Friday, December 10, 2010

Цас тэр хоёр


Хагассайн өдрийн өглөө гялсхийн өнгөрч нэг мэдэхэд үд дунд дөхжээ. Хагас ажилладаг өдөр амархан өнгөрчихдөгийн адилаар ажлын цаг хариугүй дуусах нь. Одгэрэл өрөөндөө ганцаараа тавтайхан сууж, уур савсах халуун кофегоо хоёр гартаа атган, лавсан унах цасыг цонхоор харан бодлогошрон сууна. Цас нэг хоёроороо, бөөн бөөнөөрөө будран будрахыг хараад л баймаар хачин үзэсгэлэнтэй. Яагаад ч юм амьдралын хамгийн гэрэлтэй насыг нь цас будрах ийм л бүүдгэр өдрүүд тодхон сануулах юм даа.

Жаргаж дурлаж инээж, буруу зөвийг бодох завгүй явсан насандаа түүнтэй учирсан. Оюутны ширээнээс дөнгөж салсан залуу ажилтны анхны шинэ жил. Үдэшлэг назгайран сунжирч халамцуу хүмүүс элдэв өнгөөр дуулалдан, гялбалзах гэрэлд үс гэзгээ сэгсийлгэн хамаа замбараагүй бүжиглэх хэсэг байхад суусан газраа ухаангүй уначихсан нь ч байна. Ажилд ороод удаагүй болохоор таних хүн цөөхөн залуу бүсгүй шанаагаа тулан тэднийг ажиглан сууна. Хамт явна шүү гэж тушаасан нэг өрөөний бүсгүй хундага тулгаад завгүй явах тул түүнийг хүлээлгүй явчихаж үл төвдөнө.

“Уйтгартай байна уу?” гэх дуун бодолдоо дарагдсан түүнийг цочоолоо. Намхавтар нуруутай, зөөлөн эелэг инээмсэглэлтэй тэр залуугийн нүдэнд Одгэрэлийн сэтгэлийг татах нууцхан нэг зүйл байж. Өндөр өсгийттэй бүсгүй тэр залуугаас ялигүй өндөр байхаа мэдрэх бүр инээд нь тэсгэлгүй хүрнэ. Гэрт нь дөхүүлж өгөх гэж яваа залуу бичдэг шүлгээ уншиж өгөнгөө цас чахруулан алхах учир түүний шоолж буйг яахан анзаарах. Намхан юм даа голох сэтгэл төрсөн мөртлөө сэтгэл гижигдсэн шүлгүүдийг нь өөрийн эрхгүй тоон, утгыг нь дотроо эргэцүүлэхээ өөрөө ч мэдсэнгүй.

“За сайхан амраарай. Нээрээ намайг Батзаяа гэдэг шүү. Маркетингийн хэлтсийнх.” Намхан залуугийн хоолой намуухан мөртлөө хүнийг татах хүчтэй. Анхны харцаар дурлах хүн лав биш учир Одгэрэл инээмсэглэсэн чигээрээ орондоо орлоо. Шинэ ажилтан бүсгүйд мэдэхгүй, чадахгүй, цөхрөх, гомдох үе цөөнгүй гарна. Тэгэх бүрт алба юм шиг Батзаяа л аргадаж, шинэ жүжиг кино үзвэр юу бүхэн түүнийг л урьж, цас ороход мээсэж бичнэ. Гэхдээ хэзээ ч бүсгүйд халдахыг оролдоогүй. Гараас минь хөтлөх вий, таалагддаг гэж хэлэх вий, гэрт минь хүргэж өгөхдөө үнсэх гэх вий, үгүй бол сэмхэн далимдуулаад тэврэх вий гэж Одгэрэл бодох ч залуу тэгсэнгүй. Тийм үг үйлдэл гаргаагүйд нь Одгэрэл баярлана. Тэгвэл “Үгүй” гэж хэлнэ, тэгээд тэдний хоорондох харьцаа дуусчихна гэж бодохоор яагаад ч юм гунигтай.

Дараа жилийн өвөл болоход Одгэрэлд илээр дурлал зарлагч гарч ирлээ. Гаравч оровч харуулдан дагаж, байнга л болзоо үдэшлэгт урьж, харж явдгаа нуулгүй хэлж, шалтаг гарвал бэлэг сэлтээр булна. Өөртөө итгэлтэй, өндөр, сайхан гэхгүй ч муухай гэмгүй төрхтэй тэр залууд Одгэрэл муухай зан гаргасангүй. Шуудхан л “Үгүй” гэж хэлээд холдуулдаггүйн учраа бүсгүй гадарлах бүр өөртөө эргэлзэн үгүйсгэнэ. Бадралтыг Одгэрэлд дурлалаа илчлэх гэж оролдох бүр нэг хос нүд гунигтай, үгүй бол хорссон ч юм шиг гялалзахыг харах дуртай байсанд хамаг учир оршино. “Тэнэг минь дээ, би Бадралтад сайн биш шүү дээ” гэж дотроо бодох бүр залуугийн дотроо хардан гомдохыг харах нэг л таатай, тэгэх бүр аалигүйтэн хөхөрмөөр, хор шарыг нь малтмаар санагдана. Тэгсэн мөртлөө дургүйцэн, урамгүйхэн цаашлахыг нь хараад өрөвдөн харамсах ч шиг.

Тэр өвөл цас бараг орсонгүй. Цасгүй хар өвлийг харахад нэг л хачин. Хүйтэн намар л юм шиг санагдаад болохгүй. Тэгж тэгж нэг цас орлоо. Одгэрэл санасан шигээ баярласангүй. Хэдхэн минутын дараа Бадралт гэрээс нь ирж аваад хамтдаа шинэ жилийн баярт явах гэж байгаа ч нэг л хөөрч догдолсонгүй. Гоёмсог даашинзтай охид бүсгүйчүүл гацуур модны чимэг шиг нүд гялбуулан, сонгодог хөгжмийн аяз эгшиглэн шинэ жилийн баяр цээжинд амтагдах тэр л баярт очихсон гэж удаан хүлээсэн ч өөрөөсөө өндөр Бадралттай бүжиглэнэ гэхдээ нэг л баярласангүй. Утасны хонх дуугарахад дотроо түүнийг л байгаасай гэж ямар их хүслээ, энэ шинэ жил яг үлгэр шиг төгсөж, өөрөөсөө намхан түүнтэй инээмсэглэн өхөөрдөн бүжиглэхсэн гэж яасан их хүслээ. Гэтэл Бадралт “гараад ир хонгорхон бүсгүй” гэж бичжээ.
Үлгэрийн цасан охин шиг гунхалзсан сайхан бүсгүй үүдээр гарч өөрийг нь хүлээн суух Бадралтын машинд суухдаа үлгэр өнөөдөр биелэхгүйг гуниглан мэдэрчээ. Өөр дээр нь ирээгүй түүнд гомдоод, цээжин дээр нь хүнд юмаар дарчихсан юм шиг хөндүүрлэвч бардам зангаараа тэсвэрлэн нүүрэн дээрээ илэрхийлсэнгүй. Бадралтад дурласан юм шиг түүнд тэврүүлэн бүжиглэж, асгартал урсгах үгсэнд нь живэн живсээр...Цээжин дотроо нулимс дуслуулж байсан ч хуурамчхан инээмсэглэлээр далдалжээ.

Одгэрэл түүнтэй дахиж дуугарсангүй. Ярилцъя гэвч үг нь эвлэхгүй, тэдний хооронд мөсөн хана босчихсон юм шиг нэг л эвгүй. “Чамайг хүнтэй сууж байгаа гэх юм” гэхэд нь аяархан “Үгүй” гээд толгойгоо сэгсэрсэн ч, зангирах хоолойноос нь “Чамайг л хүлээгээд” гэх дуун гарсангүй. Залуу өмнөх шигээ байхаа больчихжээ. Тэр бүсгүйгээс улам улам холдсоор, аажимхан хөндийрсөөр, нэг л өдөр ажлаасаа гарч, нэг л мэдэхэд амьдралаас нь явчихаж. Бодож төсөөлснийхөө яг эсрэгээр Одгэрэл Бадралтын гэргий гэгдэх болж гал голомтоо асаалаа.

Амьдралын эгэл өдрүүд ар араасаа залган хөвөрч, хөөрхөн охинтой, хоёр ихэр хөвгүүдтэй ч боллоо. Хайргүй хүнийхээ хатан нь болж яв гэж найзынх нь хэлсэн шиг Бадралтын хайранд эрхлэн ташуурч явсан ч дасч амьдрах хорвоогийн жамаар сэтгэлээ бага багаар өгсөөр нөхөртөө хайртай болж. Дахиж цасны тухай бодохоо байж, борооны тухай, намар шарлах навчсын тухай бодохыг хичээх болж, намба суужээ. Гэтэл гэв гэнэтхэн тэр гараад ирлээ. Гадаадын мэргэжилтний явуулсан сургалтан дээр урд талд нь суусан тэр залуугийн юу ч юм танил, яриа өдөх ёстой ч юм шиг хачин санагдсаныг түүнийг танимагцаа гайхахаа больсон.

Бараг л өөрчлөгдсөнгүй. Цасны тухай мартсан сэтгэлийг нь сэдрээх гэсэн юм шиг дуу хоолой нь, тэр инээмсэглэл нь, өөр лүү нь хардаг, бүхнийг хэлдэг харц нь хүртэл хэвээрээ байх гэж. Одгэрэлийн зүрх амь орох шиг болж юм ярихдаа жигтэйхэн сандарлаа. Ууж байсан цайгаа цалгитал гар нь чичрэн, асуух ярих зүйл үй түм байвч дуу нь гарахгүй зовооно.

“Тэр өвөл би чам дээр уг нь очсон шүү дээ. Хамаг үнэнээ хэлээд сэтгэлээ нээх гэж, хайртай гээд гарыг чинь гуйх гэж зоригоо чангалаад очтол чи өөр хүний машинд ороод сууж байсан. Чамд хязгааргүй хайртай гэж хэлэх гэж л би ухаангүй юм шиг яарч хүрсэн мөртлөө машинд суух гэж байсан чиний нэрийг дуудах зүрх хүрээгүй юм даа. Одоо санахад би даанч муу эр байж дээ.” Сэтгэл татах увидастай намуухан хоолойг нь сонсоод уйлах шахлаа. “Тэнэг минь, чамайг л хүлээсээр байхад ирсэн мөртлөө хэлэхгүй яагаав дээ. Бурхан минь та бидний учралыг яах гэж тэнд зөрүүлсэн юм бэ?” Нүдэнд нь нулимс цийлэлзэвч эргэж ирэхгүй цаг хугацааны хүрдийг буцааж дийлэхгүйгээс хойш яалтай. “Би бүр гурван хүүтэй болсон шүү дээ.” Нулимстай нүдээрээ инээмсэглэлээ. “Манай том охин наймтай, хоёр бага маань ихрүүд, гуравтай.” “Аа чи дандаа нэг охин хоёр хүүтэй болно гэж ярьдаг байсан даа...”

Хачин уулзалтаас хойш бүсгүйн сэтгэлд сэв суучих шиг хачин санагдах болжээ. Бодохгүй гэсэн мөртлөө юм л бол тэр тухай бодоод гөлөрчихнө. Нарийн ширийн зүйлсийг үл анзаарах цайлган нөхөр нь гадарласан ч үгүй. Утасны хонх дуугарахад сэтгэл нь сэрхийнэ. Уулзъя гэх вий гэхээс сэтгэл нь жигтэй үймрэнэ. Гэтэл үнэхээр л “уулзъя” гэжээ. Уулзвал биеэ барьж тэсэхгүй байх вий, нөхрийнхөө сэтгэлийг хөргөх зүйл хийчих вий гэж бүсгүй өөрөөсөө айлаа. Хэзээ ч эхнэрийн журмыг алдаж үзээгүй өөрийгөө тийм зүйл хийнэ гэж төсөөлөхөд бэрх авч зөн совин нь тэгж өгүүлээд болсонгүй.

Энэ удаа тэр алга болсонгүй. “Уулзъя” гэж шаргуу гуйсаар. Уулзаад хэрхэх санаа өвөрлөснийг мэдэхгүй, магад зүгээр л өнгөрсний тухай дурсан яриад салахыг бодсон эсэхийг хэлж мэдэхгүй ч Одгэрэл зөвшөөрч, бас татгалзаж чадсангүй. “Миний ханиа, юу бодоод суучихав?” Гүн бодлоос нь сэрээсэн энэ дуу асуултынх нь хариуг өгөх шиг санагдав. Зүгээр л угаалгын өрөөндөө ороод, цоргоор гоожих усны чимээнд чимээгүй уйллаа. Өнгөрч одсон хайрынхаа төлөө, үгүй бол аварч үлдэх ёстой амьдралынхаа төлөө, тэднээр тоглосон хувь заяанд гомдсондоо, эсвэл өөрт нь хайртай ханьдаа баярласандаа уйлсан байж мэднэ.

Бямба гаригийн үдээс өмнө өнгөрч, ажлын цаг дуусчээ. Цав цагаан хувцастай гоолигхон бүсгүй өөрийг нь хүлээж байсан хар машины хажуугаар өнгөрлөө. Дотор нь суух тэр араас нь дагуулан харахыг мэдрэвч эргэж харсангүй. Будрах цас нүүрэн дээр нь хайлавч нулимс ахин урссангүй. Хэзээ хэзээнээс илүү сэтгэл нь хөнгөрснийг л мэдэрчээ. Юуг ч бодолгүй өнгөрснийг ардаа орхиод зүгээр л урагшаа алхана. Цас ийм сайхан билүү гэж дуу алдмаар баяртай санагдана. Цас улам их орно. Цасанд ахиад дурлажээ.


Дэлгэрэнгүй...

Sunday, December 5, 2010

Хайр


Нарны илчит алтан туяа гэрийн тооноор тусан, хөндлөнгөөс харахад нэл олон алтан утас унжуулсан мэт. Гэрийн дотор цэвэр бөгөөд цэгцтэй, амьдрал ахуй нь тэгширсэн айлын аятай үнэр ханхална. Эрүүл чийргийг илтгэх улаан хацартай, хөрслөг бор хүүхэн зуурсан гурилыг шалмагхан нухлах зуураа байн байн ханын толгойд өлгөсөн цаг руу харах нь гялалзтал гүйх цагийн зүүнээс өрсөх гэсэн мэт. Хайрсан гурилын тааламжит үнэр хуурсан мах ногооны арааны шүлс асгарам үнэрээр солигдон, тогооны таган дээгүүр үл мэдэг уур савсана.

Гэрийн эзэн хашааны үүдээр алхан орж ирэхийг зөнгөөрөө мэдэрсэн эзэгтэй гараа хормогчиндоо арчин бушуухан өндийж гар угаах ус бүлээтгэлээ. Мах ногоо алагласан цуйванг голох мэт алгуур зажлан идэх хар хүн нь баргар царайлахыг эхнэр нь түгшин ширтэнэ. Байн байн татаад байсан доод зовхи нь ямар нэг мууг ёрлоогүй гэж итгэхийг хүссэн бүсгүй харцаа буруулан аяга тавгаа хураалаа. Шөнө болж, нарны гэрэл сарны туяагаар солигдоход буруу харан чимээгүй хэвтэх хар хүнийхээ хажууд ханхай гэрт ганцаар суух мэт түшиг үгүйлэх бүсгүй санаашран, тооноор мэр сэр үзэгдэх оддыг сая л үзэх мэт ширтэн гөлөрчээ. Эр нөхрөөс нь мөс мэт хүйтэн уур савсах шиг санагдахуй нүднээс нь бүлээн нулимс сэм асгарна.

Үүдээр алхан гарах хөлийн чимээ хэзээ ч байгаагүй хүнд санагдан өр зүрхэн дээгүүр нь дэвслэх адил болоход чихэнд нь “Боловсролгүй, хормойтойгоо орооцолдохоос өөрийг чадахгүй хөдөөний бүдүүлэг хүүхэн шүү дээ чи. Миний оюун санаа чиний дэргэд бүдгэрч бүдүүлэг болж гүйцлээ” гэх хахир дуун хадна. Уг нь өөрийн биеэс илүү эрхэмлэн өдөр шөнийг ялгалгүй санаа алгасан зөвхөн түүнийгээ л хайрлаж өөрийн чадах бүхнээ хийсэн билээ. Тэр бүсгүйн чадах зүйл нь л нөхрөө чин сэтгэлээсээ “хайрлах” байсан юм.

Шинэ айлын юм бүхэн шинэхэн. Орны бүтээлэгнээс нь дасал бус үнэр ханхалж, ханын цаасан дээр нь сараачиж зурсан зураас нэг ч үгүй. Мах өөхгүй эрүүл хоол, шинэ ногооны салад, жимсний шүүс, эелдэг боловсон зочид, ихэмсэг бөгөөд хөндий яриа, хуурамчхан инээд , шилэн эдлэл, гэрэл ойход үүсэх гялбаа. Шинэ айлын шинэхэн эзэгтэйд чадахгүй юм гэж ховор. Олон хэлээр ярьж, ойгүй амжилтаараа бүхнийг гайхуулна, дуулж бүжиглэж наргиж цэнгэхдээ гаргуун ч хэр хэмжээг барьж бас чадна. Гэвч хар хүний сэтгэлээс нэгийг ухаад авчихсан мэт хөндий, юм бүхэн байвч юу нэг дутахыг гайхан мэдрэнэ. Эрэн бэдрэвч олж үл чадах зүйлээ юу гэдгийг ойлгохыг хүснэ. Гэвч эцэст нь шинэ гэргий нь бүхнийг чаддаг авч ганцхан зүйлийг чадахгүйг мэджээ. Тэр “хайрлаж” мэддэггүй байж.

Эргэж буцах гэвч нэгэнт зам үгүй болж, эгнэгт зүрхэндээ тэр нүхийг агуулж явах болсноо харуусан мэдрэнэ. Бүхнийг сурж болох ч хайрлахыг сурж болдоггүйг, тэр бол зөвхөн зүрх сэтгэлээс ундрах ховорхон чадвар болохыг хожуу ойлгосон өөрийгөө зүхнэ. Тэр гайхамшгийг мэдрүүлэгч амьд багшийн дэргэд өчнөөн олон жил байсан ч туйлын чухал тэр л зүйлийг ойлгож мэдээгүйдээ уурсана. Тэр л зүйлийг чадаж байвал бусад бүхнийг чадахгүй байсан ч “хүн” хэвээрээ үлдэж чадна. Хайрлах гэгч хамгийн дотроос гайхамшигт чанар ажээ.

Залуу буцаж явахаар шийдэв. Эргээд очиход тэр гэрийн хаалга өмнө нь өөриймсгөөр онгойх үгүй бол тасхийтэл савагдах үгүйг мэдэхгүй ч гэлээ эргэж очихыг ихээр хүсчээ. Өндөр боловсролтой, япон гангар шаазан шиг нимгэхэн эмзэгхэн эхнэр нь түүнрүү итгэж ядан гайхан ширтэнэ.

- Юугаараа надаас илүү гэж?

Өмнө нь олж ядан байсан хариулт одоо дэндүү амархан санагдана. Тэр “хайрлаж” чаддаг юм. Гайхсан хэвээр ихэмсэгхэн ширтэх бүсгүйн өмнүүр хаалга хаагдлаа.


Дэлгэрэнгүй...

Цас бид хоёр



Нэвсийтэл нэг их цас ороосой. Бүр хунгарлаад алхаж чадахгүй түүртмээр тийм их цас ороосой. Том том ширхэгтэй бөөн бөөн цас лавсаасай. Ажлаасаа гүйж гарангуутаа тэр их цасан дээр шууд дээшээ хараад хэвтэх юмсан. Хөл гараа тийчилж, хүн амьтангүй юм шиг хашгирч, тааваараа хөлбөрч цав цагаан цасан дээр мөр гаргах юмсан. Хуурай хүйтэн халцгай хар өвөл биш, жигтэйхэн бамбагар зөөлөн чийглэг цагаахан өвөл байвал сайхан даа.


Цас бид хоёр анх яаж танилцсаныг би санадаггүй ээ. Тэр үед магад хүйтэн цагаахан цасан ширхэгийг хачирхан, атгаж аваад гараа хайруулан уйлж байсан ч байж магад. Харин цасны тухай анхны дурсамж дунд ангид орсон үеэс эхэлнэ. Сургуулийн жижигхэн дөрвөлжин шар байшингийн ард талын налууг дагаад хүүхдүүд гулгаад л байна. Зарим нь цүнхээ тавиад, цаас, гялгар уут олж ирээд гулгаад л байна. Хичээл үд өнгөрч тарахад бүүдийсэн тэнгэрээс цас лавсаад л, хацар нь улайсан хүүхдүүд хашгиралдаад л, гулгаад л байна. Өвлийн гутлаа дааж алхаж чаддаггүй сульдаатай байсан би хүнд цүнхэндээ түүртээд бага зэрэг бөгтийж алхана. Гэрлүүгээ орохын хэрд харахад тоглоомын талбай дээр хүүхдүүд цасаар байлдаж л байна. Нэг л тийм бүрхэгдүү тэнгэр, зөөлөн цас, тэгээд тийм ч хүйтэн биш орой л санагдана. Одоо хүртэл хааяа сургуулиас ирж буцах тэр замыг зүүдлээд л байдаг юм.


Дараагийн дурсамж нь есдүгээр ангид ч билүү гэрийнхээ урд талын цэцэрлэгт орой зургаан цагт хүн хүлээгээд зогсож байх үед бас л нөгөө гоё цас арай жижигхэн ширхэгтэйгээ бударч байх үед тохиожээ. Ерөөсөө болзоо ч биш, зүгээр л нэг найзыгаа хүлээж байх мөртлөө цас ороход учиргүй догдлоод л, хэзээ нэг өдөр жинхэнэ хайртай хүнээ ийм цастай өдөр цэцэрлэгт хүлээнэ дээ гэж бодоод л. Хүлээсэн найз минь ирж чадаагүй ч ганцаараа хүлээх тэр агшин тийм дурсамжтай байна гэж мэдээгүй.


Тэгээд тэр жилийнхээ 2-р сард эмээдээ золгох гэж хөдөө явж байгаад цасан шуурганд хээр хөдөө хоёр хоног суусан тохиолдол. Тэгэхэд цас тийм ууртай догшин, аймаар, бас хор хөнөөлтэй байдгийг мэдэж авсан юм. Унтарчихсан машиндаа нэг хонохдоо миний дуртай байсан цас угалзран мушгирч, уурсан исгэрч, хөөрхий машиныг шавхуурдан, аашилж байсныг харж, анх удаа “үхэл”-ийн тухай тийм нухацтай бодож, магад нүүр тулсан нь тэр байх. Ингээд цас бид хоёр бараг муудалцахаа шахав.


Тэгсэн их сургуулиа төгсөх жил өвөл өнгөрөөд хавар эхэлж байхад анх удаа Тэрэлж явж үзэвээ. Өдий хүрчихээд Тэрэлж явж үзээгүй гэхээр гайхсан япон найз эгч минь монгол охинд Тэрэрүжи үзүүлнэ гээд явж билээ. Урьд шөнө нь яагаад ч билээ орой унтсан, нойр муутай байсан би, машинд нозоорон байж очоод буухад тэнгэр цэв цэлмэг, цэв цэнхэр, цас цав цагаан, зөөлхөн дулаахан байсан. Тэгэхэд анх цасан дээр дээшээ харж хэвтээд тэр амгалан тэнгэрийг харж, нарны туяа нүүрэн дээр наадаж, нүдээ анин хэсэг зуур мартагдашгүй жаргалыг мэдэрсээн. Тэр цагаахан цасан дээр хүний нэр бичиж, урагш хойшоо гүйж, хөлийнхөө мөрийг янз бүрээр хээлж үзэж, анх удаа цас харсан хүн шиг л аашилж билээ. Ингэж л цас бид хоёр эвлэрсэн.


Харин буцах замдаа модон гүүрэн дор голын тэгшхэн толигор мөсөн дээр гутлаараа гулгаваа. Эхлээд өөртөө итгэлгүй нэг хөлөө тавьж үзээл, гулгамар аядсан болж байхаар нь зориглоол гулгаал, инээгээл, их байсан чинь байхгүй бөгсөөрөө тас хийтэл саваад унасан. “Ёооё” гэж сэмхэн ёоолчоол ойр хавьд эрхлэх хүн байхгүй болохоор тэгээл босоод ирж байгаам. Япон найз эгчийн нөхөр санаа нь зовчихсон зүгээр үү гээд л, би бантсандаа “өө энэ бол юу ч биш” ухааны юм яриал, юун гулгах мөсөн дээгүүр баацагнаад машин руугаа маарш. Хамгийн гоё өвөл тэр байжээ ер нь. Одоо авахуулсан зургаа харахаар зурган дотроо орчихмоор бодогдоод болдоггүй юм.


Одоо өвлийн ойд очихыг л ихээр хүсдэг. Кинон дээр гардаг шиг хайртай хүнтэйгээ хөөцөлдөөд л, модны наана цаагуур ороод л, мангар том цас бөөрөнхийлж аваад хорлонтой гэгч нь яг дагзруу нь чанга шидээд л, өөрөө цасан бөмбөгнөөс бултаад л, хайртыгаа цасан дээр түлхэж унагаал, гэдсэн дээр нь гарч үсрээл. За сүүлийн хоёр өгүүлбэрийг хасаад умшчихаарай.


Цас бид хоёр хэзээ танилцсаныг даанч санадаггүй. Хүн хүний амьдралд цастай холбоотой түүх бий байх. Харин надад цас амар амгалан байдлыг санагдуулдаг юм. Нэвсийтэл нэг их цас ороосой.


Дэлгэрэнгүй...

Friday, November 26, 2010

Алтанболор


Ширээн дээр алтан утсаар угалзруулан бичсэн үсэг бүхий гоёмсог дугтуй хэвтэнэ. Үзүүрт нь хүрвэл шувуу адил нисчих юм шиг санагдах дугтуйнд Билгүүн гараа ойртуулж ч зүрхэлсэнгүй. Дотно найзынхаа хуримын зарыг аваад баярлаж, өмсөх хувцас, өгөх бэлгээ бодох ёстой байтал чадсангүй. Хоолой дээр нь нэг л том зүйл тээглэчих шиг болоод, чухам юу хийх, юу бодох ёстойгоо ч ойлгосонгүй, дэмий л суусаар. Нүднийх нь өмнүүр цаг хугацааны хүрд эргэлдэх шиг болоход арван жилийн өмнөх тэр үедээ очлоо.

Тэгэхэд хаврын анхны нахиа дэлгэрч, залуу нас амьдралыг угтан мишээж байсан санагдана. Бүх юм гэгээлэг, өнгөлөг атлаа бүдэгхэн тэр цагт уйтгар гэж огт байгаагүй. Билгүүн ангийнхаа хамгийн царайлаг, охидын хараанд өртсөн, бусдыгаа тэргүүлэгч нэгэн байлаа. Ангийн төдийгүй сургуулийн охид мэр сэр сэтгэлээ илчилж, сэтгэлээ далд нууж явдаг нэг нь ч сэмхэн талтай байдийг Билгүүн сайн мэддэг байсан. Гэхдээ түүний сэтгэлд тэдний нэг нь ч нийцэж байгаагүй. Хэнд ч нүүр өгч үерхэж нөхөрлөөгүй нь охидын сэтгэлийг улам татдагийг тэр бас л мэддэг байсан.

Харин тэр үед Алтанболор ангийнх нь найз байсан. Зүгээр л найз. Заримдаа муудалцаж, дорхоноо эвлэрч, хичээл ороход урд нь суудаг байсан жирийн л найз. Тэр дундаа Алтанболорт олноос онцгойрох зүйл байсангүй. Охид өндөр өсгийт, уруул өнгөлөгч, богино банзал сонирхож эхлэхэд зүгээр л урт гэзгээ хоёр салаа сүлжчихээд эрэгтэй хүүхэд шиг хэнэггүй хувцасладаг түүнийг хэн ч анзаарч байгаагүй. Билгүүн ч анзаараагүй.

Салхи шуурч байсан хаврын нэг өдөр хамгийн сайн найз нь Билгүүнд хачин зүйл дуулгажээ. Тойруулж тогшуулж байсаар нэг охин түүнд их л сайн гэдгийг хэлээтхэв.Хачирхалтай нь тэр нь Алтанболор байж. Хэзээ ч эмэгтэй хүн гэсэн нүдээр харж байгаагүй тэр охин түүнд сайн гэсэн нь нэг л хачин. Билгүүн юу гэж хариулахаа мэдсэнгүй учир, яриаг дүйвүүлээд өнгөрөөлөө. Маргааш нь анги дээр ирэхэд Алтанболор ангийн буланд дэвтрээ шагайгаад ширээгээ дэрлэх шахам наалдчихсан сууж байлаа. Үнэндээ өөрийг нь хараад нуугдчихсан юм шиг Билгүүнд санагдсан ч тэр тоосонгүй, анзаараагүй мэт өөр ширээнд очиж суулаа. Ардаас нь хэн нэгний харц цоолох мэт төөнөхийг мэдрэвч эргэж харж зүрхэлсэнгүй, яагаад ч юм тэр охины өмнө буруутай ч юм шиг, үгүй бол түүнийг өрөвдсөндөө ямар нэг сайн зүйл хийх ёстой юм шиг санагдсан.

Юм л бол өөдөөс нь үг сөрж байдаг Алтанболор тэр өдрөөс хойш түүнтэй юм ярихаас зайлсхийдэг болчих шиг. Тэглээ гээд Билгүүн өөр дээр нь очиж шалтгааныг асууж зүрхэлсэнгүй, гэвч дотроо энэ бүхэн тэр өдрийн явдлаас болсон гэдгийг ухаарна. Хэнийг ч өөртөө халгаадаггүй байсан бардам боловч даруухан Алтанболор тэр өдрөөс хойш хачин түргэн өөрчлөгдлөө. Намирсан урт шаргал үсээ тайруулж, хөвгүүдтэй болзож, буланд зогсоод тэдэнтэй аалигүйтэн тас тас хөхөрч, мэр сэр хэн нэгнийг сугадаад түүнтэй тааралдаж...Гэнэтхэн өөрчлөгдсөн охины тухай ангийнхан нь жиг жуг хийхийг сонсоход Билгүүний чихийг халуун төмрөөр хайрах шиг болно. Сэтгэл нь амар тайван бус үймэж, тэр яриаг зогсоох гэж оролдоно.

Сургууль төгсөх хавар. Ахиад л шинэ хавар, моддын нахиа шинээр дэлгэрч, шинэ амьдрал хаа нэгтээ эхэлж...Арван жилийн сургуулиа сүүлийн удаа харах хөвгүүд охид сургуулийнхаа гадаа үймэлдэн, бага ангид тоглодог байсан тоглоомуудаа тоглон шуугилдацгаана. Зарим нь дээс, зарим нь черта, нэг хэсэг нь баавгайн чих, үлдсэн нь үг дамжуулж байхад буланд нэг охин ганцаарханаа сондгойрон зогсохыг Билгүүн анзаарлаа. Тэднийг гунигтай, эсбөгөөс атаархангуй ширтэх охины зүг Билгүүн алхлаа. Тэр мөчид цаг хугацаа зогсох шиг болж өөрийнх нь алхах чимээ л чихэнд нь дуулдана. Хөвгүүн түүний дэргэд хүрээд гараа сунгаж, өгч ядан тээнэгэлзэх гараас нь хөтлөн тоглон хөөрөх нөхөд рүүгээ зүглэлээ. Тэднийг хэн ч анзаарсангүй, гэвч хос зүрхний цохилт нэгэн хэмээр дэлдэнэ. Тэр нэг л мөчид охины гараас атгахдаа Билгүүн түүнд өгөх ёстой байснаа өгсөн ч юм шиг ахин түүний өмнө буруутан байхгүй юм шиг санагдсан...

Аравдугаар ангиа төгсөөд тэдний зам зүг зүг салан одлоо. Алтанболорын тухай ахиад Билгүүн сонсоогүй. Харин таван жилийн дараа ангийнхаа цугларалтан дээр түүнийг ахин харжээ. Нугасны муухай дэгдээхэй хун болж гэж шивэр авир хийх дуунаар ухаан орвол танихын аргагүй туяхан бүсгүй гараа сунган инээмсэглэж байлаа. Жижигхэн зөөлхөн тэр гарыг хоёр дахь удаагаа Билгүүн тэгэхэд атгажээ. Үнэхээр тэр нүд алдам сайн бүсгүй болж. Энэ мөчид Билгүүний хөлдүү зүрх амь орон гэсэх шиг болж, үе үехэн түүний тухай бодох болсон. Гэвч нэг удаа хариу өгөөгүй гомдоочихсон тэр зүрхэнд ахин халдах зориг байсангүй.
Харин энэ өдөр гэнэтхэн түүний нэрийг дарамласан хуримын урилгыг хүлээн авчээ. Зүрх нь юунд ч юм гуниглан, юу нэгийг аваад явчих шиг эзгүйрэх нь хачин. Тийм гэж тодорхойлж чадахгүй шижмээр зүрхэнд нь холбогдох тэр бүсгүйн хуримын зар юунд ингэж үймрүүлэн буйг бодоод ч ойлгосонгүй. Өөрөө ч хүлээн зөвшөөрөөгүй атлаа сэтгэлдээ түүнийг бодсоор явсан гэж үү? Энэ хуримын урилга дээр өөр хүний биш, түүний нэр ч байж болох л байсан. Харин одоо дэндүү оройтсон.

Гэвч нэг л мэдэхэд гэрлэх ёслолын ордны үүдэнд цагаан цамц, мөнгөлөг саарал хослол, гялалзсан ботинк, эрвээхэй зангиа зүүчихээд байдгаараа гоёчихсон, энэ өдрийн гол хүн сүйт хархүү юм шиг л догдлох зүрхээ аргадан зогсож байлаа. Элдэв цэцэг, шаар, хүүхэлдэйгээр гоёсон машинаас цав цагаан даашинз, гивлүүртэй бүсгүй бууж ирэхэд, ургах нарны алтан туяа түүний араас гэрэлтүүлэн тусахад, Алтанболор яг л алтан нарны цацраг өөрөө юм шиг өгүүлэшгүй үзэсгэлэн төгөлдөр. Өөрийг нь чиглэн алхах бүсгүйг бахдан ширтэхэд ам нь хатан, хоолой нь аргаж, алга нь хөлрөн, цээжинд нь бөмбөр дэлдэх мэт түчигнэнэ. Яг л энэ мөчийн төлөө өдий хүртэл гон бие гозон толгой явсан мэт санагдахуй зүрх сэтгэлийнх нь гүнд нуугдаж асан хайр ухаан сэхээ ортол нь цээж дүүрэн амтагдах шиг. Дагина мэт өгөөмөр инээмсэглэх бүсгүй гараа даллан мэндлээд өөр нэгнийг сугадан гэрлэх ёслолын ордон руу орчихлоо.

Билгүүн баяр хүргэе гэж сулхан дуугарахад өөрөө ч сонсомгүй дууг нь олж сонссон ганц хүн болох Алтанболор эргэж харлаа. “Баярлалаа” гэж инээмсэглэхдээ харцаараа нэгийг өгүүлэх шиг. Сүйт бүсгүйн баяр хөөр дүүрэн харцанд гунигийн хун буугаад нисэх шиг.
Ирээдүйн амьдралаа аз жаргал, ерөөл баяраар дүүрэн угтах хос залуусыг харахад “Энд би зогсож болох байсан. Алтанболорын гараас би атгаад зогсох байсан” гэж бодох бүр залуугийн зүрхээр хатгуулах шиг өвдөнө. Инээх гэж өөрийгөө хүчлэвч чадсангүй. Харин дурсгалын зураг татуулж зогсоо Алтанболор өөрийг нь сэмхэн нэг харахыг анзаарчээ. Билгүүн хэнд ч юу ч хэлсэнгүй тэндээс гарлаа. Хэтэрхий их догдлол, харуусал, бас бүсгүйн өмнөөс баярлах холилдон, өдий хүртэл өөрийгөө хэтэрхий их хайрласан зүрх нь энэ их сэтгэл хөдлөлийг дааж чадах эсэхэд нь эргэлзсэндээ тэгсэн ч байж мэднэ.

Гадаа гарахад нар урьдын адил тэр бүсгүйн үзэсгэлэн адил өгөөмөр мишээж байлаа. Ирсэн хэргээ бүтээсэн хүн шиг нуруугаа цэхлэн, хараа дээгүүр машинруугаа алхлаа. Ердөө Алтанболорын ганцхан харцны төлөө энд ирсэн юм шиг, нэг л амгалан, нэг л сэтгэл хангалуун. Эсвэл яагаад ч юм түүний өмнө өртэй мэт санадаг байснаа одоо төлчихсөн ч юм шиг. Энэ бүхний эцэст хэзээд Алтанболорын анхны хайр хэвээр үлдэхээ ухаарсан болохоор ч тэр байж магадгүй. Ямартай ч сэтгэлдээ тээж явсан бүхнээ тэнд үлдээчихээд гарах шиг санагджээ. Зүрх сэтгэлд хайр хэзээ ч өтлөшгүй билээ.


Дэлгэрэнгүй...

Wednesday, November 17, 2010

Татар ажиллагаа үзсэн тухай


Бас л гэрэл унтарчихсан хойно кино театрын танхимд урдах замаа харахгүй тонголзон бүдчин явж орлоо. Кино хэзээний эхэлчихсэн, үзэгчид өмнөх дэлгэцэндээ анхаарлаа хандуулсан, бүхний харц тэр нэг цэгт. Эгнээ суудлаа олох гэж хэдэн секунд лав алдлаа, арайхийж олоод очиход өөр хүмүүс суучихаж. Бас л хэл ам болох вий гэж эмээж байтал санасанаас хөөрхөн ааштай, тэр дундаа хүн болгон шахам ууртай, яхир хахир зантай болсон өнөө цагт ховордсон эелдэгхэн охид бидний суудлыг олж өгөхөд, чөлөөлөхөд тусалснаар нэг юм суудлаа эзэлж, гадуур хувцсаа нимгэлж санаагаа амраав.

Киноны нэр “Татар ажиллагаа”. Сурталчилгаа нь цацагдаад удсан ч үзэж амжаагүй, үнэндээ тэгтлээ үзэхийг шамдаагүй ч нэг оройг аятайхан өнгөрүүлье гэж сонгож үзсэн нь энэ. Танхим битүү үзэгчидэй байлаа. Энэ нь магадгүй тасалбарын үнэ 50% хөнгөлөгддөг Лхагва гаригтай холбоотой байж мэдэх.

Үзэхийг завдаж буй хүмүүсээс хүлцэл өчин үргэлжлүүлэхэд, киноны үйл явдал банк дээрэмдэхийг зорьж буй дөрвөн залуугийн тухай. Бидний мэдэх дуучин Амархүү, охин нь хүнд өвчтэй, мөнгөний хэрэгцээ их байгаа ч ажлаасаа халагдчихсан банкны ажилтан асан залуу Тайванаа. Жүжигчин Эби бол Тайванаагийн “хар” багын найз, боксчин байсан ширүүн төрхтэй, адал явдалд дурлагч (кинон дээрх дүрийн нэрийг даанч мартчихаж). Охиныхоо хагалгааны мөнгийг олж чадахгүй шаналж, эхнэртээ ажлаасаа халагдсанаа хэлж зүрхлээгүй Тайванаа багын найз дээрээ шил юмтай ирснээр, архины халуунд Тайванаагийн ажилладаг байсан банкинд буй эзэн нь тодорхойгүй 1200 долларыг дээрэмдэх “Татар ажиллагаа” төлөвлөгдөнө.

Хоёулханаа дийлэхгүй том төлөвлөгөө учир орос цустай, машин техникийг гарын арван хуруунаасаа илүү мэднэ гэгдэх Коля, банкны сейфний кодыг тайлах компьютерын мэргэжилтэн болох Гялбаа нарыг элсүүлснээр дөрвүүл болж авна. Гялбаа нь бидний мэдэх Номинталстын Батсүх. Цаг минутаа нарийн төлөвлөж сэдсэн дээрмийн ажиллагаагаа толгойдоо бүгд өөр өөрийнхөөрөө сүржнээр ургуулан бодож, ам тангаргаасаа няцахгүй хэмээх зуураа Татар ажиллагааныхаа хавтаст хэргийг шатаах гэж байгаад Колягийн гараашийг шатаасан ч тэр дөрөв шантрахгүй. Төлөвлөгөө энгийн.

Банк хааж, ажилтнууд таран хоёр хамгаалагч, нарийн бичгийн дарга бүсгүй (загвар өмсөгч Одгэрэл), бас нягтлан ч билүү нэг авгай үлдэх цагт дээрэм эхлэнэ. Үүний өмнө Тайванаа, Эбигийн хамт зэвсгээ худалдаж аваад, Коля машин хулгайлж тэднийг аван, компьютер сэлтээ бэлдээд хүлээж буй Гялбааг нэгтгэн банк руу очих ёстой. Банк руу эхлээд Гялбаа орлоо, хамгаалагчийг саатууллаа. Араас нь Эби орно. Тэгээд Тайванаа. Гурвуул хамгаалагч нарыг аюулгүй болгож, мөнгийг аваад салхивчаар шидэхэд Коля гадаа тосон авч, машиндаа аваачина. Коля тэднийг таван минут л хүлээх ёстой.

Гэтэл бүх зүйл инээдэмтэйгээр буюу тэдний сүржин төлөвлөгөөнөөс даанч даржин байдал руу эргэнэ. Энэ хэсэгт би нэг юм инээсэн. Үүнээс өмнөх хэсгүүдэд хүмүүс инээлдэн, арын суудалд суусан эрчүүд чанга чанга дуугаар ярилцан хөгжиж байсан ч надад тийм сэтгэгдэл төрөөгүй болохоор өөрийгөө мэдрэх чадвараа алдчихаж гэж бага зэрэг эмээж суув. Дээрмийн хэсэг бол үнэхээр инээдэмтэй санагдсан, бас таалагдсан. Гэм нь дэндүү богинохон өрнөх шиг санагдсан. Банк дээрэмдэж чадаагүй ч буруу гарын мөнгөтэй цүнхийг банкны ажилтан цонхоор шидсэнийг Коля төлөвлөгөө ёсоор салхивчаар унасан цүнх гэж эндүүрэн авч явснаар залуус мөнгөтэй болдог. Мэдээж банк дээрэмдэх гэж орсон гурав маань хамгаалагч нартай хөзөрдөж байсан цагдаа нарт зодуулаад, зодолдох гэж оролдоод өнгөрнө. Баривчлагдаад гарсан гурвыг цүнх дүүрэн мөнгөтэй Коля хүлээж байна. Амар сайхандаа жаргав. Үзэгчдийн хагас нь тэр үед бас алгаа ташсаныг хэлэхгүй өнгөрч болохгүй.

Миний хувьд кинонд “дажгүй” гэсэн үнэлгээ өгнө. Ер нь сүүлийн үед үнэхээр ам ангайлгасан гайхалтай монгол кино үзээгүй гэдгээ ч шударгаар хэлнэ. Дандаа нэгнийхээ хийсэн юмыг муучилдаг монголчууд гэж ярьдаг ч бас болсон болоогүй зүйлийг нүдээ анин өнгөрүүлж, сохор балайгаар гоё сайхан гэж алгаа таших нь сайн зүйл биш байх. Ололттойг нь сайшааж, тааруу болсон бол үнэн шүүмж өгөх нь муучлахад тооцогдохгүй байх. Олон кино хийгдэж байгаа нь сайн хэрэг. Гэвч өрсөлдөөн дундаас чанар нь сайжирч, яван чангарах болтугай гэж ерөөе.


Дэлгэрэнгүй...

Tuesday, November 16, 2010

Нүцгэлэх гэж үзлээ сэтгэлээ


Блог дээрээ хувийн амьдралаа бичихгүй гэж нэг айхтар явдлын дараа их хаширч билээ. Дандаа сэтгэл сайнтай хүмүүс байх юм шиг хөөрч байсан тэр үедээ дотроо юу бодогдож байна бүгдийг л уудлаад хамаагүй биччихдэг байж. Номоо гаргаагүй, нэр усаа зарлаагүй байсан болохоор freestyle гэсэн ай-ди-ны ард нуугдаад эрх чөлөөтэй хашгирдаг байжээ. Одоо бол гэр бүлийнхэн, ах дүү хамаатан, найз нөхөд, ажлынхан гээд уншихгүй хүнгүй болохоор юу хамаагүй бичих хэцүү, бичихгүй болохоор хэл загатнаад байх нь хэцүү.

Особу гээд залуугийн бичлэгүүдэд би нэг сэтгэл алдарч байсан юм. Нэг бичлэг уншаад л шууд амтанд нь ороод, салж чадахгүй, ажил дээрээ сэмхэн бүх архивыг нь ухаж байлаа. Уншаад л, заримдаа инээгээд, зарим хэсэгт нь сэтгэл шимшрээд уйлж хүртэл байсаан, нуух юун. Яагаад ч юм өөрийнхөө бичлэгүүдийг тэндээс уншаад байх шиг сонин санагддаг, одоо ч хэвээрээ.

Өчигдөр мань хүн хайрын захиа гэсэн бичлэг нийтэлчихэж. Уншаад бас л дотор тайван аажуу байсан бүхэн үймчихлээ. Нэг л сонин догдлол, нэг цагт намайг эзэлж байгаад мартагдсан догдлол бүхэн эргээд ирэх шиг. Цонхоор нь нүцгэн ч хамаагүй модод харагддаг кафед суугаад цай уунгаа сэтгэлээ намайг өөр шиг минь ойлгодог хүнд уудалмаар. Зүгээр л дэвэн дэлхийн юу хамаагүй хамж шимж ярьж, инээлдэж хөхөрч, ямар ч илүү дутууг бодолгүй суумаар санагдсан. Өөрөө ч мэдэлгүй сэтгэлдээ нүүр тулаад инээж суух, тэгэхдээ намайг над шиг ойлгох найзаар дутсан ч юм билүү.

Хүнд сэтгэлээ нээхдээ маруухан хүн дээ би. Өрөөлийг ойлгож дэмжиж урамшуулах дуртай мөртлөө өөрийнхөө сул талыг хүнд харуулчих вий, хэн нэгний мөрийг дэрлээд уйлчихаасаа айгаад байдаг юм. Тэгж нээлээ гэхэд нөгөө хүн маань ойлгохгүй байх вий гэдэг л хамгийн том айдас. Сэтгэлийн нандин бүхнээ дэлгээд өгүүлж байхад эсрэг этгээдийн нүд хоосон, хайхрамжгүй, зүгээр л өрөвдсөн ойлгосон дүр үзүүлэхийг яарч байхыг харах гунигтай. Яг л миний дотроос цойлон гарсан шувуухай чулуун хана мөргөчихөж байгаа юм шиг. Тийм ч болохоор өөртэйгөө л ярилцаж, өөрийгөө л сонсож, өөртөө зориг нэмж суух нь цөөнгүй.

Гэвч мохох цагт ирлэдэг, гуйвах цагт түшдэг цөөн хэдэн хүнийг сэтгэлдээ хайрладаг, нандигнадаг, миний сэтгэлийн хамгийн нандин гэх бүхнээ хадгалдаг хэсэгтээ ангилаад оруулчихсан. Тэр хүмүүсийн төлөө бол би бүтэшгүйг ч бүтээж, өөрийгөө зориулна. Нэг итгэж хайрласан хүнийхээ төлөө үхэн хатан зүтгэж чадах ч нэг л удаа итгэл алдчихвал эргээд уучилж чаддаггүй миний сул тал...

Зарим нөхөд минь надаас ямх ямхаар холдсоор байгааг мэдрэхээр хөнгөхөн гуниглах юм. Марташгүй үеийг хамт туулчихаад, одоо нэг л хөндий, нэг л өөр байгааг үзэхээр гомдоод болохгүй юм. Үнэхээр орон зай, цаг хугацаанд ялагдчих тийм л нөхөрлөл байсан юм боловуу гэж өөрөөсөө асууж сууна. Санаанд байдаг цонхных нь цаана нүцгэн ч хамаагүй модод үзэгддэг кафед ярьж суухыг хүссэн хүмүүс аажимхан холдохыг мэдрэхээр сэтгэл жиндээд байна.

Арай гэж хүлээн зөвшөөрөн оруулсан “найз”-ын эгнээнээсээ хасчихаж гэвч зүрхлэхгүй өнгөрснийг толгойдоо эвлүүлж, үлдээсэн зурагнуудыг нь эргэцүүлж сууна. Цаг хугацаа хүнийг өөрчилдөг гэдгийг хүлээж авахыг хүсэхгүй нь. Намайг ч гэсэн өөрчилсөн байх, би өөрөө анзаарч мэдээгүй байх гэвч бодовч бие холдоход сэтгэл нь алсалчихсан найзууддаа далдхан гомдоод байна.

Уг нь би өчигдөр хайрын захианы тухай уншсан юм. Sex & City гээд дөрвөн гал хүүхний амьдрал, нөхөрлөл, адал явдлын тухай цуврал киноны хэсгээс ишилснийг харсан юм. Хөнгөн хөөргөн үйл явдлууд, хүний амьдралд тохиодог тэр л баяр гуниг бүхнийг тэр киноноос мэдэрч суухдаа юу юунаас илүү дөрвөн бүсгүйн эвдрэшгүй бат нөхөрлөлл сэмхэн атаархаад санаа алддаг. Хайр дурлал ирж буцаж, өвчин зовлон тусаж эдгэж, он цаг нүүрэнд нь үрчлээс нэмсэн ч тэд хамтдаа. Шууд л миний найзууд..гэсэн бодол буумаар тийм атаархам. Керри шиг түшигтэй, нулимс нь инээдээрээ хатдаг сэтгэлийн тэнхээтэй, Миранда шиг шулуун шудрага, үл ялиг эршүүд, Саманта шиг гунигт дарагддаггүй цовоо, эрч хүчтэй, Шарлотт шиг уян энхрий, өхөөрдөм бүсгүйлэг найзууд нийлсэн нь хичнээн сайхан гэж бодит амьдрал бус зохиол гэдгийг нь мэддэг мөртлөө хүсэмжлээд болдоггүй юм.

Гэрээс гармагц хүйтэн жавар алгадах хүйтэн намарт жиндээгүй ч намайг юу юугүй орхих гээд байх шиг нөхөддөө харамсаад зүрх даарчихлаа. Нуугаад удсан сэтгэлийнхээ бүтээлгийг хуулахад нүцгэн зүрх ичингүйрч бас эрх чөлөөг мэдэрлээ.


Дэлгэрэнгүй...

Tuesday, November 9, 2010

Хямд үнээр зурагтын нэвтрүүлгийн сурталчилгаа хийлгэхийг хүсвэл

Банжиг блог ажиллахгүй байгаа ч гэсэн энүүгээр хүмүүс шагайж байгаа гэж итгээд зарын чанартай зүйл нийтлэхээр шийдлээ хүмүүсээ.

Миний блогийг аль 2008 оноос уншсан хүмүүс бол миний дүүгийн тухай бараг надаас илүү мэддэг болсон байхаа. Газар дээр ганцхан болохоор нь эрх нь дэндчих вий гэж зэмлэж загнадаг ч дотроо хайрладаг шар хүүхэн миний дүү юм л даа.

Сургууль төгсөөд ажилгүй нэг хэсэг явсны эцэст SCH гээд инээдмийн сувагт ажиллаж эхлээд байгаа. Дөнгөж эхэлж байгаа болохоор эрвийх дэрвийхээрээ гүйж байнгын ажилтан болох гээд хичээж л яваа. Тэгсэн “TV SHOP 8888” гэдэг нэвтрүүлэг хөтлүүлэх болсон гэнэ. Гэхдээ нэвтрүүлэгт орж сурталчлуулах байгууллагаа өөрөө олох ёстой. Та бүхэн энэ төрлийн нэвтрүүлгийг төрөл бүрийн сувгаар ханатлаа үзэж байгаа болохоор хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Хөтлөгч зураглаачтайгаа танай байгууллага дээр очоод сурталчилгаагаа бэлтгэнэ. Танай байгууллагын сурталчилгаа нийт 3 минут үргэлжилнэ.

Хэрэв та энэ нэвтрүүлгээр сурталчилгаа хийлгэхийг хүсвэл нэвтрүүлгийн эх бэлтгэлд нэг удаа 20 000 төгрөг төлөөд нэг өдрийн цацалтанд 8800 төгрөг төлөхөд хангалттай. Одоогоор шинэ сувгийн үйл ажиллагаа эхлээд удаагүй учир нэг өдөр хангалттай олон давтана. Сурталчлуулах байгууллага ч төдий олон биш байгаа нь мэдээж танайд ашигтай.
Сонирхож байгаа хүмүүс 9169 0732, 91162793 гэсэн дугааруудаар холбоо бариарай. Эхнээсээ сурталчлуулсан газрууд их сэтгэл ханамжтай байгаа шүү.


Дэлгэрэнгүй...