Wednesday, December 9, 2009

Өнчин цагаан

Хүний хөл татарсан цагаар, гэрэл муутай гудамжаар ганцаар алхаж яваа нимгэн хөнгөн хувцастай турьхан бүсгүйн сэтгэлд булан тойроход хэн нэгэн гараад ирэх вий, бүр хамгийн аймшигтай нь өөрийг нь бариад авах вий гэсэн далдхан айдас нөмрөнө. Яагаад ч юм хэн нэгэн сэм дагах шиг бодогдоход хярсан бүжин шиг аймхай нүдээрээ ийш тийшээ сэм харан, хэрэндээ л хурдан алхах авч гадсан өсгийт нь тор тор дуугарч их чимээ гарган, алхахад нь садаа болох учир өчүүхэн л чимээ гарвал гутлаа тайлаад гүйхэд бэлэн байлаа.




Шөнийн ажилтай болоод удаа ч үгүй бүсгүй шөнийн амьдралд ерөөсөө ч дасч өгөхгүй. Танихгүй хүний өврийг бүлээцүүлж авсан мөнгө алгыг нь түлэх шиг хорсговч, нэгэнт хальтран орсон замаасаа гарах хичнээн хэцүү. Өөрийгөө үнэлэх сэтгэл нь өдрөөс өдөрт хорогдон багасч, нэг л өглөө сэрэхдээ анх жигшин зэвүүцэж асан тэр хүмүүстэйгээ адилхан болохыг зөнгөөрөө мэдэвч, эцэг эхгүй өнчин заяандаа бурууг тохон зэмлэж, ном эрдэм гэдгийг амсаж ч амжаагүйн улмаас өөрийг хийх боломжгүй гэж бодно. Ээлжит албаа дуусгаад гэрлүүгээ алхаж яваа бүсгүйг гаднаас нь хараад хэн ч “шөнийн эрвээхэй” гэж төсөөлөмгүй.


“Өнчин цагаан” ойртох тусам бүсгүйн алхаа удааширч, өөр нэг төрлийн айдас үе үехэн нурууг нь хүйт оргиулж, бараг л түрүүхэн тааралдах вий гэж айж байсан хэн нэгнийг ч хамаагүй гараад ирээсэй гэж хүснэ. Арван жилийн өмнө хүүхдийн эмнэлэг байж байгаад нэг л мэдэхэд үл мэдэгдэх шалтгаанаар хаагдаж, орхигдсон байшин нь тоногдон, сүүлдээ орой үдэш явахад халгаатай гэх жиг жуг яриа гарах болсноор таван давхар цагаан байшин “Өнчин цагаан” нэр зүүсэн билээ.


Нүднийх нь буланд өнчин цагаан сүүтэсхийн тусахад бүсгүй бушуухан нүүрээ буруулж, хурдхан шиг л өнгөрөөхөөр алхаагаа улам түргэсгэтэл “Хүүе” гэж хэн нэгэн тодоос тод дуудлаа. Айсандаа бие нь арзайн, хүйтэн хөлс дааварласан бүсгүй урагшлах гэтэл газартай наалдчихсан юм шиг хөшчихжээ. Сэтгэлдээ ургуулан бодож байсан аймшиг нь биелэхэд ухаан нь бараг балартахаа шахаад, өөрийгөө ч эзэмдэх чадалгүй болж орхив. “Өнчин цагаанд орон гэргүй хүүхдүүдээр нууц туршилт хийдэг байсан юм гэнэлээ. Хичнээн ч хүүхэд тэнд ясаа тавьсаныг бүү мэд. Сүүлдээ тэр нь илрээд л хаагдсан гэдэг. Одоо орой хажуугаар нь явахад нэрээр дуудаж, жаахан хүүхэд уйлдаг” гэж найзынхаа ярьсныг энэ үед улам тодоор санаж, арайхийн хөлөө урагш тавьтал чанх ард нь нялх хүүхэд часхийн уйлах дуу гарчээ.


“Өнчин цагаан”-ы аймшиг өөртэй нь тааралдсаныг ойлгосон бүсгүйн ам нь хатаж, зүрх нь цээжиндээ багтахаа болих мэт оволзон, гэнэт хүлээснээсээ алдуурсан мэт урагшаа гүйхэд ард нь өнөөх хүүхдийн уйлах дуу хадсаар. Ахиад нэг байшингийн булан тойроход өнчин цагаан далд хоцорсон ч нялх хүүхдийн уйлан чарлах дуу бүдэг хэдий ч хадсаар байв. Арай чүү аймшгийг ардаа үлдээж тайвширсан бүсгүй амьсгаагаа дарах гэж түр зогстол өнөөх хүүхдийн дуу дуулдсаар аж. Гэнэт түрүүний айдас нь эргэлзээгээр солигдлоо. Биегүй хий юм бол одоо дуугүй болмоор юмаа, яагаад ч юм жинхэнэ хүүхэд л уйлаад байх шиг. Үнэхээр хүүхэд уйлж байвал тэр нялх амьтан харанхуй шөнө ганцаараа яана гэхээс сэтгэл нь зовинон буцаад очмоор, гэтэл “Өнчин цагаан” байвал яана гэхээс бушуухан зугтмаар.


Хэдэн минут сэтгэлдээ өөртэйгөө тэмцэлдсэний эцэст бүсгүй шийдэмгийхэн буцаад алхлаа. Өнчин цагаан ойртох тусам хүүхдийн дуу тодорч, түрүүн өөрийнхөө зогссон газар гүйхээрээ очвол нээрээ яахийн аргагүй өлгийтэй хүүхэд нүүрээ үрчилзүүлэн тэнхээ мэдэн бархирч байх аж. Бүсгүй гайхсан авч, өөрийнхөө зөв байсанд тайвшран хүүхдийг газраас аван эвтэйхэн тэврээд хэрэндээ л аргадах гэж оролдов. Мах мариатай булцгар хацартай хөөрхөн хүүхэд түүнийг тэвэрт тайвширсан бололтой нулимсандаа хахаж цацан амьсгалж, тайвшрангаа бүсгүйг сониучирхан ширтэнэ.


Товч шиг бяцхан шантгар хамар, бөөрөнхий хар нүд, хазаад авмаар булцайсан хацартай тэнгэрээс илгээсэн сахиусан тэнгэр гэмээр жаахан амьтны өлгийн бүсэнд зурвас хавчуулжээ. “Сайхан сэтгэлт бүсгүй та охиныг минь өсгөөрэй. Амьдралын эрхээр ийм зүйл хийхээс өөр арга байсангүй. Миний охин 2003 оны 6 сарын 18-нд төрсөн. Нэр нь Энэрэл”. Бичгийн хэв муутай нэгэн сайрийлгаж сараачсан алга дарам цааснаас өөр охины талаар өгүүлэх юу ч байсангүй. Ээжийнхээ гарт тэврүүлсэн мэт, бүүвэйнд нь тайвшран үнэгчлэх охиныг хараад бүсгүйн сэтгэл шимширлээ. Саяхан идчихээд хаясан чихрийн цаас шиг гудамжинд орхигдсон охины ээжийнх нь тухай бодохоор уур хилэн нь буцалж, үгийн муугаар зүхмээр бодогдовч харанхуй гудамжинд тэр хоёроос өөр амьд амьтан үзэгдсэнгүй. “Өнчин цагаан” л хажууханд нь “Надаас айх юмгүйг харав уу” гэх шиг гэмгүйхэн дүнхийнэ.


Бүсгүй өлгийтэй хүүхдийг тэврээд гэрийн зүг аажуухан алхлаа. Хэт хурдан донжигонон алхвал охин сэрчих байх гэсэндээ зөөлөн алхах гэж хичээнэ. Өмнө нь зүрхээ гартаа атган айж алхдаг байсан гудамжаар охиныг тэврээд алхахад хорвоогийн бүх аймшиг алсад үлдсэн мэт амгалан. Гэртээ оронгуутаа тэвэрч явахад чийг мэдэгдсэн өлгийг нь задалж хуурайлаад, энгэртээ тэврэн үнэрлэхэд нялх хүүхдийн мансуурам хонгор үнэр ханхийнэ. Энэрэл түүнээс огт бишүүрхсэнгүй, ход ход инээн баясана. Өөр шиг нь өнчин тэр бяцхан амьтан өмнө нь ямар хувь заяа хүлээж байгааг гадарлах ч юмгүй сүүндээ цадаад унтаад өглөө.


Өнчин сэтгэлийнх нь хоосон зайг бөглөх гэсэн мэт санаандгүй олдсон охиныг хэрхэх тухай гүн бодолд автсан бүсгүй унтаж байгаа хүүхдийн дэргэд шанаагаа тулан сууна. Өөрөө ч бас л өнчин хүүхэд байсан шүү дээ. Наашаа гэсэн хүний ар өвөрт наалдаж, чанга дуугарсан нэгний өмнө өмөөрөх хүнгүйд дотроо өмөлзсөн бага нас. Хорвоогийн хамгийн муухай үг “өнчин” гэж бодож, аав ээж гэж дуудахсан гэж тэсгэлгүй хүсэхдээ хүнгүй газар “ааваа ээжээ” гэж хашгирдаг байсан он жилүүд. Асрамжийн газар хүчтэй нь хүчгүйгээ гэх амьдралын хатуу хуулинд зоргоороо хүн болсон, хэлж зэмлэх хүнгүй учир халтирч унасан харанхуй нүх. Энэ хувь заяаг эмзэгхэн жаалхан энэ охинд амсуулах гэж үү? Яг л өөрийг нь өнчин гэдгийг мэдсэн юм шиг яаж олоод ирсэн хувь заяа юм бол? Бид хоёр адилхан гэж бодохоор бүр ч дотно элгэмсүү бодогдож, өмнө нь тайван нойрсох энэ охин өөрөө юм шиг, 20 жилийн өмнөх өөрийгөө цаг хугацааг ухраан олж харах шиг санагджээ.


Гурван жилийн дараа. . . Бүсгүй “Оны тэргүүний ажилтан” гэсэн жаазтай гэрчилгээ, дугтуйтай мөнгө сэлтээ охиндоо харуулах гэж цэцэрлэгийн зүг яаран алхаж байлаа. Хоёр жил ресепшиний ажил хийгээд , ажилдаа чадмаг гэж магтагдан менежер хүртэл дэвшиж, байгууллагынхаа зардлаар эчнээгээр сургуульд хүртэл сурсан энэ гурван жилд бүсгүй эрс өөрчлөгджээ. Хар дарсан зүүд шиг шөнийн амьдрал нь дурсамж болон холын холд хоцорч. “Ээжээ, ээжээ” гэсээр охин нь даашинзаа дэрвүүлэн тогдгонотол гүйсээр угтан ирэхэд, бүсгүй энгэртээ тэврэн үнсэхэд цээжинд нь хайр энэрэл, баяр хөөр багтаж ядан долгилно.


Гучин таван жилийн дараа. . .“Өмнө нь “Өнчин цагаан” гэж нэрлэгдэн, хөсөр хаягдсан байсан энэ байшингийн буурин дээр “Энэрэл” хүүхдийн эмнэлэг үүд хаалгаа нээснийг та бүхэн харж байна. Амьдралын бололцоо муутай өрхийн хүүхдүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх энэ эмнэлгийг санаачлах болсон минь ээжээс минь үүдэлтэй. Ээжийн минь энэрэл хайр ард олны сайн сайхны төлөө зүтгэх хүчийг надад өгсөн. Энэ сайхан өдөр тандаа баярлалаа гэж хэлье ” өндөр цагаан бүсгүй баярын улаан тууз хайчлахын өмнө үл ялиг чичирхийлэн догдолсон дуугаар хэлэхэд, хурсан олон алга ташин баяр хүргэв. “Өнчин цагаан” байхаа болилоо, тэр дундаа бүр охины минь нэрээр буянтай сайхан газар нээгдлээ, дахиж тэр муухай нэр дуулдахгүй гэж бодохоор ээжийнх нь магнайн үрчлээ тэнийж, ялигүй бөгтийсөн нуруу нь тэгшрэх шиг санагдана.


“Хорвоогийн бүх хүүхэд элэг бүтэн байгаасай. Хичнээн олон өнчин хүүхдүүд байхад ийм сайхан ээжтэй би азтай хүн тиймээ? “ гэж саяхан эмнэлгийн даргын бууриар үг хэлж байсан охин нь ээждээ эрхлэн шулганана. Илч нь буурсан гарыг нь атгах охиноос нь халуун дулаан төөнөхийг мэдрээд ээж нь инээмсэглэлээ. Хорвоо хүн хүнийхээ илчинд дулаацдаг ажээ.


Дэлгэрэнгүй...

Wednesday, October 28, 2009

Хаалга


Хаалганы түгжээ тор хийнэ. Тэгснээ тас хийтэл хаагдана. Удаж удаж арай аяархан торжигноно. Тэгээд чимээгүй болно. Тэгэх бүрт хүн ирэхийг хүлээсэн жаахан хүү сэртэсхийнэ. Өндөр хүрэн хаалган дээрээ гүйж очоод чихээ наан хэсэг чагнана. Бүлтгэр нүдэнд нь одоо хаалга онгойх нь уу гэсэн горьдлогын оч дэндүү гэмээр тод асаад мөдхөн унтрахад мөрөө унжуулан хөлөө чирэн өрөө рүүгээ зүглэнэ.




Өглөө нар мандаж амжаагүй байхад үүрийн цагаан гэгээнээр хацар дээр нь ээжийнх нь халуун хошуу нэг хүрээд, нойрон дунд нь алга болно. Сэрээд хармагц гурван өрөө том байрандаа жаалхан хүү гав ганцаархан үлдсэн байдаг ч ёс юм шиг өрөө өрөөгөөр ээжийгээ дуудан эрж явна. Өдөржин өөртэйгөө л байхдаа өөрийнхөө хоолойг сонсдог нь энэ л үед. Аавыгаа бол бүр ч цөөхөн харна, тэгэхдээ аав нь ихэвчлэн зурагт үзэж, тоглох гэхээр завгүй гэж ундууцана.


Зоригт гэдэг нэрэндээ зохиогүй хулчгар нүдээр өрөөний өнцөг булан бүрийг сэжиглэнгүй харж, өчүүхэн чимээ гарах бүрт бондгос хийтэл цочин, нар жарган харанхуй болсон хойно бүр их айвал цонхныхоо дэргэд сандал дээр гаран зогсоод нүүрээ наан гаднах ертөнцийг уйтгарлан ширтэнэ. Айлын хүүхдүүд хоорондоо тоглохыг, аав ээж нь эрхлүүлэн баясахыг, бүр золбин бяцхан гөлөгнүүд хүртэл сүүлээ модгонуулан нэг нэгэнтэйгээ өнхрөн ноцолдохыг атаархан харсаар нэг л мэдэх удтал хүлээсэн хаалганы түгжээ дуугарч, танил хөлийн чимээ сонсдоход хүү баярлан гүйж очоод ээждээ үнсүүлнэ.


Гэвч энэ гайхам мөчийг хүртэл хүлээлт даанч удаан дуусашгүй атлаа баярт цаг хором нисэх мэт өнгөрч нэг л мэдэхэд нойрны ертөнцөд умбана. Жаалхүү ганцаараа түгжигдэн үлдэхээс өдөр ирэх тусам улам бүр дургүйцэх болсныг завгүй томчууд даанч үл анзааран хаалгаа түгжээд явж одоцгооно. Хүн бүхэн баясан хөгжих хаалганы цаадах ертөнцөд хөл тавихыг хичнээн хүсэвч хаалга цоожтой гэх хяслант шалтгаан бий.


Хэзээ ч билээ эмээгийнхээ хашаанд харсан уяатай нохой мэт гурван өрөөний хооронд холхиж, тоглож, гүйж уйдаад гадагшаа гарахыг тэсгэлгүй ихээр хүсэх болсон ч өнөөх л цоожтой хаалга заяагүй нохойг гасалтал хойш татах гинж мэт хүүг хориглосоор. Гэвч нэг л өдөр аав нь гэрийнхээ түлхүүрийг орныхоо хөлд унагачихсан нь үлгэрийн мэт тэр гайхамшигт гадаад ертөнцийг үзэх боломжийг хүүд олгожээ. Жижигхэн мөлгөр шар түлхүүрийг гартаа барихад бяцхан зүрх нь морьдын төвөргөөн шиг түчигнэн цохилж, өөдгүй муу цоожыг үүгээр онгойлгон гарна гэхээс тэсч ядан дэвхцэж, гүйж хараймаар бодогдоно.


Хүү өөрийнхөө суудаг жижигхэн цагаан сандлыг хаалганд шахан тавиад дээр нь гарч зогсоход өндөрт байх хаалганы түгжээнд яг хүрч, булцгар гараараа түлхүүрийг цоожинд шургуулаад хэдэн арван удаа харсан үйлдлийг анх удаа өөрөө хийн, хаалганы түгжээг онгойлголоо. Урьд нь хэзээ үл давагдах саад мэт дүнсийн хүрлийдэг байсан том хүрэн хаалга түүний нүдэн дээр чахран онгойж, үл таних гадаад ертөнц түүнийг даллан дуудах нь тэр. Аль хэзээний хувцсаа өмсөж бэлдсэн жаалхүү хаалгаар гараад хаамагц “Одоо чамайг оруулахгүй” гэх шиг тасхийтэл хаагдлаа.


Хөөрч баярлан, итгэж ядсан хүү, удтал хүлээсэн эрх чөлөөний амтыг мэдрэх гэж шатаар унах шахам яаран бүдчин гүйсээр, орцны онгорхой хаалгаар гадаа гарахад цав цагаан дэлхий нүд гялбуулан угтаж, хүйтэн жавар шинэ амтыг мэдрүүлэн хацрыг нь чимхэх шиг хайрлаа. Өчигдөрхөн орсон цасан дээр дураараа гүйж, цасаар бөмбөг хийн өрж, шидэж, удаан харсаар дасал болсон гөлөгтэй хөөцөлдөн гүйж, тэгсээр нэг л мэдэхэд тоглоомын талбай эзгүйрчихлээ. Жаалхүү гэнэт айж эхэлжээ. Харанхуй болмогц түрүүхэн найрсаг, дулаахан байсан гадаад ертөнц хүйтэн хахир болж, ээжтэйгээ хөтлөлцөөд явдаг байсан газрууд нүдэнд үл үзэгдэн алга болж, өөрийнх нь айдаг харанхуй хаа сайгүй нөмрөн авчээ.
Даарч хөрсөндөө гоожих нусаа шорхийтэл татсаар орцны хүнд төмөр хаалгыг хэн нэгэн нээхэд хажуугаар нь шурхийн гүйж ороод араас нь хөөх мэт санагдах харанхуйгаас зугтаан нэг мэдэхэд хаалганыхаа дэргэд ирчихсэн зогсож байв. Жаалхүү нударгаа зангидан, өнөөх аймшиг өөрийг нь гүйцээд ирэхээс урьтан орох гэж хаалгаа нүдэх авч хэн ч онгойлгож өгсөнгүй. Өлмийгөө өргөн өргөн хичээвч өндөрт байх цоожинд тэр хүрсэнгүй, тэгээд ч халаасаа ухтал аавынх нь түлхүүр байсангүй. Магад тэр хаячихсан, үгүй бол ерөөсөө авч гарахаа ч мартсан байж мэднэ.


Жаалхүү гэрийнхээ хаалганы хажууд харанхуй мухарт шигдэн суугаад хэзээ ч юм ирэх ээжийгээ хүлээнэ. Өмнө нь түүнийг гадаад ертөнцөөс тусгаарлаж байсан өөдгүй муу цоож одоо түүнийг оруулахгүй хориглоно. Дахиад л цоож түүнийг дийлчихэж, ганцхан удаа хүү түүнийг яллаа гэж бодсон нь алдаж. Дэндүү удаан тоглосоных ядарч, ходоод нь хоол нэхэн хоржигонож, өмнө нь эрх чөлөөгүй уйтгартай нүх мэт санагдаж байсан гэрээ санан, ээж аавыгаа дуудан уйлмаар бодогдоно.


Тэр шөнө хүүгийн ээж бүр оройтож ирсэн юм. Тэгээд харанхуй буланд суугаа чигээрээ унтчихсан хүүгээ олоод ихэд гайхжээ. Хүү нь үг сүггүй халууран ээжийгээ айлгаж айлгаж, хоёр хоног хүүгээ сахин дэргэд нь өнжжээ. Жаалхүү хэзээ ч эдгэрмээргүй санагдаж, үргэлж ийм л байгаасай, ахиад хэзээ ч ганцаараа үлдэхгүй, амьдрал нь гэрэлтэй баяртай байгаасай л гэж хүснэ. Гэвч гурав хоногийн дараа ахиад л ганцаараа.


Гучин жилийн дараа. Тэр мөн л ганцаараа, гурван өрөө байрныхаа дассан нам гүмд өөрөө өөртэйгөө ярина. Хаалга түгжээтэй хэвээр, харин ялгаа нь тэр одоо онгойлгож чадна. Гэвч цоожтой хаалгандаа дэндүү дассан тэрээр түгжээтэй амьдралдаа хэнийг ч оруулж үл зүрхэлнэ. Ээж нь оройтсон ч гэлээ ирэхгүй, аав нь ховорхон ч гэсэн үзэгдэхгүй , харин хүү айхаа нэгэнт больсон. Анир чимээгүй амьдрал нь өөрт нь таалагдана.


Зоригт нэрэндээ дасаагүй аймхай нүдтэй залуу амьдралынхаа хаалгыг тас цоожлоод, мухарт шигдэн сууна. Цоожтой хаалга ахиж нээгдсэнгүй.



Дэлгэрэнгүй...

Tuesday, October 27, 2009

Жинхэнэ хайр



Бүртийх ч үүлгүй цэлмэг хөх тэнгэр мэлтийж, нар зун дуусахаас өмнө амжаад шараад авъя гэх шиг халуу шаттал төөнөх зуны сүүл сарын нохой гаслам халуун өдөр. Наргил нөхрөө ажлаасаа ирэхийг нь хүлээн, дуртай хоолыг нь бэлдээд, сэтгэл хангалуун дуу аялж суулаа. Зуны цөөхөн олдох амралтын өдрүүдийн нэгэнд ч болов халамжит гэргийн үүргээ гүйцэтгэн, орой ирэхэд нь халуун хоолтой сууж байна гэхээс сэтгэл цаанаа л өег. Тэгээд ч өнөөдөр тун ч аятайхан ажилд ороод удаагүй байгаа нөхөр нь өөрт нь ихэд сайн ханддаг даргаа дагуулж ирнэ гэсэн болохоор хоол, зууш бэлдэхээс эхлэн завгүй гүйж, үргэлж магтан ярьдаг тэр хүнтэй нь танилцана гэхээс сониучирхах, бас догдлох зэрэгцэн байна.



Нөхөртэйгөө ханилсан энэ арван таван жилийн хугацаанд юу эсийг үзлээ. Хоол болохыг хүлээн суух зуур эргэцүүлж нэг бодоход сайнтай муутай, бартаатай бэрхшээлтэй энэ он жилүүдэд бүдэрвэл бүдрэхээр олон нугачааг тэвчээр гарган давсны эцэст өнөөдрийн жаргалт амьдралыг цогцлоожээ гэж саналаа. Наргил нөхөртэйгөө суухдаа хорь дөнгөж шүргэж буй харчуудын харцыг соронзон адил татдаг од шиг гялалзсан бүсгүй явсан. Араас нь гүйж хөөцөлдөж байсан эрчүүдийн тоо гарын арван хуруунд багтахгүй, том даргын охин, толгой сайтай, тэгээд бие хаа тэгш, царай зүс гойд гэхээр хэн хүнгүй сонирхдог байсан ч явж явсаар Доржоогоо л учрах тавилантай байсан юм байлгүй. Юу юугаараа ч тийм гоц биш, тэгээд ядахнаа гялалзуур овсгоотой зан дэндүү гэмээр дутмаг, даруухаан залуу яаж яваад түүнийг өөрийн болгочихсоныг бүү мэд. Найзууд нь тоглоом шоглоомон завсраа олон эрчүүд уйлуулж гомдоосны хариуд бурхан шийтгэж байгаа юм гэлцэхэд Наргил дотроо дургүйхэн дэмий л мушилзана.
Үнэндээ нөхрийнхөө олсныг тааваараа үрж, дураараа тарвалзан, хийх ажлаа олж ядан дэлгүүр хэсэх дуртай хүүхнүүдийн тавилан Наргилыг тойрч, олигтой ажил хийж чадахгүй, ажилтай гэхээсээ ажилгүй байх нь олон нөхрөө, ар гэрээ нуруун дээрээ үүрч яваа нь тэр өөрөө билээ. Ингэлээ гээд нөхөртөө царай үзүүлж, арчаагүй мууг нь дуудаж бас үзээгүй. Тэгвэл Доржоо нь муухан нэг инээгээд, өөдөөс нь уурлаж ч чадалгүй, гэмтэй юм шиг дуугүй духайн суухыг мэдэх болохоор, учиргүй чадалтай хөрөнгөтэй биш ч, халамж хайраар дутаадаггүй нөхрөө нэгэн бодлын өрөвдөж, нөгөөтэйгүүр хайрлаж, нэгэнт босгосон амьдралаа бусдаас дутуугүй авч явах гэж зүтгэсээр өдий хүрчээ.
Гэтэл хэдэн сарын өмнө нөхөр нь гэнэт ёстой тэнгэр бурхан харж үзэв үү гэмээр сэтгэлд нийцсэн хэрнээ цалин гайхам өндөртэй ажилд орж Наргилыг баярлуулах нь тэр. За төд удалгүй бас л халагдаж орхих болов уу гэтэл, эсрэгээрээ тушаал хүртэл дэвшээд, өөрөө их л урамтай, цээж тэнэгэр явах болсон нь юу юунаас илүү сайхан. Битгий л халагдчихаасай гэж ханцуйдаа залбирч явсан айдас нь дарагдаж, харин нөхөрт нь тэгж сайн хандах даргатай нь өнөөдөр танилцах болсондоо баярлаа суугаа нь энэ.
Наргил ширээгээ засч дуусаад, сэтгэл хангалуун гараа үрчиж зогстол хаалганы хонх жингэнэн дуугарав. Жаахан охин шиг дэгдэн очиж үүдээ нээвэл, нөхөр нь эрт халзарч яваа толгойгоо, хамар дээгүүр бурзайх хөлсөө байн байн арчсаар “За хөгшөөн, чухал зочинтой ирлээ шүү” хэмээн орж ирэв. Зочноо том өрөөнд орохыг уриад, галын өрөөрүү явах замдаа сэмхэн араас нь харвал өндөр цэгцхэн биетэй хүн харагдана. “Миний хөгшөөн, сайхан хүйтэн уух юм аваад ирээч хө. Гадаа ч халуу шатаж байх чинь” гэх Доржоогийн дууг сонсоод, хүйтэн ундаа, зүссэн тарвас сэлтээ барин том өрөөнд ороод, “Сайн байна уу” гэх баргил хэрнээ намуухан дууг сонсон толгойгоо өргөн хартал, нэг л танил царай. “Энэ чинь..” гэж дотроо бодонгуут тэр танил царай сэтгэлд нь гялс хийн орж ирэхэд золтой л тавиуртайгаа алдаад асгаж орхисонгүй, өвдөг нь нугарах шахлаа.
Тэртээ олон жилийн өмнө цонхных нь дор орой бүр хүлээж зогсоод, урамгүй гэгч нь буцдаг байсан, харц тулгарах бүртээ ичингүйрэн буруулдаг байсан, дүн өвлөөр гүзээлзгэнэ идмээр байна гэж аяглахад хаанаас ч юм олоод ирдэг байсан, дуртай дууныхаа тухай найздаа ярьж байхад хэзээний сонсчихоод хайж хайж ховор бичлэгийг нь олоод ирдэг байсан, “Би чамд хайртай” гэж хэлээд өгсөн сарнайг нь аваагүй тэр үдэш нэгмөсөн яваад өгсөн тэр хөвгүүн яг л тэр янзаараа. Тэр цагт ганган гуалиг охин явсан Наргил багагүй махлан, намба сууж, он цагийн нугачаа нүүрэнд нь үрчлээ болон үлдсэн байхад тэр бараг л өөрчлөгдсөнгүй. Ялгаа нь гэвэл залуу хөвгүүн байсан тэр насанд хүрсэн эр болж. Хамгийн гайхалтай нь Наргилыг хардаг байсан тэр харц тэр л хэвээрээ. Өчигдөр салчихаад өнөөдөр эргээд уулзаж буй мэт урсгал зөөлөн, аргадангуй мөртлөө энхрий тэр харц өөрчлөгдөөгүйг үзээд Наргилын дотор нэг л хачин догдлох мэдрэмж дүүрч, цай аягалж өгөхдөө гар нь чичирлээ.
Угийн цайлган Доржоо юуг ч анзаарсангүй, хормын төдийд тулгарахдаа хос нүдний харцанд дурсамж дурдатгал, өнгөрсөн одоогийн бүхэн жирэлзэн өнгөрч, хоёр сэтгэл өөрийн хэлээр мэндэлснийг ч анзаарсангүй. Наргил Галбадрахыг таньсанаас хойш, биеэ барин, амнаасаа олигтой ч үг унагасангүй, тэгэс ингэс гэж сууснаа, арай гэж шалтаг эрэн галын өрөөндөө орж, цээжээ нэвтлэх мэт дэлдэх зүрхээ гараараа даран хэсэг зогсов. Өөрийг нь хэзээ ч хэн ч хайрлаж байгаагүйгээр, магад хайрлахгүйгээр харамгүй хайрласан тэр хөвгүүнийг яаж гомдоож байснаа санахаар, одоо нүүрийг нь харах эрхгүй юм шиг. Өөрийнхөө хүссэний яг эсрэг хүнтэй суучихаад гомдож гутрах цаг мөч бүхэнд өөрт нь хайртай байсан Галаагаа яаж гомдоосноо санаад, сэтгэлээ тайтгаруулж, амьдрал ийм л байх ёстой гэж бодон урагшилж ирсэн. Унтарсан гэж бодож байсан цог амь орон дүрэлзэж, сэтгэл нь үймэрчихэв. Нөхрийнх нь дуу нөгөө өрөөнөөс хадна. Араас нь тэгтлээ гүйж гуйж байхад хайртайгаа мэдээгүй мөртлөө хэл чимээгүй алга болоход нь сая үгүйлж, үнэн хэрэгтээ түүнд анхны хайраа өгсөн байснаа ухаарснаа бодоход, үргэлж ирэн хүлээдэг байсан цонхон доорх модон сандал цасанд дарагдан эзгүйрэхэд хичнээн гунигладаг байсан саяхан юм шиг эргэн ирж, нүдэнд нь нулимс дүүрээд ирэв.
Арван таван жилийн өмнөх тэр охин нэгэнт ард үлдэж, айлын гэргий, хоёр хүүхдийн ээж болсноо санаж биеэ бариад зочны өрөөнд очиж суулаа. Галаа намуухан боловч ухаалаг ярина. Тэгэх зуураа сэм сэмхэн нүд хариулан Наргилыг ширтэнэ. Доржоо уусан жаахан юмандаа дорхоноо халамцаж, үг нь олшрон, Галааг бүр хүзүүдэж суугаад, баахан юм ярихад Наргилын санаа зовж, нөхрийнхөө өмнөөс нүүр нь улайгаад ирэв. Ахиад уувал агсамнаж магадгүйг санан, Доржоог аргадан байж арайхийн унтуулахад Доржоо ч буйдан дээр хэвтээд удалгүй хурхирч эхлэв.
“ За би ч явъя даа. Өнөөдөр урьсанд баярлалаа” гээд Галааг босоход Наргил юу ч хэлж чадалгүй, үүдээр үдэн гаргалаа. Түүний хөлийн чимээ өнөөх гунигт үдшийнх шиг аажимхан холдоход зүрхийг нь базлах шиг болж, өөрийн мэдэлгүй араас нь гүйгээд гарчихсан байлаа. “Галаа” гэж чангаар дуудахад, залуу ингэнэ гэж мэдэж байсан юм шиг тайвуухан инээмсэглэн түүнийг хүлээн зогсоно. Наргил гүйцэж оччихоод яахаа мэдэхгүй хэсэг харснаа, хамтдаа удаахан алхав.
- Чи яг хэвээрээ байна шүү. Улам ч сайхан болчихож.
- За яалаа гэж дээ. Хөгширчихсөн байгаа биз.
- Үгүй дээ. Миний сэтгэлдээ хадгалж явдаг тэр л хэвээрээ байна гээд Галаа аяархан санаа алдлаа.
- Чамайг хараад ёстой гайхсан шүү. Энэ олон жилийн дараа энд ингэж таарах гэж. Эхнэр хүүхэд чинь...
- Би чинь гон бие гозон толгой шүү дээ гээд намуухан инээх нь цаанаа л нэг гунигтай.
Наргил юу хэлэхээ ч мэдэхээ байчихлаа. Ийм сайхан залуу яагаад одоог хүртэл гэр бүл зохиолгү ганцаараа яваа юм бол..арай гэж бодоход таасан юм шиг,
- Чам шиг хүнтэй ахиж таарсангүй ээ. Таарахыг ч хүсээгүй байж мэднэ. Анхны хайр гэж ийм л байдаг юм байна.
- Чи..Чи яагаад эргэж ирээгүй юм бэ? гэж Наргил зүрх алдан асуулаа.
- Хэтэрхий хайртай байсан болохоор. Чамайг өөрийнхөө хайраар хүчлэн зовоохыг хүсээгүй болохоор. Чамайг жинхэнэ хайраа олоосой гэж бодсон болохоор. Хэзээ нэгэн цагт “Жинхэнэ хайр гэж өөрөө хүссэнээ авах бус. Хариу нэхэлгүй өөрт байгаа бүхнээ харамгүй өгөхийг хэлдэг” гэж уншиж байсан юм. Би хайрынхаа хариуд юуг ч хүсээгүй. Хэзээд чамдаа сайн сайхныг л хүсэж явна. Чи жаргалтай л байвал тэр миний жаргал.
Наргилын нүдэнд нулимс дүүрэн, хацар дээгүүр нь бөмбөрөн урсахад Галаа эвтэйхэн арчиж, чангаар тэврэхэд залуугийн хамаг бие чангаран, чичрэхийг бүсгүй мэдэрлээ. Арван таван жилийн хүлээлтийн эцэст хайртай бүсгүйгээ тэвэрсэн тэр мөчид, он жилийн хүлээлт, хайр нь энэ тэврэлтээс мэдрэгдэх шиг. Үсийг нь шуналтайяа удаанаар үнэрлэсэнээ, духан дээр нь нэг үнслээ. Тэгээд холдон одов. Хөлийн чимээ холдон холдсоор тасарлаа.
Наргилын дух халуу шатах шиг санагдан, түрүүхэн түүний уруул хүрсэн газарт гараа хүргэн байрандаа зогссоор. Амьдралд ганцхан тохиох агуу хайрыг алдаж явуулсандаа харамсах, ахиад уулзаж өөрийг нь хайрлан хайрласаар буйг мэдэрсэндээ баярлах, энэ хүртэл гудайх мөч бүхэнд далдаас татан босгож байсан хүчтэй гар хэнийх байсныг ухаарах бүхэн давхцана. “Би чамайг үүрд хайрлана” гэж хашгирч байсан залуу хөвгүүний дуу чихэнд нь дуурсахад тэр үг нь хичнээн үнэн байсныг сая л ухаарав. Жинхэнэ хайр цаг хугацаанд элэгдэшгүй агаад өгөөмөр ууч ажээ.


Дэлгэрэнгүй...

Сайн байна уу блогспот

За ингээд Банжиг блогтоо үнэнч бүтэн жил 8 сар суусны эцэст блогспотод анхны бичлэгээ хийж байгаа нь энэ ээ. Банжгаар хэрэн хэсэгчид бол гадарладаг л байх гэж бодож байх авч банжиг байн байн гацах учир энд нэг үүрээ засахаар сэтгэл шулуудлаа гэж.

Блог гэгчтэй холбогдон, өглөө үдэшгүй түүнийгээ санагалзан, эргэж тойрсоор удсан учир бүр мөсөн орхино гэж санаанд багтахгүй болжээ. За тэгээд унших дэмжих хүмүүс найрсаг дотноор угтана хэмээн найдаж мэндчилье ээ.


Дэлгэрэнгүй...