Wednesday, November 3, 2010

Нулимс


Гар утас нь шатах шахам хангинан дуугарахад авах байхаа эргэлзэн хэсэг сууснаа тэсэлгүй ногоон товчийг дарлаа. Өдийд ямар хэргээр Саруул өөрлүү нь залгаж буйг гадарлахын дээдээр гадарлаж байсан тул энэ удаа утсаа авч чадахгүй түдгэлзсэн нь учиртай. Санасанаас зөрсөнгүй, Саруулын уйлах дуу хүүхдийн час хийтэл уйлахтай зэргэцэн чихэн дээр нь шуугина. “Бушуухан хүрээд ирээч. Намайг алах нь...”

Өлзий санаа алдан суудлаасаа өндийлөө. Мэдээ орох цагаасаа тоглож өссөн багын ганцхан найз бүсгүй нь ингэж дуудсан нь хэд дэх удаа болсныг мартаж орхиж. Хичнээн оролцовч шийдэж үл болох ганц зүйл гэр бүлийн маргаан гэдэгт итгэдэг ч уйлан дуудах найзыгаа хөсөр хаяж чадалгүй ундууцан байж очино. Очих бүр адилхан. Нөхөр нь согтуудаа хэрүүл өдөн, зодож нүдэж, гарынхаа чилээг гарган зүй бус авирлана. Хөх няц болсон нүдэндээ мэлмэрэх нулимсыг арчин, энэ удаа заавал сална гэж амлах авч маргааш нь л Саруул нөхөртөө буцаад очино.

Өлзийг хаалгаар ороход нүд халтирам дүр зураг угтлаа. Саруул, Өлзий хоёр хоорондоо огтхон ч адилгүй. Саруул бол жижигхэн уяхан биетэй, нүдээрээ инээмсэглэсэн зөөлөн зантай бүсгүй атал Өлзий бүсгүй хүн гэмээргүй эршүүд, булчинлаг бахимхан биетэй, алхаа гишгээ нь ч эмэгтэй хүн гэхээргүй билээ. Тийм ч болохоор Саруулыг хамгаалах нь өөрийнх нь үүрэг мэт санасаар ирсэн. Гэтэл Өлзийгийн атаархдаг урт хар үсийг нь нөхөр нь гартаа ороогоод газраар эхнэрээ чирнэ. Тэгэх мөртлөө зүгээр байхгүй өшиглөнө дэвсэлнэ. Тоймгүй олон удаагийн хар дарсан зүүд мэт аймшигт зураглал ахин амилжээ.

Өлзийгийн зүрх савлан түчигнэж, хэрүүл зодооноос болж хагарч гэмтсэн бүхнийг салгалсан гараараа түүн цэвэрлэлээ. Харин Саруул буйдан дээр суугаад мэгшин уйлна. Уйлах чимээнээс нь сэтгэл зүрхнийх нь шарх зовиур бүхнийг мэдэрч болмоор тийм харуусалтай, гомдол дүүрэн уйлна. Сэтгэл зүрх нь урагдах шиг санагдсан Өлзий найзынхаа дэргэд очиж суугаад, үсийг нь илбэн тайтгаруулахыг хичээлээ. Гэвч араатан адил авирлах нөхөрт нь уурлах уур нь гарсангүй.

- Саруулаа, чи уйлахаа болиод миний нүд рүү хар даа. Чи ингэж амьдрах хүн биш шүү дээ.
- Миний л заяа муугийнх байх. Харин найзыгаа уучлаарай, чамаас өөр дуудах хүн байсангүй.
- Тэр яахав ээ. Чи өөрийгөө бод, хүүхдүүдээ бод. Ингэж байхаар наад аймшигтай амьтнаасаа салаач дээ. Би чамд хэдэн зуу, мянган удаа л хэллээ. Чи яагаад салдаггүй юм бэ?
Нулимс дүүрэн нүдээрээ Саруул өөдөөс нь гунигтайхан харахад харцанд нь хариулт нь тодхон. Салахгүйг нь ойлгосон найз нь шүүрс алдав.
- Саруулаа, чи яагаад салдаггүй юм бэ? Энэ хүнд тийм их хайртай юм уу?
- Салчихвал, хүү минь...

Үгээ таслан дуугаа хураахад нь Өлзий ахиж юу ч асуусангүй. Гэрээс нь гарахдаа хаалгыг нь чимээ гаргахгүйг хичээн аяархан хаалаа.
Цас саяхан орсон шөнийн тунгалаг агаар сая үзэж өнгөрүүлсэн муухай бүхнийг арилгаасай гэсэндээ Өлзий гүнзгий амьсгаа авав. Гэртээ харихаар алхах зуураа өнгөрснийг эргэцүүллээ. Арван таван жилийн өмнө яг л ийм дүн өвлийн шөнөөр Саруул, Өлзий хоёр хөтлөлцөн, даарсандаа эрүүгээ дагжуулан алхаж байсан. Ямагт согтуу явах Өлзийгийн ааваас залхсан ээж нь салж, гэртээ ч үзэгдэхээ байсан. Тэгээд хааяа нэг ирэх ээжийнх нь найз Өлзийг зоддог байлаа. Өлзийгийн дандаа магтдаг шингэн боловч урт хар үснээс нь туг тугаар нь зулгаасныг хараад найзыгаа өрөвдсөндөө уйлж, гэрлүүгээ хөтлөөд явж байсан тэр шөнийг мартаж үл чадна. Жаахан зүрх нь айсандаа түгшин цохиловч найзыгаа хамгаалах ёстойгоо санан хурдан хурдан алхахад цас чахран дуугарч байсан. “Уудаг ч болов аав минь байсан бол...” гээд Саруул чимээгүй урсах нулимсаа арчин нусаа шор шор татаж байсан нь саяхан юм шиг.

Саруулын намуухан дуу сонсдох шиг болов. Эцэггүйн зовлонг хүүдээ амсуулахгүй гэсэндээ үрийнхээ төлөө зовлон бүхнийг тэсч яваа найзынхаа сэтгэлийг ойлгосон Өлзийгийн хамар шархиран нүдэнд нь нулимс дүүрлээ. Хэрэв тэр үед аав ээж хоёр нь салаагүй бол, салалт гэх аймшгийг сэтгэлд нь үүрд тамгалаагүй бол Саруул ингэж амьдрахгүй байсан ч юм билүү. Тэсгэлгүй бөмбөрөх нулимсыг нь өвлийн жавар тэрхэн зуур мөс болгон хөлдөөх шиг.
Саруул тэр цагаас хойш хачин их өөрчлөгдсөн ч ганцхан долгиолсон урт хар үс нь хэвээрээ үлдсэн юм. Туг тугаар нь зулгаасан ч ахиад л ургаж, амьдралын шуургыг сөрөх бяцхан бүсгүйн зоригийг илэрхийлэх адил хэвээр үлдэж.

- Чиний үс ямар хурдан ургадаг юм бэ?
- Нулимсаараа услахаар ингэдэг юмаа.

8 comments:

Enkhbaatar said...

Чи өгүүллэгүүдээ үнэхээр гоё төгөсгөх юмаа.Бүх өгүүллэгийн сүүлийн ганц мөр л бүх өгүүллэгийн чинь утга санаа яваа юм шиг.
Гэхдээ олон бүлэгтэй өгүүллэгүүдийн чинь бүлэгүүд нь ингэж утга төгс өндөрлөдөггүй шүү.Тухайн бүлэгт гарсан бүхнийг нэгтгээд ганц өгүүлбэрээр төгссдөг бол ч.

Одоо ч өгүүллэгүүдээ урсгаад байх юм байлгүй дээ. Хүлээгээд л байж дээ.

freestyle529 said...

Энхбаатар сайн байна уу. Сэтгэгдлээр тань дамжуулаад эчнээ таньдаг ч юм шиг санагддаг болчихож.
Төгсгөл нээрээ үнэхээр чухал шүү. Төгсгөж чадахгүй бол бичиж байсан зүйлээ тэр чигт нь орхичихдог үе ч бий. Танд баярлалаа.
Одооноос чадахынхаа хэрээр л бичнэ.

Nomuka said...

uneheer goe boljee ta neeree uneheer avyastai shu

freestyle529 said...

Номука таалагдсанд баяртай байна. Сэтгэгдэл үлдээсэнд нь баярлалаа :)

Nini said...

Олоод авлаа гэжжж. Дүүгийнхаа өгүүллэгүүдийг уншаагүй зөндөө уджээ

би said...

Bi, banjig deerees bvx ogvvllegiig chin unshdag blaa,
Xaraagvi ix udaj bgad end xarsan bvvr ch ilvv goe bichdeg bolson umshig sanagdaj bn. Bas nadaa nom ch bgaa.
Ene etseggvi xvvxed usgux etsegtei usgux asuudal vnexeer tom asuudal shv. Bi eregtei nz naraasaa asuuj bsan um, arxi uudag zoddog aawtai bsan deer vv, aawgvi bsan deer vv ged, texed 2laa muu ch bai aawtaigaa l bx xamgiin saixan gj xariulj bsan. emegtei bol arai uur. Ern ajaad bxad manai xvv ch gsn aawaasaa xol 1jil bolchood uulzaxdaa aawiigaa shuud l tewerch awch bsan texed dunguj oi xvrch bsan xvvxed shvde.
Gelee ch bas muu muuxaig xarj uswul ter amidraliig xvvxed dawtdag umshig sanagddag.

freestyle529 said...

6sex6 бүр илүү бичдэг болж гэсэнд чинь зөндөө баярлалаа. Дандаа уншдсан байсан бол ямар байгаад ямар болсныг чи сайн мэдэж байгаа байх. нээрээ л аавын тухай таныг хэлсэн үгс юм бодогдуулж байна шүү.

freestyle529 said...

Нини эгчийг энд харсан чинь яг хуучны үе шиг гоё санагдаж байх чинь :)