Wednesday, October 28, 2009

Хаалга


Хаалганы түгжээ тор хийнэ. Тэгснээ тас хийтэл хаагдана. Удаж удаж арай аяархан торжигноно. Тэгээд чимээгүй болно. Тэгэх бүрт хүн ирэхийг хүлээсэн жаахан хүү сэртэсхийнэ. Өндөр хүрэн хаалган дээрээ гүйж очоод чихээ наан хэсэг чагнана. Бүлтгэр нүдэнд нь одоо хаалга онгойх нь уу гэсэн горьдлогын оч дэндүү гэмээр тод асаад мөдхөн унтрахад мөрөө унжуулан хөлөө чирэн өрөө рүүгээ зүглэнэ.




Өглөө нар мандаж амжаагүй байхад үүрийн цагаан гэгээнээр хацар дээр нь ээжийнх нь халуун хошуу нэг хүрээд, нойрон дунд нь алга болно. Сэрээд хармагц гурван өрөө том байрандаа жаалхан хүү гав ганцаархан үлдсэн байдаг ч ёс юм шиг өрөө өрөөгөөр ээжийгээ дуудан эрж явна. Өдөржин өөртэйгөө л байхдаа өөрийнхөө хоолойг сонсдог нь энэ л үед. Аавыгаа бол бүр ч цөөхөн харна, тэгэхдээ аав нь ихэвчлэн зурагт үзэж, тоглох гэхээр завгүй гэж ундууцана.


Зоригт гэдэг нэрэндээ зохиогүй хулчгар нүдээр өрөөний өнцөг булан бүрийг сэжиглэнгүй харж, өчүүхэн чимээ гарах бүрт бондгос хийтэл цочин, нар жарган харанхуй болсон хойно бүр их айвал цонхныхоо дэргэд сандал дээр гаран зогсоод нүүрээ наан гаднах ертөнцийг уйтгарлан ширтэнэ. Айлын хүүхдүүд хоорондоо тоглохыг, аав ээж нь эрхлүүлэн баясахыг, бүр золбин бяцхан гөлөгнүүд хүртэл сүүлээ модгонуулан нэг нэгэнтэйгээ өнхрөн ноцолдохыг атаархан харсаар нэг л мэдэх удтал хүлээсэн хаалганы түгжээ дуугарч, танил хөлийн чимээ сонсдоход хүү баярлан гүйж очоод ээждээ үнсүүлнэ.


Гэвч энэ гайхам мөчийг хүртэл хүлээлт даанч удаан дуусашгүй атлаа баярт цаг хором нисэх мэт өнгөрч нэг л мэдэхэд нойрны ертөнцөд умбана. Жаалхүү ганцаараа түгжигдэн үлдэхээс өдөр ирэх тусам улам бүр дургүйцэх болсныг завгүй томчууд даанч үл анзааран хаалгаа түгжээд явж одоцгооно. Хүн бүхэн баясан хөгжих хаалганы цаадах ертөнцөд хөл тавихыг хичнээн хүсэвч хаалга цоожтой гэх хяслант шалтгаан бий.


Хэзээ ч билээ эмээгийнхээ хашаанд харсан уяатай нохой мэт гурван өрөөний хооронд холхиж, тоглож, гүйж уйдаад гадагшаа гарахыг тэсгэлгүй ихээр хүсэх болсон ч өнөөх л цоожтой хаалга заяагүй нохойг гасалтал хойш татах гинж мэт хүүг хориглосоор. Гэвч нэг л өдөр аав нь гэрийнхээ түлхүүрийг орныхоо хөлд унагачихсан нь үлгэрийн мэт тэр гайхамшигт гадаад ертөнцийг үзэх боломжийг хүүд олгожээ. Жижигхэн мөлгөр шар түлхүүрийг гартаа барихад бяцхан зүрх нь морьдын төвөргөөн шиг түчигнэн цохилж, өөдгүй муу цоожыг үүгээр онгойлгон гарна гэхээс тэсч ядан дэвхцэж, гүйж хараймаар бодогдоно.


Хүү өөрийнхөө суудаг жижигхэн цагаан сандлыг хаалганд шахан тавиад дээр нь гарч зогсоход өндөрт байх хаалганы түгжээнд яг хүрч, булцгар гараараа түлхүүрийг цоожинд шургуулаад хэдэн арван удаа харсан үйлдлийг анх удаа өөрөө хийн, хаалганы түгжээг онгойлголоо. Урьд нь хэзээ үл давагдах саад мэт дүнсийн хүрлийдэг байсан том хүрэн хаалга түүний нүдэн дээр чахран онгойж, үл таних гадаад ертөнц түүнийг даллан дуудах нь тэр. Аль хэзээний хувцсаа өмсөж бэлдсэн жаалхүү хаалгаар гараад хаамагц “Одоо чамайг оруулахгүй” гэх шиг тасхийтэл хаагдлаа.


Хөөрч баярлан, итгэж ядсан хүү, удтал хүлээсэн эрх чөлөөний амтыг мэдрэх гэж шатаар унах шахам яаран бүдчин гүйсээр, орцны онгорхой хаалгаар гадаа гарахад цав цагаан дэлхий нүд гялбуулан угтаж, хүйтэн жавар шинэ амтыг мэдрүүлэн хацрыг нь чимхэх шиг хайрлаа. Өчигдөрхөн орсон цасан дээр дураараа гүйж, цасаар бөмбөг хийн өрж, шидэж, удаан харсаар дасал болсон гөлөгтэй хөөцөлдөн гүйж, тэгсээр нэг л мэдэхэд тоглоомын талбай эзгүйрчихлээ. Жаалхүү гэнэт айж эхэлжээ. Харанхуй болмогц түрүүхэн найрсаг, дулаахан байсан гадаад ертөнц хүйтэн хахир болж, ээжтэйгээ хөтлөлцөөд явдаг байсан газрууд нүдэнд үл үзэгдэн алга болж, өөрийнх нь айдаг харанхуй хаа сайгүй нөмрөн авчээ.
Даарч хөрсөндөө гоожих нусаа шорхийтэл татсаар орцны хүнд төмөр хаалгыг хэн нэгэн нээхэд хажуугаар нь шурхийн гүйж ороод араас нь хөөх мэт санагдах харанхуйгаас зугтаан нэг мэдэхэд хаалганыхаа дэргэд ирчихсэн зогсож байв. Жаалхүү нударгаа зангидан, өнөөх аймшиг өөрийг нь гүйцээд ирэхээс урьтан орох гэж хаалгаа нүдэх авч хэн ч онгойлгож өгсөнгүй. Өлмийгөө өргөн өргөн хичээвч өндөрт байх цоожинд тэр хүрсэнгүй, тэгээд ч халаасаа ухтал аавынх нь түлхүүр байсангүй. Магад тэр хаячихсан, үгүй бол ерөөсөө авч гарахаа ч мартсан байж мэднэ.


Жаалхүү гэрийнхээ хаалганы хажууд харанхуй мухарт шигдэн суугаад хэзээ ч юм ирэх ээжийгээ хүлээнэ. Өмнө нь түүнийг гадаад ертөнцөөс тусгаарлаж байсан өөдгүй муу цоож одоо түүнийг оруулахгүй хориглоно. Дахиад л цоож түүнийг дийлчихэж, ганцхан удаа хүү түүнийг яллаа гэж бодсон нь алдаж. Дэндүү удаан тоглосоных ядарч, ходоод нь хоол нэхэн хоржигонож, өмнө нь эрх чөлөөгүй уйтгартай нүх мэт санагдаж байсан гэрээ санан, ээж аавыгаа дуудан уйлмаар бодогдоно.


Тэр шөнө хүүгийн ээж бүр оройтож ирсэн юм. Тэгээд харанхуй буланд суугаа чигээрээ унтчихсан хүүгээ олоод ихэд гайхжээ. Хүү нь үг сүггүй халууран ээжийгээ айлгаж айлгаж, хоёр хоног хүүгээ сахин дэргэд нь өнжжээ. Жаалхүү хэзээ ч эдгэрмээргүй санагдаж, үргэлж ийм л байгаасай, ахиад хэзээ ч ганцаараа үлдэхгүй, амьдрал нь гэрэлтэй баяртай байгаасай л гэж хүснэ. Гэвч гурав хоногийн дараа ахиад л ганцаараа.


Гучин жилийн дараа. Тэр мөн л ганцаараа, гурван өрөө байрныхаа дассан нам гүмд өөрөө өөртэйгөө ярина. Хаалга түгжээтэй хэвээр, харин ялгаа нь тэр одоо онгойлгож чадна. Гэвч цоожтой хаалгандаа дэндүү дассан тэрээр түгжээтэй амьдралдаа хэнийг ч оруулж үл зүрхэлнэ. Ээж нь оройтсон ч гэлээ ирэхгүй, аав нь ховорхон ч гэсэн үзэгдэхгүй , харин хүү айхаа нэгэнт больсон. Анир чимээгүй амьдрал нь өөрт нь таалагдана.


Зоригт нэрэндээ дасаагүй аймхай нүдтэй залуу амьдралынхаа хаалгыг тас цоожлоод, мухарт шигдэн сууна. Цоожтой хаалга ахиж нээгдсэнгүй.


5 comments:

Sponge said...

Энэ банжиг гуай бүр таг чиг болжээ. Бараа сураг нь ч алга хэхэ. Жижиг баатрыг энд гэртэй болсныг хүмүүс мэдкү орж иркү байх шиг байна тэ удку мэдэцгээчээд шуугиад л ороод ирээд дээ ;)

freestyle529 said...

Банжиг нээрээ гомдмоор юмаа. Дандаа л ингэхийн. Энд дасах гэж будилж хөглөж байнөө. хэ хэ. Тэгээд ханьтай байгаа споонждоо баярлахийн.

tungaamnh said...

пээ тээд энэ блогспот чинь ядаж бичлэгээ хураангуйлаад эвтэйхэн болгож болдгүү газруу, гэхдээ Досугийнх дэлгэрэнгүй-тэй л байдым даа

Anonymous said...

bayrlalaa goe boljee

REDCOURSE said...

хүүг цэцэрлэгт өгсөн бол бүх зүйл өөрөөр эргэх байжээ


магадгүй тэр ерөнхийлөгч ч болох байсым бил үү кккк