Яг тэр хоромд цаг хугацаа зогсчих шиг. Анир чимээгүй биднийг хүрээлэн, татгалзаж үл болом тэр харцанд би хүлэгдэж. Түүнийг үнсэн таалахыг, хорвоо дээр хоёулханаа мэт янаг дурлалын бал бурмыг амтлахыг тэсгэлгүй их хүслээ. Гэтэл энэ бүхэн жинхэнэ хайр дурлал мөн гэж үү? Үгүй бол үнэхээр би илбэ шид, хараал жатганд автаад ийм болчихсон юм болов уу? Хэрвээ тийм бол одоо энэ мөчид гэмгүй ариухан энэ бүсгүйг эзэмдэх нь даагдашгүй нүгэл болчих шиг санагдаад.
Жижигхэн биетэй хариугүй эмзэг турьхан түүнийг би чанга тэвэрлээ. Өөр зүйл хийчихээс айсандаа үсийг нь үнэрлэн чангаас чанга биедээ наан тэврэхэд бүсгүй аяархан мэгшин уйлж, нулимс нь мөрөн дээр минь шингэх нь хүртэл мэдрэгдэх шиг. Ахиад л бүсгүй хүний сэтгэлийн зовлонг дэндүү ойрхоноор ингэж мэдрэв.
Өөр хүүхэнтэй байсан, яалаа гэж надад ингэж хандана вэ, энэ олон жилийн амьдрал, хайр сэтгэл юу ч биш байсан гэж үү? Тэр ингэж үглэсээр эхэр татан уйлна. Уйлахад нь сэтгэлийнх нь гүнд хургасан гомдол шаналал миний биед нэвчих шиг гашуун зовлонтой.
-Би хүний хайр татахааргүй хүүхэн гэж үү? Чи хэл дээ. Надад хүн дурлахааргүй тийм хүн юм уу?
- Яалаа гэж дээ. Чи үнэхээр дэндүү сайхан бүсгүй. Чамайг хайрлахгүй байгаа хүн жинхэнэ тэнэг.
- Тэгвэл тэр надад яагаад ингэж хандаж байгаа юм бэ? Би тэр хүнд ямар гэм хийсэн гэж, юугаар дутаасан гэж? Чи надад хэлээ өгөөч.
Надаас хариу нэхэн нулимс мэлтрүүлэх зөөлөн бор нүдэнд би хариу хэлж чадсангүй. Орчлонгийн ялдам сайхан бүхнийг шингээсэн үзэсгэлэн гоо цэцэг миний нүдэн дээр үнгэгдэн гишгэгдэж гомдоллон уйлахыг үзэх шиг. Дотор бачууран халуу оргиж, тэр мулгуу тэнэг эрийг болгож тавимаар, энэ бүсгүйн өшөөг авч өгөөд ухаан нь эргэж иртэл цохимоор. Уйлж уйлж тэр гар дээр минь унтаад өглөө. Нүүр нь нулимсандаа халтартсан ч сэтгэлийг минь улам булаах, өрөөлөөс харамлан хамгаалмаар үзэсгэлэнт бяцхан дагина.
Урьд нь би эмэгтэй хүний сэтгэл, гуниг зовлон, хайр сэтгэлийн тухай даанч багыг мэддэг байж. Үнэндээ би тэр хайр сэтгэлд итгэж ч байгаагүй юм чинь. Гэтэл хайртай хүндээ сэтгэлээ шархлуулсан эмэгтэйн амьдрал харанхуй нөмөрдөгийг дахин ингэж тод мэдрэнэ чинээ санасангүй. Аавыг явсны дараа ээжийн нүд яг л ийм гунигтай. Мартаад явчихсан хувцас, эд зүйлийг нь харж чадалгүй надаар гаргаж хаяулдагсан. Тэгээд дахин хүнтэй сууна гэхэд нь би ямар их дургүйцэж муу ээжийгээ хичнээн ч их зовоолоо доо.
Гуниг нулимс хоёртоо дарагдан нойрсож буй хөөрхий бүсгүйг сэрээлгүй сэмээрхэн өрөөнөөс гарлаа. Би тэнд байлаа гээд юуг ч өөрчилж чадахгүй. Эмтэрч гэмтсэн сэтгэлийг нь бүтэн болгож чадахгүй. Миний ингэж яваа ч эцсийн дүндээ сүлд модны солиорол шүү дээ.
Цэнэг нь дуусаад унтарсан утсаа гаргаж нэг хараад эргүүлж халааслан, үүрдийн хань болсон янжуураа асаан хөл татарсан шөнийн гудамжаар ганцаар алхлаа. Саяхан орсон цас алхах бүр чахран дуугарч, сэтгэл үймрүүлэх бодлыг бага ч гэсэн сатааруулна. Мөнгөлжин, Алтжин, Нансалмаа, уулзаж амжаагүй байгаа Амина, дахиж уулзахгүй гэсэн Номингэрэл, орхиод гарсан Сайханзаяа. Хэнийх нь ч хувьд би хайрыг нь хүлээх эр хүн байж чадахгүй юм шиг итгэл алдраад нэг л сонин. Би бусдаас хайрыг авч л явсан болохоос эргүүлж хэнийг ч үнэн сэтгэлээсээ хайрлаж үзээгүй шүү дээ. Хэзээ нэгэн цагт хүний охин үрийг Номингэрэл шиг өнчрүүлэхгүй, Сайханзаяа шиг гомдоохгүйн тулд би жинхэнэ эр хүн байх ёстой.
Он гартал ахиад нэг ч шинэ жилийн баярт очихгүй гэж хатуу шийдлээ. Толгой дээр хуримтлагдсан асуудал хангалттай байхад дахиад нэмэхийг хүссэнгүй. Гэртээ ирмэгц ядарч туйлдсанаа ойлгон дэрэн дээр толгой тавингуут нам унтжээ.
Миний амьдралдаа хэзээ ч үзээгүй асар том гацуур мод. Би хамаг байдгаараа дээш өлийвч орой нь үл харагдана. Тэгтэл хөлийн чимээ дуулдан газар нүргэлэн доргилсоор гацуурын цаанаас нөгөө сахалтай өвгөн пар пар инээсээр гараад ирэв. Өвгөн ч гэсэн модноос дутахгүй аварга том. Палбигар монгол гутлаараа юу юугүй намайг гишгэх нь.
Өчүүхэн жаахан би амь зулбан зугттал “Наашаа наашаа” гэж нэг хүн намайг дуудаж байна. Авралын дуу гарах зүгт гүйе гэтэл ердөө хурдан гүйж болдоггүй. Өвгөн ч хурдан байна гэж жигтэйхэн. Гэтэл нөгөө дуу “Хурдан хурдан. Би чиний жинхэнэ хайр шүү дээ” гэж байна шүү. Би эцсийн хүчээ шавхан гүйтэл гүн хавцал руу уначихлаа.
Татвагасхийн сэрэхэд сэрүүлэг хангинаж байлаа. Он солигдоход хоёр гуравхан өдөр үлдчихсэн байдаг. Одоо гацуурын бараа харагдвал нүдээ аниад, өнөө бүсгүйчүүлийн хэнтэй нь ч уулзахгүй юм шүү гэж өөртөө амлаад гэрээсээ өөдрөг бодол дүүрэн гарлаа.
Ажлын нэг өдөр эхэлдгээрээ эхэлж, ажил дүүрэн оволзоно. Гэвч миний сэтгэлээс дурласан бүсгүйчүүд минь салж өгдөггүй. Завсар л гарвал инээмсэглэл нь, адтай инээд нь, хөөрхөн алаг нүд нь ээлжилж харагдаад зүрхээ хаданд хавчуулчихсан юм биш бачуухан. Яадаг юм ядаж Аминатай ганцхан удаа уулзаж үзэхсэн гэж ч бодогдох шиг.
“Болороо, хүн уулзъя гэнээ”. Надтай хэн уулзах гэснийг бодож ч амжилгүй үүдэнд хүрвэл тас хар үсээ улам ч гоё янзалчихсан, хацраасаа улаа бутруулсан үзэсгэлэн бүсгүй зогсож байлаа. Бараг л таньсангүй. Юу нь ч юм өөрчлөгдөөд тэр бүр залуужчихаж. Эмчийн цагаан хувцас, цаанаа л нэг гунигтай инээмсэглэлээ таягдаж хаяад ч тэр үү гайхам өөр болчихсон Нансалмаа надруу инээмсэглэн зогсоно. Нээрээ уулзах болзоогоо мартаад таг чиг болчихсон болохоор гайхах нь хэр биз.
Би ч түүнийг хармагцаа л бат хатуу шийдсэн бодол санаа хумхийн тоос болон сарниж, гэрэл цацруулан туяарах түүнийг хүнээс санаа зоволгүй тэврээд үнсмээр санагдлаа. “Чи чинь яагаад таг алга болчихов оо? Санаа зовоод ирлээ. Завтай бол өдрийн хоол хамт идэх үү?” Яаж би түүнд татгалзах билээ.
Хоол идэж суухдаа би тавагтай хоолондоо хааяа л нэг ам хүргэж түүнийг ширтээд л байлаа. Хараад хараад ханасангүй. Тэр үнэхээр хачин гоё болчихжээ. Шулуухан хар үсээ долгио оруулан зассандаа ч биш, бариу хар даашинз, сайхан хөлийг нь тодруулсан урт түрийтэй хар гутал өмссөндөө, эсвэл тод улаанаар уруулаа будсандаа ч биш дурласан учраас ингэж гэрэлтэж байгааг нь би мэдэрлээ. Хайр дурлал л түүний зүүрмэглэж асан гоо үзэсгэлэнг дуудан сэрээж ийм аз жаргалтай танигдамгүй өөр нэгэн болгочихож.
Надад хязгааргүй итгэж байгаа нь харцнаас нь илхэн. Хэдий түүнд би хайртай ч тэр итгэлийг дааж чадах болов уу гэхээс айлаа.
Дэлгэрэнгүй...