Tuesday, October 27, 2009

Жинхэнэ хайр



Бүртийх ч үүлгүй цэлмэг хөх тэнгэр мэлтийж, нар зун дуусахаас өмнө амжаад шараад авъя гэх шиг халуу шаттал төөнөх зуны сүүл сарын нохой гаслам халуун өдөр. Наргил нөхрөө ажлаасаа ирэхийг нь хүлээн, дуртай хоолыг нь бэлдээд, сэтгэл хангалуун дуу аялж суулаа. Зуны цөөхөн олдох амралтын өдрүүдийн нэгэнд ч болов халамжит гэргийн үүргээ гүйцэтгэн, орой ирэхэд нь халуун хоолтой сууж байна гэхээс сэтгэл цаанаа л өег. Тэгээд ч өнөөдөр тун ч аятайхан ажилд ороод удаагүй байгаа нөхөр нь өөрт нь ихэд сайн ханддаг даргаа дагуулж ирнэ гэсэн болохоор хоол, зууш бэлдэхээс эхлэн завгүй гүйж, үргэлж магтан ярьдаг тэр хүнтэй нь танилцана гэхээс сониучирхах, бас догдлох зэрэгцэн байна.



Нөхөртэйгөө ханилсан энэ арван таван жилийн хугацаанд юу эсийг үзлээ. Хоол болохыг хүлээн суух зуур эргэцүүлж нэг бодоход сайнтай муутай, бартаатай бэрхшээлтэй энэ он жилүүдэд бүдэрвэл бүдрэхээр олон нугачааг тэвчээр гарган давсны эцэст өнөөдрийн жаргалт амьдралыг цогцлоожээ гэж саналаа. Наргил нөхөртэйгөө суухдаа хорь дөнгөж шүргэж буй харчуудын харцыг соронзон адил татдаг од шиг гялалзсан бүсгүй явсан. Араас нь гүйж хөөцөлдөж байсан эрчүүдийн тоо гарын арван хуруунд багтахгүй, том даргын охин, толгой сайтай, тэгээд бие хаа тэгш, царай зүс гойд гэхээр хэн хүнгүй сонирхдог байсан ч явж явсаар Доржоогоо л учрах тавилантай байсан юм байлгүй. Юу юугаараа ч тийм гоц биш, тэгээд ядахнаа гялалзуур овсгоотой зан дэндүү гэмээр дутмаг, даруухаан залуу яаж яваад түүнийг өөрийн болгочихсоныг бүү мэд. Найзууд нь тоглоом шоглоомон завсраа олон эрчүүд уйлуулж гомдоосны хариуд бурхан шийтгэж байгаа юм гэлцэхэд Наргил дотроо дургүйхэн дэмий л мушилзана.
Үнэндээ нөхрийнхөө олсныг тааваараа үрж, дураараа тарвалзан, хийх ажлаа олж ядан дэлгүүр хэсэх дуртай хүүхнүүдийн тавилан Наргилыг тойрч, олигтой ажил хийж чадахгүй, ажилтай гэхээсээ ажилгүй байх нь олон нөхрөө, ар гэрээ нуруун дээрээ үүрч яваа нь тэр өөрөө билээ. Ингэлээ гээд нөхөртөө царай үзүүлж, арчаагүй мууг нь дуудаж бас үзээгүй. Тэгвэл Доржоо нь муухан нэг инээгээд, өөдөөс нь уурлаж ч чадалгүй, гэмтэй юм шиг дуугүй духайн суухыг мэдэх болохоор, учиргүй чадалтай хөрөнгөтэй биш ч, халамж хайраар дутаадаггүй нөхрөө нэгэн бодлын өрөвдөж, нөгөөтэйгүүр хайрлаж, нэгэнт босгосон амьдралаа бусдаас дутуугүй авч явах гэж зүтгэсээр өдий хүрчээ.
Гэтэл хэдэн сарын өмнө нөхөр нь гэнэт ёстой тэнгэр бурхан харж үзэв үү гэмээр сэтгэлд нийцсэн хэрнээ цалин гайхам өндөртэй ажилд орж Наргилыг баярлуулах нь тэр. За төд удалгүй бас л халагдаж орхих болов уу гэтэл, эсрэгээрээ тушаал хүртэл дэвшээд, өөрөө их л урамтай, цээж тэнэгэр явах болсон нь юу юунаас илүү сайхан. Битгий л халагдчихаасай гэж ханцуйдаа залбирч явсан айдас нь дарагдаж, харин нөхөрт нь тэгж сайн хандах даргатай нь өнөөдөр танилцах болсондоо баярлаа суугаа нь энэ.
Наргил ширээгээ засч дуусаад, сэтгэл хангалуун гараа үрчиж зогстол хаалганы хонх жингэнэн дуугарав. Жаахан охин шиг дэгдэн очиж үүдээ нээвэл, нөхөр нь эрт халзарч яваа толгойгоо, хамар дээгүүр бурзайх хөлсөө байн байн арчсаар “За хөгшөөн, чухал зочинтой ирлээ шүү” хэмээн орж ирэв. Зочноо том өрөөнд орохыг уриад, галын өрөөрүү явах замдаа сэмхэн араас нь харвал өндөр цэгцхэн биетэй хүн харагдана. “Миний хөгшөөн, сайхан хүйтэн уух юм аваад ирээч хө. Гадаа ч халуу шатаж байх чинь” гэх Доржоогийн дууг сонсоод, хүйтэн ундаа, зүссэн тарвас сэлтээ барин том өрөөнд ороод, “Сайн байна уу” гэх баргил хэрнээ намуухан дууг сонсон толгойгоо өргөн хартал, нэг л танил царай. “Энэ чинь..” гэж дотроо бодонгуут тэр танил царай сэтгэлд нь гялс хийн орж ирэхэд золтой л тавиуртайгаа алдаад асгаж орхисонгүй, өвдөг нь нугарах шахлаа.
Тэртээ олон жилийн өмнө цонхных нь дор орой бүр хүлээж зогсоод, урамгүй гэгч нь буцдаг байсан, харц тулгарах бүртээ ичингүйрэн буруулдаг байсан, дүн өвлөөр гүзээлзгэнэ идмээр байна гэж аяглахад хаанаас ч юм олоод ирдэг байсан, дуртай дууныхаа тухай найздаа ярьж байхад хэзээний сонсчихоод хайж хайж ховор бичлэгийг нь олоод ирдэг байсан, “Би чамд хайртай” гэж хэлээд өгсөн сарнайг нь аваагүй тэр үдэш нэгмөсөн яваад өгсөн тэр хөвгүүн яг л тэр янзаараа. Тэр цагт ганган гуалиг охин явсан Наргил багагүй махлан, намба сууж, он цагийн нугачаа нүүрэнд нь үрчлээ болон үлдсэн байхад тэр бараг л өөрчлөгдсөнгүй. Ялгаа нь гэвэл залуу хөвгүүн байсан тэр насанд хүрсэн эр болж. Хамгийн гайхалтай нь Наргилыг хардаг байсан тэр харц тэр л хэвээрээ. Өчигдөр салчихаад өнөөдөр эргээд уулзаж буй мэт урсгал зөөлөн, аргадангуй мөртлөө энхрий тэр харц өөрчлөгдөөгүйг үзээд Наргилын дотор нэг л хачин догдлох мэдрэмж дүүрч, цай аягалж өгөхдөө гар нь чичирлээ.
Угийн цайлган Доржоо юуг ч анзаарсангүй, хормын төдийд тулгарахдаа хос нүдний харцанд дурсамж дурдатгал, өнгөрсөн одоогийн бүхэн жирэлзэн өнгөрч, хоёр сэтгэл өөрийн хэлээр мэндэлснийг ч анзаарсангүй. Наргил Галбадрахыг таньсанаас хойш, биеэ барин, амнаасаа олигтой ч үг унагасангүй, тэгэс ингэс гэж сууснаа, арай гэж шалтаг эрэн галын өрөөндөө орж, цээжээ нэвтлэх мэт дэлдэх зүрхээ гараараа даран хэсэг зогсов. Өөрийг нь хэзээ ч хэн ч хайрлаж байгаагүйгээр, магад хайрлахгүйгээр харамгүй хайрласан тэр хөвгүүнийг яаж гомдоож байснаа санахаар, одоо нүүрийг нь харах эрхгүй юм шиг. Өөрийнхөө хүссэний яг эсрэг хүнтэй суучихаад гомдож гутрах цаг мөч бүхэнд өөрт нь хайртай байсан Галаагаа яаж гомдоосноо санаад, сэтгэлээ тайтгаруулж, амьдрал ийм л байх ёстой гэж бодон урагшилж ирсэн. Унтарсан гэж бодож байсан цог амь орон дүрэлзэж, сэтгэл нь үймэрчихэв. Нөхрийнх нь дуу нөгөө өрөөнөөс хадна. Араас нь тэгтлээ гүйж гуйж байхад хайртайгаа мэдээгүй мөртлөө хэл чимээгүй алга болоход нь сая үгүйлж, үнэн хэрэгтээ түүнд анхны хайраа өгсөн байснаа ухаарснаа бодоход, үргэлж ирэн хүлээдэг байсан цонхон доорх модон сандал цасанд дарагдан эзгүйрэхэд хичнээн гунигладаг байсан саяхан юм шиг эргэн ирж, нүдэнд нь нулимс дүүрээд ирэв.
Арван таван жилийн өмнөх тэр охин нэгэнт ард үлдэж, айлын гэргий, хоёр хүүхдийн ээж болсноо санаж биеэ бариад зочны өрөөнд очиж суулаа. Галаа намуухан боловч ухаалаг ярина. Тэгэх зуураа сэм сэмхэн нүд хариулан Наргилыг ширтэнэ. Доржоо уусан жаахан юмандаа дорхоноо халамцаж, үг нь олшрон, Галааг бүр хүзүүдэж суугаад, баахан юм ярихад Наргилын санаа зовж, нөхрийнхөө өмнөөс нүүр нь улайгаад ирэв. Ахиад уувал агсамнаж магадгүйг санан, Доржоог аргадан байж арайхийн унтуулахад Доржоо ч буйдан дээр хэвтээд удалгүй хурхирч эхлэв.
“ За би ч явъя даа. Өнөөдөр урьсанд баярлалаа” гээд Галааг босоход Наргил юу ч хэлж чадалгүй, үүдээр үдэн гаргалаа. Түүний хөлийн чимээ өнөөх гунигт үдшийнх шиг аажимхан холдоход зүрхийг нь базлах шиг болж, өөрийн мэдэлгүй араас нь гүйгээд гарчихсан байлаа. “Галаа” гэж чангаар дуудахад, залуу ингэнэ гэж мэдэж байсан юм шиг тайвуухан инээмсэглэн түүнийг хүлээн зогсоно. Наргил гүйцэж оччихоод яахаа мэдэхгүй хэсэг харснаа, хамтдаа удаахан алхав.
- Чи яг хэвээрээ байна шүү. Улам ч сайхан болчихож.
- За яалаа гэж дээ. Хөгширчихсөн байгаа биз.
- Үгүй дээ. Миний сэтгэлдээ хадгалж явдаг тэр л хэвээрээ байна гээд Галаа аяархан санаа алдлаа.
- Чамайг хараад ёстой гайхсан шүү. Энэ олон жилийн дараа энд ингэж таарах гэж. Эхнэр хүүхэд чинь...
- Би чинь гон бие гозон толгой шүү дээ гээд намуухан инээх нь цаанаа л нэг гунигтай.
Наргил юу хэлэхээ ч мэдэхээ байчихлаа. Ийм сайхан залуу яагаад одоог хүртэл гэр бүл зохиолгү ганцаараа яваа юм бол..арай гэж бодоход таасан юм шиг,
- Чам шиг хүнтэй ахиж таарсангүй ээ. Таарахыг ч хүсээгүй байж мэднэ. Анхны хайр гэж ийм л байдаг юм байна.
- Чи..Чи яагаад эргэж ирээгүй юм бэ? гэж Наргил зүрх алдан асуулаа.
- Хэтэрхий хайртай байсан болохоор. Чамайг өөрийнхөө хайраар хүчлэн зовоохыг хүсээгүй болохоор. Чамайг жинхэнэ хайраа олоосой гэж бодсон болохоор. Хэзээ нэгэн цагт “Жинхэнэ хайр гэж өөрөө хүссэнээ авах бус. Хариу нэхэлгүй өөрт байгаа бүхнээ харамгүй өгөхийг хэлдэг” гэж уншиж байсан юм. Би хайрынхаа хариуд юуг ч хүсээгүй. Хэзээд чамдаа сайн сайхныг л хүсэж явна. Чи жаргалтай л байвал тэр миний жаргал.
Наргилын нүдэнд нулимс дүүрэн, хацар дээгүүр нь бөмбөрөн урсахад Галаа эвтэйхэн арчиж, чангаар тэврэхэд залуугийн хамаг бие чангаран, чичрэхийг бүсгүй мэдэрлээ. Арван таван жилийн хүлээлтийн эцэст хайртай бүсгүйгээ тэвэрсэн тэр мөчид, он жилийн хүлээлт, хайр нь энэ тэврэлтээс мэдрэгдэх шиг. Үсийг нь шуналтайяа удаанаар үнэрлэсэнээ, духан дээр нь нэг үнслээ. Тэгээд холдон одов. Хөлийн чимээ холдон холдсоор тасарлаа.
Наргилын дух халуу шатах шиг санагдан, түрүүхэн түүний уруул хүрсэн газарт гараа хүргэн байрандаа зогссоор. Амьдралд ганцхан тохиох агуу хайрыг алдаж явуулсандаа харамсах, ахиад уулзаж өөрийг нь хайрлан хайрласаар буйг мэдэрсэндээ баярлах, энэ хүртэл гудайх мөч бүхэнд далдаас татан босгож байсан хүчтэй гар хэнийх байсныг ухаарах бүхэн давхцана. “Би чамайг үүрд хайрлана” гэж хашгирч байсан залуу хөвгүүний дуу чихэнд нь дуурсахад тэр үг нь хичнээн үнэн байсныг сая л ухаарав. Жинхэнэ хайр цаг хугацаанд элэгдэшгүй агаад өгөөмөр ууч ажээ.

11 comments:

Dreamer said...

Өмнө нь уншиж байсан ч унших болгонд сэтгэл өвдхиймаа...

freestyle529 said...

Споонж минь уншиж байсиймуу? сэтгэгдэл хараад ингэтлээ баярлах гэж. хэ хэ.

Anonymous said...

hehe tiimee unshih bolgond shineer unshij bgaam shig setgegdel tordiin bas hairtiigaa ulam iheer hairlah husel tordiin goy shuu freestyle-aa

Anonymous said...

goyo yumaa freestyle-aa.setgel saitai hunii garaar bichigdsen bolool hunii setgeliig ingetlee hudulgudug bhda uuriin chn bichleguud gaihaltai shuu. amjilt husie! ;-)

Anonymous said...

uneheer goyo yumaaa :) amjilt husie!

BorlaSQue said...

хэхэ чиний бичсэн өгүүллэгүүд нэг тийм армаанчиг гэгээлэг бас нэг тийм гунигтай ч юм шиг магадгүй хайрын талаар бичдэг болхоор тэрчиг юм уу зүрхэн шивнээ таалагдсан.


харин сүүлд гаргасан номны чинь нүүр хуудасных нь зураг дизайн эдр нэг тийм байдаг л нэг энгийн шалихгүй бичдэг зохиолчийг санагдуулам болсон байна лээ.


за амжилт хүсий энэ номны зохиогчийн блогыг ингэж нэг олох гэж. блог хөтөлдөг гэхээр нь хайгаал байсий хэхэ

H.Ray said...

Хэтэрхий хайртай байсан болохоор. Чамайг өөрийнхөө хайраар хүчлэн зовоохыг хүсээгүй болохоор.......хамгийн армаанчиг хэсэг нь санагддагын

Уншаад ханамгїй зохиолуудтай бїсгїй шїї. Энд нэг сууцтайг чинь сая л мэдлээ. 5 сарын анхны бороог байнжигт хїлээгээл суужийлаа ш тээ. Нууцыг хїлээгээл байна. бороо хурдан ороосой

www.gegeen.com said...

tiin, chi bichsiimuu. bi umnu ni unshaad bas uhtelee uilj baisiishdee. ingetlee hunii toloo ooriigoo ureh hun gej. aimaar yum, hund heterhii hairtai bolohoos aihiimaa

kaktush said...

өөөө агуу хайр жинхэнэ хайр гэж энийг л хэлэх байх, тэр аягүол доржийг наргилийн нөхөр гэдгийг нь мэдээд ажилд авсан байхаа :p

freestyle529 said...

Сэтгэгдэл үлдээсэн хүмүүстээ гялайлаа. Шууд бөөндөөд л хариулчий дөө хэ хэ.
Жич: Гэгээн.ком минь миний бичсэн бичлэг мөнөөсөө мөн билээ.

ss_gogo said...

ээ мөн сайхан бичнэ шүү хичнээн уншивч утга яруу