Tuesday, November 16, 2010

Нүцгэлэх гэж үзлээ сэтгэлээ


Блог дээрээ хувийн амьдралаа бичихгүй гэж нэг айхтар явдлын дараа их хаширч билээ. Дандаа сэтгэл сайнтай хүмүүс байх юм шиг хөөрч байсан тэр үедээ дотроо юу бодогдож байна бүгдийг л уудлаад хамаагүй биччихдэг байж. Номоо гаргаагүй, нэр усаа зарлаагүй байсан болохоор freestyle гэсэн ай-ди-ны ард нуугдаад эрх чөлөөтэй хашгирдаг байжээ. Одоо бол гэр бүлийнхэн, ах дүү хамаатан, найз нөхөд, ажлынхан гээд уншихгүй хүнгүй болохоор юу хамаагүй бичих хэцүү, бичихгүй болохоор хэл загатнаад байх нь хэцүү.

Особу гээд залуугийн бичлэгүүдэд би нэг сэтгэл алдарч байсан юм. Нэг бичлэг уншаад л шууд амтанд нь ороод, салж чадахгүй, ажил дээрээ сэмхэн бүх архивыг нь ухаж байлаа. Уншаад л, заримдаа инээгээд, зарим хэсэгт нь сэтгэл шимшрээд уйлж хүртэл байсаан, нуух юун. Яагаад ч юм өөрийнхөө бичлэгүүдийг тэндээс уншаад байх шиг сонин санагддаг, одоо ч хэвээрээ.

Өчигдөр мань хүн хайрын захиа гэсэн бичлэг нийтэлчихэж. Уншаад бас л дотор тайван аажуу байсан бүхэн үймчихлээ. Нэг л сонин догдлол, нэг цагт намайг эзэлж байгаад мартагдсан догдлол бүхэн эргээд ирэх шиг. Цонхоор нь нүцгэн ч хамаагүй модод харагддаг кафед суугаад цай уунгаа сэтгэлээ намайг өөр шиг минь ойлгодог хүнд уудалмаар. Зүгээр л дэвэн дэлхийн юу хамаагүй хамж шимж ярьж, инээлдэж хөхөрч, ямар ч илүү дутууг бодолгүй суумаар санагдсан. Өөрөө ч мэдэлгүй сэтгэлдээ нүүр тулаад инээж суух, тэгэхдээ намайг над шиг ойлгох найзаар дутсан ч юм билүү.

Хүнд сэтгэлээ нээхдээ маруухан хүн дээ би. Өрөөлийг ойлгож дэмжиж урамшуулах дуртай мөртлөө өөрийнхөө сул талыг хүнд харуулчих вий, хэн нэгний мөрийг дэрлээд уйлчихаасаа айгаад байдаг юм. Тэгж нээлээ гэхэд нөгөө хүн маань ойлгохгүй байх вий гэдэг л хамгийн том айдас. Сэтгэлийн нандин бүхнээ дэлгээд өгүүлж байхад эсрэг этгээдийн нүд хоосон, хайхрамжгүй, зүгээр л өрөвдсөн ойлгосон дүр үзүүлэхийг яарч байхыг харах гунигтай. Яг л миний дотроос цойлон гарсан шувуухай чулуун хана мөргөчихөж байгаа юм шиг. Тийм ч болохоор өөртэйгөө л ярилцаж, өөрийгөө л сонсож, өөртөө зориг нэмж суух нь цөөнгүй.

Гэвч мохох цагт ирлэдэг, гуйвах цагт түшдэг цөөн хэдэн хүнийг сэтгэлдээ хайрладаг, нандигнадаг, миний сэтгэлийн хамгийн нандин гэх бүхнээ хадгалдаг хэсэгтээ ангилаад оруулчихсан. Тэр хүмүүсийн төлөө бол би бүтэшгүйг ч бүтээж, өөрийгөө зориулна. Нэг итгэж хайрласан хүнийхээ төлөө үхэн хатан зүтгэж чадах ч нэг л удаа итгэл алдчихвал эргээд уучилж чаддаггүй миний сул тал...

Зарим нөхөд минь надаас ямх ямхаар холдсоор байгааг мэдрэхээр хөнгөхөн гуниглах юм. Марташгүй үеийг хамт туулчихаад, одоо нэг л хөндий, нэг л өөр байгааг үзэхээр гомдоод болохгүй юм. Үнэхээр орон зай, цаг хугацаанд ялагдчих тийм л нөхөрлөл байсан юм боловуу гэж өөрөөсөө асууж сууна. Санаанд байдаг цонхных нь цаана нүцгэн ч хамаагүй модод үзэгддэг кафед ярьж суухыг хүссэн хүмүүс аажимхан холдохыг мэдрэхээр сэтгэл жиндээд байна.

Арай гэж хүлээн зөвшөөрөн оруулсан “найз”-ын эгнээнээсээ хасчихаж гэвч зүрхлэхгүй өнгөрснийг толгойдоо эвлүүлж, үлдээсэн зурагнуудыг нь эргэцүүлж сууна. Цаг хугацаа хүнийг өөрчилдөг гэдгийг хүлээж авахыг хүсэхгүй нь. Намайг ч гэсэн өөрчилсөн байх, би өөрөө анзаарч мэдээгүй байх гэвч бодовч бие холдоход сэтгэл нь алсалчихсан найзууддаа далдхан гомдоод байна.

Уг нь би өчигдөр хайрын захианы тухай уншсан юм. Sex & City гээд дөрвөн гал хүүхний амьдрал, нөхөрлөл, адал явдлын тухай цуврал киноны хэсгээс ишилснийг харсан юм. Хөнгөн хөөргөн үйл явдлууд, хүний амьдралд тохиодог тэр л баяр гуниг бүхнийг тэр киноноос мэдэрч суухдаа юу юунаас илүү дөрвөн бүсгүйн эвдрэшгүй бат нөхөрлөлл сэмхэн атаархаад санаа алддаг. Хайр дурлал ирж буцаж, өвчин зовлон тусаж эдгэж, он цаг нүүрэнд нь үрчлээс нэмсэн ч тэд хамтдаа. Шууд л миний найзууд..гэсэн бодол буумаар тийм атаархам. Керри шиг түшигтэй, нулимс нь инээдээрээ хатдаг сэтгэлийн тэнхээтэй, Миранда шиг шулуун шудрага, үл ялиг эршүүд, Саманта шиг гунигт дарагддаггүй цовоо, эрч хүчтэй, Шарлотт шиг уян энхрий, өхөөрдөм бүсгүйлэг найзууд нийлсэн нь хичнээн сайхан гэж бодит амьдрал бус зохиол гэдгийг нь мэддэг мөртлөө хүсэмжлээд болдоггүй юм.

Гэрээс гармагц хүйтэн жавар алгадах хүйтэн намарт жиндээгүй ч намайг юу юугүй орхих гээд байх шиг нөхөддөө харамсаад зүрх даарчихлаа. Нуугаад удсан сэтгэлийнхээ бүтээлгийг хуулахад нүцгэн зүрх ичингүйрч бас эрх чөлөөг мэдэрлээ.

14 comments:

Dosu said...

unshaad setgel uimreed garlaa

Dosu said...

unshaad setgel uimreed garlaa

Мармелад said...

найзууд тэгээд гэр бүлтэй болчихоор тоохоо больчихийм байшд
би ууг нь гэр бүлтэйч гэсэн аль болох тэр хэдтэйгээ уулзаал байхыг бодохым даанч нааг тоохкүүм дөө. Осолдохгүй төрсөөдрөөр ирэхийн бусад үед бол сайнуу гээл болоо хммммм

freestyle529 said...

Досу хүйтрээд ирэхээр ч тэрүү нэг л гунигтай болчих юмөө.

Мармелад хүссэн хүсээгүй тэгээд холдчихдог юмуу гэхээр тэгээгүй хүмүүс ч зөндөө л байх юм. Харин ч гэр бүлээрээ нөхөрлөөд сайхан байж болно гэж би боддогоо. Хаа байгаа Баян-Өлгийд байгаа найз минь л гэхэд хэзээ ч уулзсан яг л хэвээрээ байдаг нь үнэхээр сайхан.Тэгэхээр ойр байхыг хүсвэл одоо цагт орон зай энэ тэр нээх чухал биш болчихсон ч юм шигээ.

Anonymous said...

HUn gedeg urgelj ideal zuil luu temuulj bh yum daa. Ug n bol amidral uur shd. Uur gedeg n yag tiim iim gesen ug bish l de. Bi medehchgui. Yahav neg tiim gulgamtgai halitramtgai yaj ch boloh. Bi lav evlersen. Yasan ch yadgiim tsus. Bi belen baihiig hicheedeg. Gehdee...
Temuuleltei amidrah ch saihan yum doo. Zarim n zuv l gene zarim n buruu ch gene. Hen medlee. Tenegteed yavj bsn n amarch yum shig.

freestyle529 said...

Нэргүй зочин, сэтгэгдлийг чинь анхааралтай уншлаа. Санал нийлэх юм байна. Тэнэг байж магадгүй, гэхдээ би амьдралыг одоо цаг гэж л боддог ш д. Өчигдрийг санаж, маргаашийг хүлээх биш одоог мэдрэх ёстой юм болов уу л гэж.
Харин ихийг санахгүй хүсэхгүй байж чадахгүй нь хүний угийн араншин байхаа.

Anonymous said...

Hund ugiin aranshin gej bii gej u? Unuudur eniig songosnoo margaash nuguug songono. Ugluu n ineej garaad oroi n uurtai orj irne. Uurtuu neg yum yarisnaa busdad uuriig yarina. Bi hunii aranshing raamand hiih durgui. Nadd hairtai hun minii araas hutgalval bi gaihahgui. Ugaas goliin us ursaj l baidag. Bid l meddeg yum shig orood baidag bolohoos.

freestyle529 said...

Нэргүй зочинд, би харин чамд хайртай л хүн бол чиний араас хутгалахгүй байх гэж бодож байна.

Anonymous said...

Tiimee hair saihan. Durlaj shohoorhoj hairlah tegeed daraa n huuragdah... Ene buhen niilj bj hair gedeg medremjiig iluu todotgodog baij ch boloh yum.
Alivaag saihnar tusuulj, hund itgej yavah shig saihan yum haa bhav. Magadgui deeshee harj saihan luu temuulj amidardag ta hed maani mani met shig har massiig chirdeg ch yum biluu.

Anonymous said...

I agree completely. Sometimes exactly same feeling come to me.

tungaa said...

үймрэв
энэ мэдрэмж үе үе зовоох ч үгүй гэж өөртөө чанга хэлэхдээ би тэр үед өөрөөсөө илүү андууддаа итгэдэг гэдгээ мэдэрдэг

freestyle529 said...

Нэргүй зочин, хэ хэ, та хэд, мань мэт гэж ингэхэд хэн билээ? Өөдрөгөөр бодохын тухайд, өөдрөг бодол сайн сайхныг авчрана гэдэгт итгэж хүмүүсийг итгүүлэхийг би хүсдэг. Тиймээс тантай санал нэг байна. Хайрын тухайд, алдаж үзсэн хүн өөрт олдсоны үнэ цэнийг илүү ухаардаг байж ч мэднэ.

Нэргүй зочин, :)

Тунгаа хамгийн сайхан нь итгэл, тийм үү? Ямар ч харанхуйг түүгээр гэрэлтүүлэн туулж болно. Би найзууддаа итгэж байна. Яагаад гэвэл миний л найзууд шүү дээ.

b said...

Bichleguudiig chini unshilgui udchihaj, orood irsen chini zunduu bichleg hiisen bainashdee(banjigiin blogiig chini unshij baigaagui). 10 jil, oyutan nasni naizuudtaigaa uulzahad yag l ter uyiinh shigee setgeld dotno bolovch oron zai haalltai yum shig sanagddag .

freestyle529 said...

b уншиж тоож явдагт баярлалаа. нөхөрлөл гэгч бат бэх юм шиг мөртлөө эмзэгхэн хариугүй зүйл дээр тогтож байдаг юм шигээ.