулах дуртай.


Энэ удаа цаг хэмнэхийн үүднээс шууд хариулахад надад “Уур” байна. Уур нүдүүр, уур цангийн уур биш, уур уцаар, бачимдал цухалдлын уур байна. Байх байхдаа маш их байна. Бүр оволзоод л дэлбэрчих гээд л хачин хачин. Гэнэт дороос оргилж ирээд л эгээтэй л хамрын нүхээр утаа савсах нь халаг. Бяр тэнхээ хүрэхгүй ч гэсэн тааралдсан хүнээ барьж аваад тонгорч унагаад, бүр дээр нь гарч дэвсмээр санагдаад болдоггүй. Уураа дарах олон аргыг хэрэглэлээ. Бодсон төсөөлсөн, хашгирсан, уйлсан, дуулсан, идсэн, уусан. Болсонгүй ээ. Тэгээд хавьтсанаа хатгадаг өргөст зараа шиг ойр дотно хүмүүстээ яхир хахир зангаа хайр гамгүй үзүүлэв. Хоёр их бүлтгэр, нэг бага бүлтгэр гурван хос нүдэнд чаддагаараа дээрэлхэв.

Эхний хамгийн том бүлтгэр нүд дандаа тайван байна. Тэр нүдийг уурлаж хилэгнэж, мурийж хялайж байхыг би үзээгүй. Нуурын мандал шиг зөөлөн тайван нүд, хүний нүдний хор ормоор хөөрхөн нүд. Харин гомдохоороо дотор нь дүүрээд ирдэг нулимсан дуслын томыг яана. Бөмбөрүүлээд уйлахаар харж зогсоо миний дотор тэр дуслуудад нам цохигдоод, бүр хайлчих шиг хэцүү. Бага байхдаа үлгэрийг нь сонсоод өрөвддөг байсан яриг цагаан ингэний сариг цагаан ботго ээжийгээ санаад гадсаа тойрон буйлахдаа яг л ийм нүдээр алсыг ширтдэг байсан байх гэмээр. Ганцхан удаа баярлуулж уйлуулсан тэр нүд миний мэдэх хамгийн зөөлөн, хамгийн энэрэнгүй, хамгийн сайхан, хамгийн энхрий дотно нүд билээ. Тэр нүд харцаараа намайг загнаж, зэмлэж, магтаж, урамшуулж, талархаж, хайрлаж чаддаг. Ерөөсөө хорвоогийн хамаг л өнгө шингэсэн нүд. Миний хувьд тэр нүд намайг өргөж яваа бөмбөрцөг дэлхий чигээрээ юм даа.

Дараагийн нүд бүлтгэр гэхээсээ илүү “Шрек” гэдэг хүүхэлдэйн кинон дээр гардаг алдарт муурын нүдтэй ихээ төстэй. Юм гуйх болохоороо хамгийн өрөвдөм, хамгийн өхөөрдөм хардаг нүд, тэгсэн мөртлөө гуйснаа авчихсан хойноо тэс өөр болоод гялалзаад явчихна. Дуу дуулахаараа зөөлөрдөг, хааяа нулимсаар бүрхэгддэг, сормуусыг нь байдгаар нь дэрвийлгээд, зовхийг нь өнгө өнгөөр будчихдаг, зүсээ хувиргасан том нүд. Дээр хэлсэн нүд шиг тийм ч зөөлөн биш, өөдрөг, цоглог, зовхи нь өөдөө нүд. Уурлахаараа нүд дальдчим аймаар ширүүн болно. Уярахаараа байдгаараа бүлтийгээд үнсээд авмаар хөөрхөн болно. Загнаж зандарч болдоггүй, хамаагүй эрхлүүлж эвдэж болдоггүй, учрыг нь олоход хэцүү ч цаанаа уян зөөлөн нь нуугдаж байдаг адтай нүд.

Их бүлтгэр талдаа нэг нүд бас бий. Бас л их зөөлхөн. Өөдөөс нь хичнээн аашлаад, уурлаад, загнаад байхад бүлтийгээд л байна. Гурвалжилж, онийж элдэв янз ер болохгүй. “Битгий ингэ л дээ, миний байгаа нь л энэ” гэсэн шиг бүлтийгээд л байна. Тэгээд байхаар уурлаж байсан хүний уур хүртэл гарчихна. Учир зүггүй давхраа байхгүй ч жижиг биш том нүд. Урт хар сормуус нь өтгөн ч биш, дэрвэгэр ч биш. Хэн ч харсан дуу алдахаар хөөрхөн сайхан биш мөртлөө цаанаа л аятайхан, аядуу харцтай, сэтгэлд дулаахан нүд. Уур уцаарын ихэнхийг түүнд л гаргаж, хамгаас илүүтэй хэлмэгдүүлж, уурладаггүй нь мэдэх болохоор янзыг нь үзэн янз бүрээр л дээрэлхэнэ. Их л бодож өөр тийшээ харахаас биш өөр хатуу араншин бараг гаргахгүй. “Битгий ингэ л дээ” гэж учирласан харцаар өөдөөс хараад л байдаг арга тасрам аргадаж чаддаг нүд. Гомдоочихоод дараа нь харахаар буланд нь миний үлдээсэн гомдол нуугдчихаад зэмлэж байдаг.

Хичнээн ч удаа уучлал эрсэн гомдоочихоод л байдаг миний хамгийн хайртай нүднүүд. Өөрийгөө тэдэн дотор тольдож, үнэн төрхөө уншиж болдог надад хайртай нүднүүд. Миний тэр их уурыг мөс шиг хайлуулчихсан шидтэй нүднүүд. Гэтэл би гэдэг хүн баярлуулахаас илүү гомдоохдоо их юм даа тэднийгээ. Тэгээд ухаарч гэмших бүр өөрийн минь нүдэнд нулимс цийлэлзээд ирнэ.

Хүмүүс минь хором л олдвол хайрлаж явъя нэгнийгээ. Үргэлж чадахгүй гэхэд ядаж ухаарсан мөчдөө хайрлаж явъя. Жилдээ хэдхэн баяраар биш ядахнаа санасан цагтаа баярлуулж явъя. Эргэж ирэхгүй цагийн урсгал биднийг хүлээхгүй шүү дээ.

7 comments:

Хэлтэрхий Дон said...

odoo goe

freestyle529 said...

яг юу нь хэ хэ.

http://www.facebook.com/profile.php?id=100000928224828 said...

odoo yag hairlii ter nudnuudiig kkk

Мармелад said...

над бас нэг яаж ч болдоггүй бүлтийсэн нүд байдагийн
уйлсан ч ууралсан ч баярласан ч хазад авмаар тийм хөөрхөн нүд кккккккк

vlmedeh.com said...

Мундаг бичэх юм аа. Блог чинь зөндөө зөндөө уншигчтай болсон байна шд.

Sponge said...

Жижигхэн баатар минь нөгөө л сэтгэл татам гоё өгүүллэг бичлэгүүдээ хийсээр байгаад баярлаа. Надад ч гэсэн хайр татмаар хажууд минь дандаа байдаг 4хос нүд байна. Дөнгөж саяхан 1 хос нүдий нь гомдоогоод явуулчихлаа :(

freestyle529 said...

Мармелад хэнийх гэдгийг нь таамаглажийна :)

үлмэдэх баярлалаа. Банжигт байсан хэдээс маань зарим нь олоод иржээ.

Споонж миний блогспот дахь анхны найз. Битгий гомдоож бай л даа :)Тэр нүднүүдийг хайрла л даа.