Monday, November 8, 2010

Аз жаргал


“Хүүе энэ чинь Саран мөн үү?” гэх дуун лангуун доогуурх бараагаа цэгцэлж суусан махлагдуу авгайг цочоолоо.
Толгойгоо өргөн харвал булган дээл нөмөрч, гарынхаа арван хуруунд бүдүүн алтан бөгжнүүд гялалзуулсан өөрийнх нь үе тэнгийн бололтой авч будаг шунх, үнэтэй хувцасны ачаар ч тэрүү дүүмэд харагдах авгай пааландуулсан цагаан шүдээ гайхуулах гэсэн мэт амаа том ангайн инээмсэглэх үзэгдэв.

-Сайн байна уу? Та чинь...
- Чи намайг нэг танихгүй л байгаад байнаа даа? Яагаав, би Ариунаа байна. Хоёулаа найм төгстөлөө нэг ангид байсан шүү дээ.
- Өө тийм байна. Ямар сонин хүн бэ.

Үе тэнгийн хоёр авгай дуу алдан хөөрөлдөж, ойр зуурын сонин хачин, удаан жил уулзаагүй сураг чимээ бүхнээ солилцлоо. “Том хүү Америкт доктор хамгаалаад, намайг зун урьсан шүү дээ. Энэ өвөл хүйтрэнэ гэсэн, тэгэхээр Америк, эсвэл Герман явж өвөлжинө дөө. Чи мэдээгүй билүү, охин маань бас Германы иргэн болсоон. Манай өвгөн яамандаа л.” Ариунаагийн амьсгаа авахгүй шахам үргэлжлүүлэн урсгахыг Саран чимээгүй сонсож суулаа. Ар өврөөр нь сонин, сэтгүүл авах гэсэн хүмүүс зүтгэхийг ч үл хайхран, өнгөтэй өөдтэй амьдарч буйгаа гайхуулах гэсэн шиг зогсоо зайгүй ярин, хээлэн будсан урт хумстай гараа савчих нь тэртээ гучин жилийн өмнөх Ариунаа төдий л өөрчлөгдөөгүйг харуулах шиг.

“Ингэхэд танай хүүхдүүд юу хийж байна? Чи ямар хүнтэй суулаа байз?” Өөрийнхөө тухай арай гэж ярьж дууссан бололтой Ариунаа гөлийлгөөд татчихсан юм шиг үрчлээгүй шахам нүүрээ улам ойртуулан, нүдээ гялалзуулан асуулаа. Хэргээр ингэж асуусныг нь мэдсэн ч тоосонгүй, Саран “Хүүхдүүд маань ажлаа хийцгээгээд л. Надад нэг ийм лангуу түрээсэлж өгсөн юм. Зүгээр суух эвгүй болохоор энд ингэж суух дажгүй байдаг юмаа” гэж намуухан өчлөө. Ариунаа ахиж олон зүйл шалгаасан ч Саран олигтой хариулсангүйд урам нь хугарсан бололтой, “За за найз нь явлаа. Гоо сайханд цаг авчихсан чинь бараг өнгөрчихөж. Тэгж байгаад манайхаар очоорой. Хууч хөөрцгөөе” гэсээр шагай шүргэсэн урт булган дээлээ намируулсаар гарч одов.

“Би сая нөгөө Сарантай тааралдаад. Юу ямар гэж. Манай ангид байсан. Хөөрхий ядарч яваа юм шиг байнаа. Нэг муу сонин зардаг лангуу шүү юман дээр сууж байх юм. Үгүй хэн мэдэхэв дээ. Нөхөр нь архи уудаг ч билүү”...Хаалгаар гараагүй шахам байж утсаараа хэн хүн сонстол чангаар ярихыг нь дуулсан Сарангийн нүдийг юм бүрхээд авах шиг боллоо. Магад өөрт нь л дуулгах гэж ингэснийг нь гадарлавч ингэтлээ муу санах шалтгааныг бодоод бодоод олсонгүй. Хэдэн хүүхэд нь бүгд ажил төрлөө хийцгээж, бүтэнсайн өдөр бүр хоёр өрөө байранд нь багтаж ядан цуглаж гарынх нь цайг уун шуугилдахад Сарангийн бүх ядаргаа арилах шиг санагддаг. Тэтгэвэрт гарсан ч гэлээ гараа хумхиж суухын оронд том хүүгийнхээ түрээсэлж өгсөн энэ лангуунд хүмүүст хэрэгтэй сонин, сэтгүүлийг нь хүргэж, олонтойгоо мэндтэй устай явах сайхан санагддаг. Ингэлээ гээд хэн нэгэнд хөөрхийлөгдөх ёстой гэж үү? Заавал Америк, Герман явж үнэтэй цайтай эд хэрэглэлээ гээд аз жаргалтай, олонд гайхагдсан хүн болох хэрэг үү? Хүний аз жаргалыг иймхэн л хэмжүүрээр хэмжиж болох билүү?

Бодох бүр дотор бачууруулан байсан хөвөрсөн бодлыг нь “Эмээ, эмээ, би хоол авчирлаа” гэх цангинасан дуу таслав. Ач охиныхоо эмээдээ таалагдаасай гэж гараа гаргаж хийсэн банштай шөлийг амтархан идэх зуур, охиныхоо шулганан ярих олон үгийг сонсон хариулах гэсээр сэтгэлд нь хоромхон зуур буусан хар сүүдэр ор мөргүй арилжээ. Үрчлээ суусан магнайд нь дааварлах хөлсний дуслууд өөр юутай ч үл зүйрлэх амьдралын амтыг илтгэнэ.

Биеэ гайхуулан, өөрийг нь доош хийгээд байхад тэнэг юм шиг дүлий дүмбэ царайлсаар өөрийг нь явуулсанд Ариунаагийн хор шар хөдлөн, үнэтэй засуулсан хумсаа алгандаа шигдтэл атгаж суув. Харваас ядуу зүдүү амьдарч байгаа хэрнээ юу ч болоогүй мэт тайван байсан нүднийх нь харцанд өөрийн эрхгүй атаа нь хөдлөнө. Сүүлийн гучин жил эд хөрөнгө, эрх мэдлийн төлөө амарч үзээгүй цохилсон зүрх нь хэзээ ч тийм амар амгаланг мэдрээгүй шүү дээ. Хүү нь ч, охин нь ч ядахнаа утсаар мэндийг нь мэдээгүй бараг сар илүү болж байна. Ажил ажил гэсээр гэрийн бараа үл харах нөхөртөө энэ бүхнийг хэллээ ч тоохгүй нь мэдээж. Сураг тасарсан ангийнханаасаа хөөцөлдөн байж Сарангийн байгаа газрыг мэдэж, атаархлыг нь төрүүлэн гонсгойлгох гэж зорьж ирсэн нь ийнхүү бүтэлгүй болжээ. Гялгар цагаан машин ардаа тас хар утаа татуулсаар давхиж одлоо.

7 comments:

Umi said...

Амьдралаа гэж...


Сайн уу? Айл хэсч явжээтэл танайх гэдэг айл байж байна.

Гоё бичжээ. Нүдэнд харагдтал.

freestyle529 said...

Сайн уу? Би танайд сэтгэгдэл үлдээдэггүй ч өдөр болгон орж уншдаг ш д. Өнөөдөр ч уншсан.
Аз жаргалын тухай бодож суутал ингэж санагдсан юм, баярлалаа.

LuZa said...

Өө УМа сээн сээноо хаха гэрт нь мэнд мэддэгүйм байж энд асуучий гэснээс хөөрхөн хүүхэн мэн ч сээноооооо энэ муу банжиг орж гараад байхаар бүүр юм бичих сонирхолгүй болчхын тээ

өө нээрээ энгийн хэрнээ нэг тийм гоя болж

freestyle529 said...

Луза сайн уу. Харин банжиг ёстой биш байнөө. Сурж дассан болохоор уг нь тэндээ л баймаар байхийм...
Баярлалаа.

Umi said...

Luza Freestyle aa sain uu 2oo geel tee. Hehe. Hundluntuud. Dandaa zochildogt bayarlalaa. Bi chinii blogiig arai uur bsn shig sanaad

Umi said...

Bi taayriig hurshuu bolgoson.

freestyle529 said...

Хөршөө болгоно гэж яадийн? Би блогспотын тухай юу ч мэдкү ш д :)